Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-17
Тогтоолын дугаар 271
Хэргийн индекс 187/2016/0139/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Чо-
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Чо-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт,  Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалтай 201626030587 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Чо- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чо-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Чо-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Чо-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Т.Баярцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Чо-ын өмгөөлөгч Т.Баярцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шаардлагатай гэрч, хохирогч нарыг байлцуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийн зөрүүг арилган дүгнэлт хийж, хэргийг хянан хэлэлцээд Б.Чо-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Давж заалдах шатны шүүх Б.Чо-ыг тулгарсан довтолгоон дууссаны дараа Б.Тэ-ыг хутгалсан гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Б.Чо- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлэг өгдөг. Харин Б.Тэ- нь мөрдөн байцаалтын шатанд өөрийгөө хамгаалан тогтворгүй мэдүүлэг өгсөөр ирсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч тогтворгүй мэдүүлсэн байдаг ба 2017 оны 04 дүгээр сарын 18 болон 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт урьд өгсөн мэдүүлгээ залруулж мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх Б.Чо-ыг өөрийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал тулгарахад өөрийгөө хамгаалах зорилгоор Б.Тэ-ыг хутгалсан нь аргагүй хамгаалалт гэж үндэслэл бүхий дүгнэсэн. Б.Тэ- нь өөрөө довтолгооноо үргэлжлүүлсэн гэж мэдүүлсээр байхад давж заалдах шатны шүүх хохирогч Б.Тэ-ын довтолгоон дууссаны дараа Б.Чо- нь хутга авч хутгалсан нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулаагүй гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Б.Чо- нь өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалан аргагүй хамгаалалт хийсэн байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хохирогч буюу халдагч этгээдийн үйлдлийг зогсоохын тулд Б.Чо-ыг зөрүүлж хутгалсан нь аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аргагүй хамгаалалт нь яг халдлага буюу довтолгооны үед биш үйл явдал дууссаны дараа хийгдсэн нь гэрч Д.Чи-ийн удаа дараагийн мэдүүлгээр нотлогдсон. Б.Тэ-ын хүсэл зоригоос гадуур түүний халдлага, довтолгоон зогсоогдсон үед Б.Чо- нь хохирогчийг хутгалсан нь аргагүй хамгаалалтын шинжээ алдсан бөгөөд хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Чо-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чо-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Чо-д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд Б.Чо-, Б.Тэ-, Д.Чи-, Д.А- нар нь Б.Тэ-ын гэрт архи уух үед Б.Тэ- нь хэрүүл маргааныг эхлүүлэн тэднийг “манай гэрээс зайлцгаа” хэмээн хөөсөн, улмаар Д.Чи- болон Б.Чо- нарыг “ална” хэмээн заналхийлж, гартаа хутга барин уг үйлдлээ үргэлжлүүлэх явцдаа тухайн үйлдлийг хориглох, таслан зогсоох гэсэн Б.Чо-ын зүүн бөөрөнд хутгалсан ба ална хэмээх заналхийллээ үргэлжлүүлэн Б.Чо-ыг цохихоор гараараа савчих үед Б.Чо- хутга авч Б.Тэ-ыг хутгалан биед нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Тодруулбал, Б.Тэ-д хутгалуулсан цаг мөчөөс амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал бодитой бий болсон бөгөөд Б.Тэ- хутга барьсан хэвээр үед түүний халдлага дууссан гэж дүгнэх боломжгүй, орон зай, цаг хугацааны тасалдал үүсээгүй тухайн мөчид Б.Чо- хариу үйлдэл хийж дээрх гэмтлийг учруулсан байна. Энэ нөхцөл байдлын талаар шүүгдэгч, хохирогч болон гэрч харилцан зөрүүгүй мэдүүлсэн байх бөгөөд Б.Тэ-ын биед гэмтэл учирснаар хэрүүл маргаан зогсож, улмаар аль аль нь гартаа хутгатай байсныг салгаж авсан талаар гэрч Д.Чи- мэдүүлсэн зэргээс дүгнэхэд халдлага довтолгоон дуусаагүй байжээ.    

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан ... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл билээ.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан Б.Чо-ын санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэгийн гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.БАТЦЭРЭН

                                 ШҮҮГЧ                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН