Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 334
Хэргийн индекс 188/2017/0167/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч А.М, Б.Б
Зүйл заалт 272.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

А.М, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн  Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Н.Байгал, Э.Жавхлан, тэдний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Гантулга, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 561 дүгээр магадлалтай, 201423010066 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн М.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.М, Б.Б нарыг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар А.М, Б.Б нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар А.М, Б.Б нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.М-аас нийт 97,354,348 төгрөг гаргуулж Төрийн банкинд  82,854,348 төгрөг, иргэн З.Бямбасайханд 14,500,000 төгрөг тус тус олгох, шүүгдэгч Б.Б-оос 20,713,587 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байхаас гадна хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нэг мөр шалгаж тогтоох ажиллагааг хийсний эцэст А.М, Б.Б нарт холбогдох хэргийг зөв зүйлчилж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, өмгөөлөгч Б.Гантулга, Б.Ганбат, Ж.Батхүү нарын гомдлыг хэлэлцээгүй орхисон байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан хэмээн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Магадлалын хянавал хэсэгт "гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоох, өөрөөр хэлбэл бусдад учирсан нийт 118,067,936 төгрөгийн хохирлыг хэний буруутай үйлдлээс шалтгаалсныг хүн тус бүрээр нарийвчлан шалгах, мөн “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэм хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг тогтоож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Төрийн банк энэ хохирлыг үүсгэхэд буруутай байдал бий эсэх, бусдад учирсан хохирлыг хариуцах эсэхийг шалгах нь зүйтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ магадлалд дурдагдсан бүх үндэслэлийг нягтлан шалгаад шийдвэр гаргасан. Тухайлбал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоохын тулд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны журмаар хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцааж, улмаар нэмэлт мөрдөн байцаалтаар тухайн үед иргэн З.Бямбасайханы эзэмшлийн “Киа Бонго пронтер” маркийн автомашинд сууж явсан хүмүүс болох А.М, Ц.Туулбилэгт, П.Баттүвшин, Ц.Мөнгөншагай болон Б.Б нарын үйлдэл тус бүрийг нарийвчлан шалгасан. Үүнээс гадна хэний буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М, Б.Б нар албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас банкинд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг хавтаст хэрэгт авагдсан шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх огт шинжлэн судалж, шалгаж тогтоогоогүй мэтээр дүгнэж, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг саармагжуулсан. Учир нь магадлалын хянах хэсэгт дурдсан үндэслэлүүд нь анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхээс өмнө мөрдөн байцаалтаар нэг мөр тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Б.Гантулга хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Хэний татсан тамхины ишнээс болж гал гарсан бэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай, тогтоож чадахгүй учир албан тушаалдаа хайнга хандсан гэж прокурор зүйлчлэлийг өөрчлөн хэргийг шүүхэд ирүүлсэн. Зориулалтын тээврийн хэрэгслээр мөнгө тээвэрлээгүй А.М-ын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн Төрийн банкны өмгөөлөгч ярьж байна. Төрийн банкны удирдлагууд Хэнтий аймгийн салбарыг зузаатгалын зориулалтын машинаар нэг ч удаа хангаагүй. Мөн өөрсдийн хамаатнуудаар дамжуулан мөнгийг шуудангийн автобусаар явуулдаг байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Ганбат хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болон хохирлын хэмжээг бодитой тогтоож чадаагүй. Иргэний нэхэмжлэлд дурдагдсан банкны шатсан гэж байгаа  бүх эд зүйл Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2016 онд актлагдсан. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж нотолбол зохих байдлыг бүрэн нотлох шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “2014 оны 08 дугаар сарын 13-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5 хүнийг шалгаж байсан. Хавтаст хэргийн материалд галын хэд хэдэн удаагийн дүгнэлт  гарсан. Хамгийн сүүлийн дүгнэлтээр “зориуд галдан шатаах ул мөр илрээгүй, машины цахилгаанаас үүдэн гал гарах боломжгүй, шатамтгай материал дээр машины зорчигчийн талын нээлттэй цонхоор унтраалгүй хаясан тамхины цогтой иш унаж, гал гарсан байх үндэслэлтэй” гэжээ. Машин явж байх явцад банкны зузаатгалын мөнгө шатсан. Хайрцганд зузаатгалын мөнгө хийж ачиж явах замдаа архидсан нь Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан албан тушаалтан дүрэм, журмаар тодорхойлогдсон үүргээ биелүүлэлгүй, албан тушаалдаа хайнга хандсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх хэргийг шийдсэн. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл шалгагдсан учир магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн А.М, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.М нь Төрийн банкны Бор-Өндөр тооцооны төвд захирлын ажил үүргийг орлон гүйцэтгэж байхдаа зузаатгалын мөнгө болон банкны тавилга, эд зүйлсийг бусдын эзэмшлийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам”-ын заалтуудыг хангаж ажиллаагүйгээс гадна Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны А/426 тушаалаар батлагдсан “Ёс зүйн дүрэм”-ийн 2.3, 4.1 дэх заалтыг тус тус зөрчин банкны зузаатгалын мөнгө, эд зүйлсийг хариуцан авч явахдаа архидан согтуурч, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2014 оны 08 дугаар сарын 13-ны өглөөний 07 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сум, 1 дүгээр багийн нутаг “Өндөр довны энгэр” гэх газарт уг тээврийн хэрэгсэл болон тээвэрлэж явсан мөнгөнөөс 96,450,000 төгрөг, 7,117,936 төгрөгийн үнэ бүхий тавилга, эд зүйлс шатаж, хохирогч З.Бямбасайханд 14,500,000 төгрөг, Төрийн банкинд 103,567,936 төгрөг, нийт 118,067,936 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан,

Шүүгдэгч Б.Б нь Төрийн банкны Хэнтий салбарт захирлын ажил үүргийг орлон гүйцэтгэж байхдаа Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам”-ын заалтуудыг хангаагүй, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 13-ны өглөөний 07 цагийн үед шүүгдэгч А.М нарын Төрийн банкны Хэнтий салбараас Бор-Өндөр тооцооны төвд мөнгө, тавилга, эд зүйлсийг тээвэрлэж явсан 86-08 ХЭА улсын дугаартай “Киа Бонго Пронтер” загварын ачааны тээврийн хэрэгсэл шатаж, хохирогч З.Бямбасайханд 14,500,000 төгрөг, Төрийн банкинд 103,567,936 төгрөг, нийт 118,067,936 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.М, Б.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хууль болон 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч А.М, Б.Б нарын Банкны тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам, ажлын байрны тодорхойлолтын холбогдох заалтуудаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж хүнд хор уршиг учирсан, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан нөхцөл болон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн энэ хохирол үүсэхэд нөлөөлсөн буруутай байдал зэрэг үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, “хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нэг мөр шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх хохирлыг нөхөн төлөх үндэслэлийг тодорхойлж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол үүсэхэд нөлөөлсөн буруутай байдалд дүгнэлт хийж учирсан хохирлоос хариуцуулах эсэх асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй боловч энэ нь үйл баримтын бус эрх зүйн дүгнэлтэд хамаарах тул анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтад тулгуурлан өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах шатны шүүх өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

Шүүгдэгч А.М, Б.Б нар нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам”-ын холбогдох заалтуудыг хангаж ажиллаагүй шууд гэм буруутайгаас гадна энэ журмыг Төрийн банкны төв болон орон нутгийн удирдлагын зүгээс Хэнтий салбар, Бор-Өндөр тооцооны төвийн үйл ажиллагаанд хэвшин мөрдүүлж, биелэлтийг удирдан зохион байгуулж хяналт тавих үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж байгаагүй нь энэ гэмт хэрэг гарч онц их хэмжээний хохирол учирахад нөлөөлсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Иймд гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн өөрийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг багасгаж зарим эрсдэлийг хохирогчид өөрт нь хариуцуулах талаар Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан зохицуулалтын дагуу шатсан 96,450,000 төгрөгөөс шүүгдэгч А.М-ын хариуцах хэсгийг гуравны нэг хэмжээгээр багасгаж 50,490,942 төгрөг, Б.Б-ын төлөх хэсгийг мөн хэмжээгээр багасган 13,809,058 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгох өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэдийгээр А.М, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөрсөн боловч шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тэдэнд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүйд хүргэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч А.М-аас нийт 97,354,348 төгрөг, ...шүүгдэгч Б.Б-оос 20,713,587 төгрөг” гэснийг “...шүүгдэгч А.М-аас нийт 72,108,878 төгрөг, ...шүүгдэгч Б.Б-оос 13,809,058 төгрөг...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 561 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай. 

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН