Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-24
Тогтоолын дугаар 284
Хэргийн индекс 106/2017/0364/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Д.А
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Алтан-Өлзийд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 594 дүгээр магадлалтай, Д.Алтан-Өлзийд холбогдох эрүүгийн 201726020541 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Алтан-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алтангэрэл овогт Дүгэржавын Алтан-Өлзий нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Алтан-Өлзийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтан-Өлзий нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Алтан-Өлзийгөөс 1.920.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Мядагбадамд олгож, гэм хорын хохирлоос 880.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Д.Алтан-Өлзийд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Д.Алтан-Өлзийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Алтан-Өлзийгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Алтан-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... эмчид үзүүлээд цээжний зургаа авахуулсан зүүн талын хоёр хавирга хугаралттай байсан. Харин толгойныхоо зургийг авахуулж чадаагүй. Би ар гэрийнхэндээ айлд очиж зодуулсан тухайгаа хэлж чадаагүй, дээрэмдүүлчихсэн гэж худлаа хэлснээр ийм байдалд орж Х.Мядагбадам болон гэрчүүдэд гүтгэгдсэндээ гомдолтой байна. Х.Мядагбадамын нүүр амыг би санаатай самардсан зүйл болоогүй. С.Амгаланбаатар нь намайг харж байхад Х.Мядагбадамыг үсдэж алгадаад, түлхэж унагаагаад, хөлөөрөө цээжин дээр нь дэвсээд байсан. Х.Мядагбадамд учирсан гэмтлийг С.Амгаланбаатар учруулсан байхад цагдаа, прокурор, шүүх хэт нэг талыг барьж намайг буруутгаж байгаа тул С.Амгаланбаатарын үйлдлийг шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Үүнээс гадна Х.Мядагбадам нь миний цүнхэнд байсан гар утсыг авч над руу залган хэл амаар доромжилж, миний гар утасны дэлгэцийг санаатайгаар хагалж гэмтээсэн, мөн миний өмсөж явсан нэхий дээл, цүнх, түрийвч, гар утаснууд, бичиг баримтууд, мөнгийг маань одоо болтол өгөхгүй байгаа. 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлээ авах гэж С.Амгаланбаатарын амьдарч байсан подволд очиход С.Амгаланбаатар нь намайг цагдаагаар битгий яваач гэж гуйгаад өөрөө дөнгөж эрүүлжүүлэхээс гарч ирж байна. Чиний эд зүйлсийг Х.Мядагбадам бүгдийг хамаад гэртээ аваад харьсан. Би эхнэртэйгээ уулзаж эвлэрээд чиний эд зүйл, хохирлыг чинь барагдуулж өгнө гэж намайг хуурсан. Мөн дараа нь 2017 оны 2 дугаар сарын 6-нд найз Гандолгорын төрсөн өдрөөр С.Амгаланбаатартай уулзахад харьж чадаагүй Мядагбадамаас тусдаа амьдарч байгаа ямар ч байсан эд зүйлийг чинь олж өгнө. Амгаланбаатар нь Мядагбадам намайг хэрэгт хийнэ гээд байна. Чамайг цагдаагаар явбал би балрах гээд, надад туслаач битгий цагдаагаар яваач гээд гуйгаад байхаар нь би өрөвдөөд итгэж яваад сэжигтнээр дуудагдаж байхдаа Амгаланбаатарт итгэж, ийм байдалд орчихлоо. Би энэ талаар гомдлоо цагдаад гаргаж өгсөн боловч шалгаж өгөөгүй. Дээд шүүхийн шүүгч та бүхэн миний үйлдээгүй хэргийг үнэн зөвөөр тогтооход гүн туслалцаа үзүүлж, хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаах буюу эсвэл хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол хохирлыг иргэний журмаар шийдвэрлэх бололцоо бий болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Алтан-Өлзийг хохирогчид гэмтэл учруулсан мэтээр шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр татсан боловч танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Мядагбадамын цээжин тус газар цус хуралт, бусад гэмтлүүдийг Амгаланбаатар учруулсан болохыг гэрч, хохирогч болон Алтан-Өлзий мэдүүлсээр байхад Амгаланбаатарт тохирох зүйл ангиар холбогдуулан шалгаагүй. Энэхүү танхайн гэмт хэрэгт хохирогч Мядагбадамаас мэдүүлэг авахдаа үндсэн хуульд заасан гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь сануулан гарын үсэг зуруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Уг хэрэгт мөрдөн байцаагч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч Д.Алтан-Өлзий нь Х.Мядагбадамыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож, тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Алтан-Өлзийд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд бүрэн нийцсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Алтан-Өлзий нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 9 дүгээр байрны 0 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу нөхөртэйгөө хардаж хэрүүл маргаан үүсгэсэн Х.Мядагбадамыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, тухайн үед мөрдөгдөж байсан хуульд заасан төрөл, хэмжээний буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна.

Хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон Д.Алтан-Өлзийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй юм.

Иймд мөрдөн байцаалтаар шалгагдаж нотлогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй үйл баримт буюу “... хохирогч нь шүүгдэгчийн үсийг туг тугаар нь зулгаан зодож 2 хавиргыг нь хугалж, эд зүйлийг нь эвдэж гэмтээсэн”, “... хохирогчийн цээжинд учирсан цус хуралтыг Амгаланбаатар учруулсан” гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 594 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Алтан-Өлзий, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧИД                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                         Б.ЦОГТ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН