Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-01
Тогтоолын дугаар 243
Хэргийн индекс 106/2016/0609/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.С
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 534 дүгээр магадлалтай, Б.С-д холбогдох эрүүгийн 201526030696 дугаартай хэргийг шүүгдэгч Б.С-, түүний  өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Халзан овогт Бэх-Очирын Сайнтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 64 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.С-д 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-гийн цагдан хоригдсон 64 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… ийм хэрэгт холбогдоно гэж бодсонгүй, үнэхээр харамсалтай гэнэтийн зүйл болсонд маш их харамсаж, шаналж, гэмшиж байна. Энэ хэрэг санамсар болгоомжгүй үйлдэл, архи, пивоны хор уршиг ямар аймар үр дагаварт авчирдгийг би маш их ойлгож маш их харамсаж байна. Дээрх хэргийг хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй болсон үйл явдлын гэм бурууг үнэн бодитоор шударга зөвөөр шүүх хянан шийдвэрлэж өгөхийг эрхэм шүүгчдээс миний бие хүсч байна. Тэгээд л эмнэлэгт хүргэгдсэн үеэс шаардлагатай мөнгө, төгрөг өгч, эргэж тойрч асууж очиж байсан. Би өрх толгойлсон эмэгтэй, охидоо өлсгөж, цангаахгүй юмсан, бусдаас дутуу өсгөхгүй юмсан гэж чадах ядахаараа ажил голохгүй хийж том охиныхоо сургалтын төлбөрийг хүнээс гуйхгүй төлж, охидынхоо төлөө бүхнийг зарцуулж амьдралаа авч явсан. Түрээсийн байранд амьдарч, ажилуулж байсан караоке маань мөн л түрээсийн байсан. Ар гэрээс нь нэхэмжилж байсан бүхий л зардлыг би өөрийн зарах боломжтой бүх эд хөрөнгийг зарж, мөн аав, ээж, хамаатан садан, найз нөхөд бүгдээс нь мөнгө цуглуулж 6.850.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Лхагвасүрэн гуайд бэлнээр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж өгсөн. Үнэхээр амьдралын төлөө, ажлаа хийж яваад ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Та бүхэн миний хүнд амьдрал, болсон явдлыг тунгаан шүүж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би гэрэл гэгээтэй амьдралыг хүсэж 3 охиныхоо төлөө өдөр шөнийн ялгалгүй зүтгэж явсан жирийн нэг ядарсан эмэгтэй. Би холбогдсон хэрэгтээ маш их харамсаж, шаналж, гэмшиж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 хэсэгт заасан шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэлээ тодорхойлж чадаагүй, нотлох баримтуудыг харгалзан үзээгүй, гэмт хэрэг яагаад үйлдэгдсэнийг тодорхойлж чадаагүй. Давж заалдах шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл байна. Нотлох баримтын хувьд хоёр гэрчтэй хэрэгт зөвхөн нэг гэрчийн мэдүүлгээр хохирогч Л.Амарсанааг түлхсэн нь санаатай үйлдсэн хэрэг гэж үзсэн. Түлхэх, маажилцах, цохих гэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байхад гэмт хэрэг үйлдээгүй болохыг өөр гэрч мэдээлсээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хэргийг нотлох баримт үнэлэх тухай хэм хэмжээг харгалзан үзээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь гэм буруугүйн асуудлыг оновчтой тодорхойлж өгөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотолбол зохих зүйлийг зөв ойлгож хэрэглээгүй. Анхан шатны шүүх нь гэм буруугийн асуудлыг санаатай үйлдэгдсэн гэж үзсэн боловч шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд гэм буруугүйн асуудлыг өөр байдлаар тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй хэт нэг талыг баримталж шүүхийн шийдвэр гаргасанг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэргийн гэм бурууг шийдвэрлэх бүхий л асуудлыг эрүүгийн хэргийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний нотолбол зохих нотлох баримтуудыг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн учир хэргийг анхан шатны хэлэлцүүлэгт буцааж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч Б.С- нь 1 нас 4 сартай бага насны хүүхэдтэй. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хүүхдийн асрамжийн асуудлыг тусгаж өгөөгүй, хэний асрамжинд үлдэх, хэн асрамжлах  гэдгийг  тогтоож өгөөгүй нь алдаа болсон. Гэм буруугийн хувьд санаатай байдлаар хүний биед хүнд гэмтэл учруулж, үүний улмаас нас барсан гэж дүгнэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын үндэслэл нь нотлох баримттай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэрчийн мэдүүлгийг үнэлүүлэх шаардлагагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... шүүгдэгч Б.С- нь 2015 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хохирогч Л.Амарсанааг заамдан түлхэн унагаан амь насанд аюултай гэмтэл учруулж 5 хоногийн дараа нас барсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-д хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсаны улмаас хохирогч нас барсан гэсэн үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хоёр өөр ойлголтоор дүгнэлт хийсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн мөртлөө ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйл заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.С- нь хохирогч Л.Амарсанаагийн амь насанд аюултай гэмтлийг шууд санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хохирогч нь гэмтлийг авсан үеэсээ ухаан орохгүй байсаар үхэлд хүрсэн нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгч Б.С-г хүнийг алсан гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг өөрчлөн оногдуулж, магадлалд өөрчлөлт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүгдэгч Б.С- нь 2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Дээжис” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Л.Амарсанааг түлхэж унагаан “гавал тархины битүү гэмтэл” бүхий хүнд хохирол учруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй байдлаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх энэхүү “түлхэж унагасан” үйлдлийг хохиролд зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэрэг гарах үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Маргалдагч этгээдийг өөрөөсөө холдуулахаар түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтонд хамаардаг бөгөөд зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсч хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс гэмт хэрэгт шинээр тооцогдсон “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулийг буруу тайлбарлаж буцаан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “гэмт хэрэг санаатай үйлдээгүй” гэсэн гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах хорихоос өөр төрлийн ялыг шинээр хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт тул шинэ хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Б.С-д 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдал буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 534 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.С-г бусдыг болгоомжгүйгээр алсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.С-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Б.ЦОГТ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН