Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-24
Тогтоолын дугаар 285
Хэргийн индекс 188/2017/0160/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Э.А
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 

 

Э.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Ням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 447 дүгээр магадлалтай, Э.А-т холбогдох эрүүгийн 201626011423 дугаартай хэргийг шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Энхжаргалын Анхбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үйлдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас 100.000 төгрөг хурааж, 10 жил 10 сар хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А-аас 100.094.400 төгрөг гаргуулж, хохирогч Ё.Отгонцэцэгт 79.794.400 төгрөг, хохирогч Д.Түвшинжаргалд 20.300.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хохирогчийн өмгөөлөгч Ч.Ням нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... уг хэргийг үйлдэхдээ Эрдэнэбаяр гэх залуутай хамтран үйлдсэн боловч мөрдөн байцаагч Ууганбаатар нь албан тушаалаараа айлган сүрдүүлж, хамтран үйлдсэн Хархорин захын махны ченж Эрдэнэбаярыг энэ хэрэгт татан оролцуулж байцаалт авалгүйгээр ганцхан надад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан ял тулган, улмаар уг хэргийн материалыг мөрдөн байцаагч Төгөлдөрт шилжүүлсэн. Уг гэмт хэргийн хохирлыг хамтран үйлдсэн Эрдэнэбаяртай хувааж хамтран шийдвэрлүүлмээр байна. Эрдэнэбаяр бид 2 хохирогч Отгонцэцэг, Түвшинжаргал нараас нийт 26 тонн 64 кг мах авч, ченж Жаргалтайболдод 85.300.000 төгрөгөөр зарж, Эрдэнэбаярт би бэлнээр 5.000.000 төгрөг өгч, үлдсэн 80.000.000 төгрөгийг Эрдэнэбаяр бид 2 цуг явж өмнөх махны зээлэнд иргэн Төрбат, Түвшинжаргал нарт өгсөн нь үнэн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Отгонжаргал эгчээс очиж мах авахдаа ачсан машины хөлс, гүрүүшигний мөнгө өгөх гээд 1.000.000 төгрөг зээлж авсан. Миний авсан мөнгийг үндсэн хэрэгтэй минь нэмж нэгтгэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Э.А- тус гэмт хэргийг үйлдэхдээ Эрдэнэбаяр гэх залуутай хамтран үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн шатанд мэдүүлээгүй нь миний буруу, Эрдэнэбаяр нь тодорхой хэмжээний мөнгө авсан, ял завших гэж байна хэмээн гомдол гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн шатанд дурьдсан бөгөөд мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шатанд дурдаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Ё.Отгонцэцэгт 2 сая төгрөг өгсөн. Гэрч Л.Лувсандагва махны эздүүдээс нэг килограмм ямааны махыг 3600 төгрөг, нэг клограмм хонины махыг 4600 төгрөгөөр авч, зуучилж байгаа гэдэг утгаар 100 төгрөг авахаар тохирсон байдаг. Энэ килограмм бүрийн 100 төгрөгийн зөрүү нь 2 сая төгрөг болж байгаа. Тус 2 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Отгонцэцэгт учирсан хохирол хэмээн тооцож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй буюу иргэний хариуцагчаас гаргуулах ёстой хохирол гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад тус байдлын талаар тодорхой дурьдсан ч хэргийг шийдвэрлэхдээ орхигдуулсан. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Эрдэнэбаяр гэх залууг шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулах зарчим зөрчигдөж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Ням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Э.А- болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Шүүгдэгч Э.А- анхнаасаа уул уурхайн компаниудад өндөр үнээр мах борлуулж өгнө хэмээн хохирогч нараас мах авсан. Анх шүүгдэгч Э.А- махыг авсан боловч өдийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.А-т холбогдох хэргийн талаар хяналтын шатны шүүхэд хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Э.А- нь бусдын эд хөрөнгийг хуурч, мэхлэх аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Анхан  болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Хяналтын шатны шүүхээс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулж, мөн ял эдлүүлэх дэглэмийг тогтоож өгөх хууль зүйн үндэслэлтэй” гэв.

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А- нь “уурхайд их хэмжээний хонь, ямааны мах нийлүүлэх гэж байгаа” гэсэн зохиомол байдлыг зориуд бий болгож, улмаар зах зээлийн ханшаас илүү үнээр мах худалдаж авна гэж хуурч мэхлэн хохирогч Ё.Отгонцэцэг, Д.Түвшинжаргал нарыг залилж 103.894.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан тухайн үед мөрдөгдөж байсан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Гэвч хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үед шинээр мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд болон доод ялыг хөнгөрүүлэн тогтоожээ.

Энэ нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “ ... хэргийг Эрдэнэбаяр гэгчтэй хамтран үйлдсэн” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар магадлалд “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Э.А-т 5 /тав/ жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

           ШҮҮГЧИД                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                Д.ГАНЗОРИГ                                          

                                                                                Б.ЦОГТ

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН