Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-10
Тогтоолын дугаар 263
Хэргийн индекс 142/2017/0129/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 096.1., 100.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

хохирогч Б.Эрдэнэмөнх,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 81 дүгээр магадлалтай, Б.Бд холбогдох эрүүгийн 201614000523 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хаминиган овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Тарчлаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 5 жил 1 хоног хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногоор тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 442.820 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэмөнхөд олгохоор шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, О.Сарантуул нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… 2015 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө эхнэр бид 2 ажлын газрын Чүлтэмсамбуугийнд хамт архи уусан. Гэртээ ирсэн хойноо эхнэр над руу үг хэлээр дайрч доромжлон, хоолой боож, нүүр, гар, хүзүү маажин самардан маргалдан зодолдсон. Уг зодооны асуудлаар эхнэр бид 2 тухайн үед хэн хэндээ гомдол санал байхгүй гэж цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн. Хүнд гэмтэл гээд байгаа шархаар 5 хоног эмнэлэгт хэвтсэн. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгээс Эрдэнэмөнх гарснаас хойш нэг ч удаа уг шархаар өвдөж байгаагүй. 2016 оны 9 сард энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад уг гэмтлийг хүнд гэсэн. Гэтэл хүнд гэмтэл нь тухайн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны оёо тавиулаад эдгэсэн тул би гэмтлийн зэргийг зөвшөөрөхгүй, өмгөөлөгч хүсэлт тавьсан боловч шинжээчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн. Энэ гэмтлээс шалтгаалж надад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан. Уг гэмтлийн улмаас хагалгаанд хохирогч ороогүй, эмчлэгч эмч Оюунбаяр нь зүгээр байна, шингэн алга, гарч болно гэж хэлж байсан. Ингээд би Эрдэнэмөнхийг эмнэлгээс гаргаж байсан. Давтан шинжээчийн дүгнэлтээр шингэн хуралт гэсэн онош тавигдсан нь үндэслэлгүй. Мөн гэрэл зураг нь байсныг хэрэгт хавсаргуулсан. Уг зураг нь буруу авсан зураг байсан. Иймээс дараагийн зургийг аваад эмч зүгээр гэсэн. Шинжээчийн дүгнэлт үнэхээр эргэлзээтэй тул дахин үүнийг шалгуулж бодит үнэнийг үнэн зөвөөр тогтоолгохыг хүсч байна. Үнэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар гэмтлийг тогтоовол надад гомдох юм алга. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц байдал тогтоогдсон байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд гэмт хэргийн талаар гарсан үйл баримт нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт судалсан рентген зураг, нотлох баримтуудын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг үндэслэлгүй байна гэж няцаасан дүгнэлтийг гаргаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар няцаалтыг баримттай дүгнэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. Нотлох баримтыг үнэлэх ажиллагаа дутуу хийгдсэн буюу шүүхээр судлагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байдлыг бий болгосон. Давтан шинжээчийн дүгнэлтэд оролцсон Буянзаяа нь шинжээчээр ажиллах лицензээ аваагүй байсан. Эхний гарсан шинжээчийн дүгнэлт дээр давтан шинжээчийн дүгнэлтийг нэмэн “шингэн хуралдалт” гэсэн онош гаргасан. Гэмтлийн зэргийг тогтоох шалгуур шинжийн хувьд үзэхэд хохирогч Б.Эрдэнэмөнхийн амь нас аюултай байдалд байсан эсэх, хурсан шингэнийг хэрхэн авсан талаар эмчийн бичиг байдаггүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн шинжилгээний объект буюу хохирогч Б.Эрдэнэмөнхийн биеийг үзээгүй, шинээр шинжилгээ хийлгэж гэмтэл авах үеийн болон одоогийн нөхцөл байдлыг харьцуулаагүй, хэргийн материалд авагдсан баримтуудыг үндэслэн гаргасан нь эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Эргэлзээтэй нотлох баримтыг үнэлэн шүүхээс шүүгдэгч Б.Быг хүнд гэмтэл учруулсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхрийн хооронд болсон асуудал учир хохирогч гомдлоо буцаан татсан үндэслэлээр прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хохирогч болон гэрчийн мэдүүлэг, мөн эмчийн бичгүүд дээр үндэслэн тодорхой хугацааны дараа шинжээч үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч ял эдлэх дэглэмийг зааж өгөөгүй учир нээлттэй хориход ял эдлүүлэх гэсэн өөрчлөлтийг оруулах саналтай байна” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн 5-10 дугаар байрны 11 тоот гэртээ согтуурхаж өөрийн эхнэр Б.Эрдэнэмөнхийн цээж рүү хутгалж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд тухайн үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний буюу 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар уг ялаас 2 жилийг өршөөн хасч, үлдэх 3 жил 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэн Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн тохиолдолд Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжгүй болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй.

Хохирогчийн амь насанд шууд аюул учирч амь тэнссэн байдалд хүрсэн, эсхүл гэмтлээс үүссэн үлдэц уршиг нь хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр буюу 35-100 хувь алдагдуулсан шалгуур шинж нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарах бөгөөд дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг үл харгалзан хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархыг гэмтлийн хүнд зэрэгт тооцдог болно.

Тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилох замаар хүний биед учирсан хохирол буюу гэмтлийн шинж байдал, хор уршгийг тогтоодог шинжээч нь гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцдаг хуулийн зохицуулалттай бөгөөд дан болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Эрдэнэмөнхийн цээжний зүүн талд “хэвлийн хөндий рүү нэвтэрсэн” хутганы шарх гэмтэл эргэлзээгүй байдлаар хөдөлбөргүй нотлогдсон байна.

Уг шарх, гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус, шингэн, агаар хуралдсан эсэх нь гэмтлийн зэргийг тогтооход нөлөөлөхгүй учир шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “... оёо тавиулж 5 хоног эмнэлэгт хэвтээд дахин нэг ч удаа уг гэмтлээр өвдөөгүй тул гэмтлийн хүнд зэргийг зөвшөөрөхгүй”, “... хор уршиг байхгүй, хохирлын хэр хэмжээ бага, байхгүй шахуу учир хүнд гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт үгүйсгэгдсэн” гэх гомдол үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 81 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     ДАРГАЛАГЧ,

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                  Т.УРАНЦЭЦЭГ

     ШҮҮГЧИД                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                  Б.ЦОГТ                                                                                                                  

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН