Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-17
Тогтоолын дугаар 273
Хэргийн индекс 142/2017/0092/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ц.Б, М.Г
Зүйл заалт 114.1., 147.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

М.Г, Ц.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар магадлалтай, М.Г, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 20161400367 дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сүрэн овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт М.Г нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Г, Ц.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, шүүгдэгч М.Гыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Гад Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Ц.Б нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ц.Батхаан, М.Г нарт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 246 хоног, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 222 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Төмөрбаатар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн прокурорын газраас Ц.Б-д Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 1, 3, 4 дүгээр заалтыг шүүгдэгч М.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, “Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Гад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Ганзориг хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “… давж заалдах шатны шүүх М.Г, Ц.Б нарыг бүлэглэж хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад М.Гыг   ганцаараа хохирогч Г.Төмөрбаатарын эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. М.Гын Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх М.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг буюу “Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гад холбогдох хэргийг Эрүүгийн   байцаан   шийтгэх   хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож эрс зөрүүтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд М.Г, Ц.Б нарт холбогдох хэрэгт хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн Эрүугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “... давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Гын хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдлийг хүч хэрэглэлгүй эд зүйлийг дээрэмдсэн гэж зүйлчилж, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан үйлдлийг хүчингүй болгосон. Шүүгдэгч М.Г, Ц.Б нарт холбогдох хэрэг нь шөнийн 00 цагийн үед, хохирогч Г.Төмөрбаатарын орцонд буюу гэрийн үүдэнд үйлдэгдсэн. Хохирогч Г.Төмөрбаатар хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдагдалтай, хүн харахад согтуу юм шиг харагддаг. Бодит байдал нь хүнд үнэмшилтэй дүр зураг үүсгэдэг бол худал хуурмаг зүйл итгэл үнэмшил төрүүлдэггүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх үнэн, бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй байна. Гэмт хэрэг болсон үйлдлийг шатлан харахад эхлээд хохирогч Г.Төмөрбаатарыг боож гэрийнх үүдэнд унагаасан. Хохирогч Г.Төмөрбаатар ухаан балартсан байсан тул хэдэн хүн түүний утсыг дээрэмдсэнийг мэдээгүй бөгөөд түүний охин хүн унах чимээгээр хаалга онгойлгоход 2 хүн зугтсан байдаг. Гэмт хэрэг болсон газраас 2 хүн зугтсаныг гэрчилсээр байхад давж заалдах шатны шүүх шатаар гүйж байсан 1 хүн гэж дүгнэсэн. Нотлох баримтуудад бодит дүгнэлт хийж чадаагүйн улмаас давж заалдах шатны шүүх магадлалдаа зүйл анги буруу бичсэн. Мөрдөн байцаалтын шатанд болсон үйл явцыг дандаа араас нь сэргээн тогтоодог. Хэсэгчлэн бус, бүхлээр нь нотлох баримтуудыг дүгнэвэл бүлэглэн, хүч хэрэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож байна. Хэргийн бодит байдлын талаар анхан шатны шүүх үнэн, зөв дүгнэлт хийснийг шийтгэх тогтоолоос харж болно. Шүүгдэгч Ц.Б хэрэг үйлдэгдэх явцад 2 давхарт байсан гэж мэдүүлсэн. Гэтэл хэрэг 4 давхарт үйлдэгдсэн бөгөөд гэрч Т.Ургамал 4 давхраас 2 хүн гүйснийг гэрчилдэг. Шүүгдэгч М.Г, Ц.Б нар орцноос гаран зугтахыг гэрч М.Цогбаатар харсан байдаг. Хэргийн газраас зугтахыг харсан гэрч Т.Ургамалын мэдүүлгийг үнэлэлгүй, шатаар гүйж яваа 2 хүнийг харсан гэж шүүх дүгнэх нь буруу. Хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.Г нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд хохирогч Г.Төмөрбаатарын амь биед аюултай аргаар буюу хоолойг нь боож гар утас, тамхины асаагуурыг нь дээрэмдэж 120.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй байдлаар нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч М.Гыг тухайн гэмт хэрэгт насанд хүрээгүй Ц.Б-г хүч хэрэглэхээр заналхийлж татан оролцуулсан, Ц.Б нь дээрмийн гэмт хэрэгт бүлэглэж хамтран оролцсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Гад холбогдох Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж зөвтгөн засч, шүүгдэгч М.Гад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзнэ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 2 жил гэж 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон 3 жилээс багасгаж тогтоожээ.

Мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шинээр хуульчилсан тул шүүгдэгч М.Гын хорих ял эдлэх дэглэмийг 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоох нь зүйтэй болно.

Гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан шүүгдэгч Ц.Б-ы хувьд дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж урьдчилан үгсэн тохиролцсон, тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гүйцэтгэсэн, зохион байгуулсан, хатгагч, хамжигчаар оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцэх тул Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-ныг хэргийн газар хамт байсан гэх үндэслэлээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх Ц.Б-ныг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцогдсон М.Гыг ялтай мэтээр тооцож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон гэж буруу дүгнэсэн байна.

Мөрдөн байцаалтаар шүүгдэгч М.Г нь хохирогчийн хоолойг боон ухаан алдуулж эд зүйлийг нь дээрэмдсэн нь хөдөлбөргүй нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх “илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэж илт хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож Сүрэн овогт Ц.Б-ныг цагаатгасугай”,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай”,

“Шүүгдэгч М.Гад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын Ц.Б-нд холбогдох бусад заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Гад холбогдох бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                  Б.ЦОГТ 

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН