Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-15
Тогтоолын дугаар 266
Хэргийн индекс 186/2017/0172/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.Ад-
Зүйл заалт 098.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

М.Ад-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч М.Ад-,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 584 дүгээр магадлалтай 201625032259 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй М.Ад- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Ад-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, М.Ад-г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Ад-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол түүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Дашдоржийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ад-гийн өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...анхан шатны шүүх Монгол улсын хууль зүйн сайдын А/126 дугаартай тушаалын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг цагаатгасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хохирогч Б.Тө-ийн гарыг хугалсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Тө-ийн үйлдлийн эсрэг мэх хийх нөхцөл байдал үүссэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Монгол улсын хууль зүйн сайдын А/126  дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсарган ирүүлсэн камерийн бичлэгт хэргийн үйл баримтаас харахад хохирогчийн зүй бус харьцаа, цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдлээс шалтгаалж цагдаагийн ажилтан өөрийн дотоод итгэлээр нөхцөл байдлыг үнэлж дүгнэн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хүч хэрэглэсэн үйлдлийг санаатай үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн М.Ад-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Ад-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх эрхтэй бөгөөд 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл, Хууль зүйн сайдын баталсан 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт зэргээр биеийн хүч хэрэглэх тодорхой тохиолдлуудыг нэрлэн заажээ.

Б.Тө- нь цагдаагийн алба хаагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцсэн, улмаар алба хаагч М.Ад- биеийн хүч хэрэглэн Б.Тө-ийг хяналтдаа авах зорилгоор өчих мэх хэрэглэх явцад зүүн гарыг нь хугалсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон камерийн бичлэг зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх М.Ад-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй боловч энэ талаар дүгнэлт хийхдээ Б.Тө-өд учирсан хор уршгийг хүсэж үйлдсэн нь тогтоогдоогүй буюу тэрээр Б.Тө-ийг хяналтдаа авах зорилгоор хэрэглэсэн өчих мэхний улмаас зүүн гарыг нь хугалж гэмтэл учруулсан нь эргэлзээтэй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь М.Ад- хууль болон дүрэмд заагдсанаар албан үүргээ гүйцэтгэх явцад зохих шаардлагыг биелүүлэхгүй байсан Б.Тө-ийн эсэргүүцлийг зогсоож, хүч хэрэглэн хяналтад авах үүднээс хуулиар зөвшөөрөгдсөн арга болох өчих мэх хэрэглэж, тухайн нөхцөл байдал, бусдад хор уршиг учирч болохыг ухамсарлах, мэдэх боломж түүнд байгаагүй тул түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв.

Иймд цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гомдлыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 584 дүгээр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар цагаатгах тогтоолын Тодорхойлох хэсэгт дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу” гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 584 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Б.ЦОГТ

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН