Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-08
Тогтоолын дугаар 252
Хэргийн индекс 120/2017/0012/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч А.Э, Г.Б
Зүйл заалт 094.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

А.Э, Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, А.Эрдэнэцогт

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалтай, А.Э, Г.Б нарт холбогдох эрүүгийн 201403000456 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат, Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Наранчимэгийн эсэргүүцлээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Ардын армийн тусгай шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Халх Боржигон овогт А.Э нь Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Буянхишигт Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Эыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, “ТИГР” загварын буу, “ТОЗ-8М” загварын гол төмөр м24317, замаг 2491 дугаартай буу, 7.64 мм-ийн гол төмөр 725243002, замаг 023 дугаартай “ZKK-600” загварын буу, 1939 онд үйлдвэрлэгдсэн “Маузер-98” бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй бууг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, мөрдөн байцаагчийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 26-57 АРХ дугаартай “Пикап” загварын 9.000.000 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг Урангийн толгой хорооллын 3-4 тоот 1726 м2 талбайтай 5.000.000 төгрөгийн үнэ бүхий газар, 300 м2 талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12.000.000 сая төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд зүйлсийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсны төлбөрт шүүгдэгч А.Эаас 5.953.755 төгрөг гаргуулж Г.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангахгүй орхиж, Г.Амаржаргал нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч А.Эад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Э, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Э, Г.Б нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, 26-57 АРХ дугаартай “Пикап” загварын 9.000.000 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг Урангийн толгой хорооллын 3-4 тоот 1726 мкв талбайтай 5.000.000 төгрөгийн үнэ бүхий газар, 300 мкв талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12.000.000 сая төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, “ТИГР” загварын бууг А.Эад, “ТОЗ-8М” загварын гол төмөр м24317, замаг 2491 дугаартай бууг Ч.Түвдэннямд, карбин загварын гол төмөр 725243002 бууг Г.Буянхишигт, 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй бууг Ч.Түвдэнням нарт тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч Г.Амаржаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, А.Эрдэнэцогт нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Э бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч нарын мэдүүлгүүд тогтвортой биш, гэрч Г.Буянхишигийн мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байхад А.Эыг машинд хохирогчтой хамт байсан гэсэн үндэслэлээр болгоомжгүйгээр буу алдаж хохирогчийн амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Эыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж хуулийг буруу тайлбарлан, шүүгдэгч А.Эын “ТИГР” загварын буугаар үйлдэгдсэнийг нотолсон нотлох баримтуудыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Эыг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Наранчимэг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 12 дугаар хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд “… мөрдөн байцаалтын явцад болсон асуудлыг сэргээн дүрслэх зорилгоор туршилт хийж, тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн бөгөөд  талийгаач Т.Чоёнжүрмэд нь шүүгдэгч А.Эын эзэмшлийн “Тигр” загварын буугаар өөрийгөө буудах боломжгүй, буудлага үйлдэгдэх үеийн “Тигр” загварын бууны байрлалаас харахад хүний гарын гох дарах үйлдлээс өөрөөр бууны гохонд хүрч татагдах, тээглэх гэх мэт үйлчлэлийн улмаас буудлага үйлдэгдэх боломжтой эд зүйл тухайн тээврийн хэрэгсэлд байгаагүй нь тогтоогдсон байна. Шүүгдэгч А.Э, Г.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон, тэдгээрийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч А.Э, Г.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яаж буудсан нөхцөл байдлыг одоо хүртэл нотлож чадаагүй. Хэрхэн, яаж буудсан үйл явдлыг тогтоогоогүй байж анхан шатны шүүх шүүгдэгч А.Э нь Т.Чоёнжүрмэдийг буудсан гэж буруу дүгнэсэн. Болсон үйл явдлыг харахад А.Э, Г.Буянхишиг, Цэрэнсоном, Т.Чоёнжүрмэд дөрөв гэрээс гараад Цэрэнсоном нь дүү Чоёнжүрмэдэд винтов бууг сумтай өгсөн. Т.Чоёнжүрмэд винтов бууг сумлан машинд суухдаа Эрдэнэбатаас “миний буу таны буунаас урт уу” гэж асуусан бөгөөд үүний дараа буун дуу гарсан. Гэрч нарын анхны мэдүүлгээр “буу дуугарах үед А.Э машинд суугаагүй байсан” гэсэн бол дараа нь “А.Эыг машинд суусны дараа буу дуугарсан” гэж мэдүүлсэн. Хэрэг болох үед машин дотор ТИГР, ТОЗ-8М, калибр, карбин загварын дөрвөн буу байсан. Анхан шатны мөрдөн байцаалтын туршилт хийхэд гэрч нар 3 бууг нуусан учир  А.Эын буу буудагдсан асуудлаар хэрэг шалгагдсан. Миний буу зөвшөөрөлгүй тул та өөрийн буугаар буудсан болоорой хэмээн Цэрэнсоном шүүгдэгч А.Эад хэлээд үлдсэн 3 бууг нуусан. Машин дотор байсан ТИГР загварын буугаар буудагдсан бол тус буу нь автоматаар өөрийн хонгиог гаргадаг. Бууны хонгио машин дотор байх ёстой боловч нэг ч бууны хонгио байгаагүй. Харин винтов загварын буугаар буудсан тохиолдолд хонгио нь буун дотроо үлддэг. Чиний буугаар дүү чинь өөрийгөө буудчихлаа гэж А.Э нь Цэрэнсономд хэлэхэд буугаа аваад Цэрэнпэлжээд “бууг нуу” гэж хэлсэн. Эдгээрийг нуун дарагдуулсан учир мөрдөн байцаалт буруу явагдсан. Шүүгдэгч А.Э машинд байсан, мөн түүний буун дээр зөвхөн туршилт хийгдсэн учир түүний буугаар буудсан гэж дүгнэсэн. Машинд байсан буунууд дээр туршилт хийхэд 7.62 мм-ийн хоёр бууны нэгээр буудагдсан байх боломжтой гэж дүгнэсэн. Аль буугаар буудсаныг тогтоож чадаагүй. Шүүх хуралд прокурор “аль буугаар буудсаныг бурхан” мэднэ гэж тайлбар хийсэн. Хэрэг шалгах явцад гэрч Цэрэнсоном, Цэрэнпэлжээ, Жанлавцогзол нар худал мэдүүлэг өгсөн. Цэрэнпэлжээ, Жанлавцогзол нар нь хэргийн болсон үйл явдлыг хараагүй, хэрэг дууссаны дараа хэргийн газарт ирсэн. Их тамир сумаас Цэрэнсономынд буцах замд ТИГР загварын буунд магазин хийсэн асуудлыг шүүгдэгч Г.Бгэрчилдэг. Машинаас буухдаа магазиныг салган халаасалж, бууг машины голд шүүгдэгч Г.Бүлдээсэн. Тийм учраас ТИГР маркийн буугаар буудагдаагүй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч А.Эрдэнэцогт хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... прокурорын эсэргүүцэлд магадлалын хууль зүйн үндэслэлийн талаар дурьдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байна. Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд гар хийцийн 7.62мм-ийн винтов, 7.62мм-ийн ТИГР загварын сумны үйлчлэлээр нас барсан байх боломжтой гэсэн. Аль буугаар буудагдсаныг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Прокурор эсэргүүцэлдээ шууд бус нотлох баримтыг татан, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргасан. Гэрчүүд зориуд санаатайгаар худлаа мэдүүлэг өгдөг, мэдүүлгээ өөрчилдөг ийм нөхцөлд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх магадлалаар буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, харин дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э нь 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн Их тамир сум, Хан-Өндөр багийн нутаг “Хуурай” гэх газарт өөрийн эзэмшлийн “Ниссан пикап” загварын 26-57 АРХ дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Тигр” загварын буугаар /буу алдаж/ хохирогч Т.Чоёнжүрмэдийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Буянхишигт холбогдох мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэх Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч нар болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоох, шалгах зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байцаан шийтгэх ажиллагааны үр дүнд цугларсан баримт сэлт, мэдээллийг гэрчийн мэдүүлгийн нэгэн адил нотлох баримтад тооцдог болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэг, нэгжлэг, туршилт, шинжилгээгээр тогтоогдсон баримт сэлт, мэдээллийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэх замаар бус дан ганц гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж “гэрч нарын мэдүүлэг тогтвортой бус эрс зөрүүтэй, бууны хонгиог олоогүй байж А.Эыг тээврийн хэрэгсэлд хамт байсан гэх үндэслэлээр буу алдаж хохирогчийн амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь эргэлзээтэй” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлсөн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэжээ.

Гэмт хэрэг гарсан байдлыг дан ганц гэрч нарын мэдүүлгээр бус мөрдөн шалгах ажиллагааны арга, хэрэгслийн тусламжтайгаар сэргээн тогтоосон баримт сэлтийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлах замаар хэргийн бодит үнэнийг тогтоодог билээ.

Шүүгдэгч А.Эын “буу дуугарах үед машинд байгаагүй, буу дуугараад машинд орсон” гэх мэдүүлэг нь хэргийн газар байсан гэрч Г.Буянхишиг, Т.Цэрэнсоном, Д.Банзрагч нарын мэдүүлгээр няцаагдаж, худал болох нь нотлогджээ.

Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Чоёнжүрмэдийн толгой болон тээврийн хэрэгслийн бүхээгт үүссэн нүх, гэмтэл нь 7.62 мм-ийн калибртай буугаар буудагдаж үүссэн нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан тээврийн хэрэгсэлд байсан 7.62x54 мм-ийн калибртай сумаар бууддаг “тигр” загварын буу тээврийн хэрэгслийн урд, жолоочийн суудлын хажууд, бууны хошуу арын суудал руу чиглэсэн байдалтай, гар хийцийн буу нь тээврийн хэрэгслийн арын суудалд хохирогчийн хажууд байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Зэвсгийн шинжээч “тигр” загварын буу нь гох дарагдахаас бусад тохиолдолд буудлага үйлдэхгүй гэж дүгнэсэн ба туршилтаар хохирогч нь буудагдсан гэх байрлалаас жолоочийн хажууд байсан “тигр” бууны гохонд хүрч буудлага үйлдэх боломжгүй болохыг сэргээн тогтоосон бөгөөд шүүгдэгчийн  мэдүүлсэн буу байсан гэх байрлалаас буудлага үйлдэгдсэн гэж үзвэл сум хохирогчийг онохгүйн дээр тээврийн хэрэгслийн бүхээгт үүссэн гэмтлийг үүсгэх боломжгүй болох нь нотлогдсон тул “хохирогч өөрөө буу алдсан” гэх шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ.

Иймд нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч А.Эын болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах тул анхан шатны шүүх оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, мөн аймгийн эруү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                  Б.ЦОГТ  

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН