Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-27
Тогтоолын дугаар 07
Хэргийн индекс 137/2017/0119/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Х.Н., Н.М
Зүйл заалт 175.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Х.Н, Н.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц, Т.Даваажав, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 69 дүгээр магадлалтай, 201725030861 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Х-ын Н.

2. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Н-ийн М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Х.Н, Н.М нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н, Н.М нарыг тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602 төгрөгийн үнэ бүхий 5 кг 286,40 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602 төгрөгийн үнэ бүхий 5286,4 грамм алтыг улсын төсөвт шилжүүлэхээр Монголбанкинд олгосугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт хураагдсан 5286,2 грамм алтыг эд мөрийн баримтад тооцож, шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэн эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5286,2 грамм алтыг худалдан борлуулж орлогыг тусгай санд хадгалахаар заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласныг тогтоосон. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Хоёр шатны шүүх 5286,2 грамм алтыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоож чадаагүй, анхан шатны шүүх хураагдсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг улсын орлогод оруулж шийдвэрлэх талаар Эрүүгийн хуульд нарийвчлан зохицуулаагүй байхад алтыг “худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах”-аар шийдвэрлэсэн ба тусгай дансанд хадгалсан орлогыг хэрхэн зааж шийдвэрлэх талаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-аар мөн адил нарийвчлан журамлаагүй. Давж заалдах шатны шүүх 5286,2 грамм алтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд “Эд мөрийн баримт” гэж гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг ойлгоно. Эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээгээр шийдвэрлэж нь Эрүүгийн хуулийг ноцтойгоор зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдож байна.  Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл анги баримталсан.

Эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ гагцхүү дараах нөхцөлүүдэд хэрэглэхээр хууль тогтоох байгууллагаас хуульчлан өгсөн. Үүнд: Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого; хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх; /бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хэрэглэнэ/, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.

Иймд Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж тайлбарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 5286,2 грамм алтны үнийг Монгол банкнаас гаргуулж шүүгдэгч нарт буцаан олгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Даваажав хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын алтыг хурааж улсын орлого болгосон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н, Н.М нарын тус бүрийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгосон. Гэтэл шүүгдэгч нар 5 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох боломжтой тул ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье. Учир нь шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял өндөр байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Н, Н.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Н, Н.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Н, Н.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр зорчиж явахдаа хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох 5,286.4 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн,шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Н, Н.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Х.Н, Н.М  нарт холбогдох хэргийг тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Учир нь шүүгдэгч Х.Н, Н.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байсан боловч ял шийтгэлийг хөнгөрүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна.

Шүүгдэгч Х.Н, Н.М нарын Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5,286.4 грамм алтыг эд мөрийн баримт гэж дүгнэн улсын төсөвт шилжүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл эд мөрийн баримтад тооцогдоно.

Гэмт хэргийн эд мөрийн баримт нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, тэдгээрийн гэм бурууг нотлох эсхүл үгүйсгэхэд ач холбогдол бүхий эд зүйлс бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссаны эцэст зохих эзэмшигч, байгууллагад шүүхийн шийдвэрээр шилжих учиртай билээ. Харин эд мөрийн баримт нь тухайн гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинжид хамаарч байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тул хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН