Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-29
Тогтоолын дугаар 286
Хэргийн индекс 106/2017/0147/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч К.Тэ-, П.Да-, Б.Ба- нар
Зүйл заалт 147.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

К.Тэ- П.Да- Б.Ба-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, О.Санчирбал, Б.Энхтүвшин, Н.Одонтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 657 дугаар магадлалтай 201626023022 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, О.Санчирбал, Б.Энхтүвшин, Н.Одонтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй К.Тэ- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй П.Да- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх К.Тэ-,  П.Да-,  Б.Ба- нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар К.Тэ- П.Да-, Б.Ба- нарыг эд хөрөнгө хураахгүйгээр  5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар К.Тэ-, П.Да-, Б.Ба- нарын тус бүр цагдан хоригдсон 11 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Тэ-, П.Да-, Б.Ба- нараас тус бүр 60.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ар-т олгуулж, хохирогч Г.Эн- нь төлбөрийн нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Прокуророос К.Тэ-, П.Да-, Б.Ба- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй”, мөн “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар К.Тэ-гийн хүүхдүүд болох Т.Са-, Т.Ху- нарт асран хамгаалагч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалтууд оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Борис овогт Колягийн Тэмүүжин, Соном овогт Пагамсүрэнгийн Дарханбаяр, Малчин овогт Батдэлгэрийн Баярсайхан нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.Тэ-г 3 жил хорих ялаар, Б.Ба-ыг 3 жил хорих ялаар, П.Да-ыг 3 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар К.Тэ-, П.Да-, Б.Ба- нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж, 4 дэх заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Тэ-, П.Да-, Б.Ба- нарын тус бүр цагдан хоригдсон 11 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ба-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч К.Тэ-, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, шүүгдэгч П.Да- нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Эрдэнэбат, О.Санчирбал, Б.Энхтүвшин, Н.Одонтуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ба-ы өмгөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан бол Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр заасан. Б.Ба- нь хохирогч нарт хүч хэрэглэсэн, тэдэн рүү довтолсон зүйл огт байхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн атлаа хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлээгүй. Иймд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “бүлэг” гэж заагаагүй байхад давж заалдах шатны шүүх Тогтоох хэсэгтээ “бүлэглэн” гэсэн үг оруулж гурван шүүгдэгчид хавтгайруулж нэгэн ижил ял халдаалаа. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг баримталсангүй. Б.Ба- нь хохирогч нар руу эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, довтолсон үйлдэл хийгээгүй. Энэ нь хэрэгт авагдсан камерийн бичлэг болон бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр шууд нотлогддог. Б.Ба- нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын тодорхой хэсгийг ганцаараа төлж барагдуулсан, мөн шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд заасан 60.000 төгрөгийг төлж барагдуулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүх харгалзан үзсэнгүй. Иймд Б.Ба-д халдаасан Эрүүгийн хуулийн зүйл заалтыг өөрчлөн хөнгөрүүлж, түүнд оногдуулсан ялын хэмжээг 6 сар болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч К.Тэ-гийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Хэргийн үйл баримтаас харахад К.Тэ-, П.Да- нар нь “...нөгөө хоёр чинь энд байна” гэж хэлээд машинаас бууж хохирогч нарыг зодсон байдаг. Харин К.Тэ-гийн зүгээс анхнаасаа тухайн хохирогч нарын эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах субъектив санаа зорилгогүй байсан. Энэ нь шүүгдэгч Б.Ба-ы мэдүүлгээр харагдаж байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд мөрдөн байцаалт, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоогүйн улмаас хэргийн зүйлчлэлийг К.Тэ-гийн хувьд буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч К.Тэ-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэж 3 жилийн хорих ял тогтоосон нь үндэслэлгүй юм. Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээнд нийцүүлэн 2 жил 1 сарын хорих ял эдлүүлэхээр хасах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасан журамтай бүрэн нийцэж чадахгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Да-ын өмгөөлөгч Н.Одонтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1.Анхан шатны шүүх П.Да-т 5 жилийн хорих ял оногдуулсан, харин давж заалдах шатны шүүх шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрчиж, хууль буруу хэрэглэн 3 жилийн хорих ял оногдуулсныг зөвтгөж өгнө үү. 2.Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан давж заалдах шатны шүүхээс П.Да-т уг зүйл заалтын хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй байхад түүний эрх зүйн байдлыг хүндрүүлж, хууль буруу хэрэглэж 3 жилийн хорих ял оногдуулсныг зөвтгөж шийдвэрлэнэ үү. 3.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу П.Да-т оногдуулах хорих ялын доод хэмжээ 2 жилийн хорих ялын хоёрны нэг болох 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. 4.П.Да- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрөө төлсөн байхад шүүх төлбөр төлсөн гэж дүгнээгүй нь түүний эрх зүйн байдлыг хүндрүүлж байгааг зөвтгөж, түүнийг хохирол төлбөргүй гэж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг нотолсон баримтуудад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туайх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч К.Тэ-, П.Да-, Б.Ба- нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 0300 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 29-р байрны гадна Г.Эн-, Б.Ар- нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Эн-гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан 320.000  төгрөгийн эд зүйлийг, Б.Ар-ын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан 550.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ба- нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзжээ.

Дээрх ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон бөгөөд түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч К.Тэ-, П.Да-, Б.Ба- нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч К.Тэ-, П.Да-, Б.Ба- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүрт 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдний цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг ба заналхийлж довтолгоон хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцдог болно.

К.Тэ-, П.Да- нар нь хохирогч Б.Ар-, Г.Эн- нарын эд хөрөнгийг авах зорилгоор тэднийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах боломжгүй болтол зодож байх үед Б.Ба- нь хохирогч нарын эд зүйлсийг авсан буюу шүүгдэгч нар гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, О.Санчирбал, Б.Энхтүвшин, Н.Одонтуяа нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч нар нь хохирогч Б.Ар-т тус бүр 60.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 657 дугаар магадлалд: “Шүүгдэгч К.Тэ-, П.Да-, Б.Ба- нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, О.Санчирбал, Б.Энхтүвшин, Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                 Б.ЦОГТ         

                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН