Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-29
Тогтоолын дугаар 291
Хэргийн индекс 106/2017/0351/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ш.Д
Зүйл заалт 181.2.1
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ш.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Ш.Д-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 592 дугаар магадлалтай, Ш.Д-д холбогдох эрүүгийн 201726020783 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Шонхорын Дөлгөөн нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ш.Д-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ш.Д-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, эд мөрийн баримт сиди 1 ширхэг, рентген зураг 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Д-д оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Д-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч Ш.Д-ий өмгөөлөгч Б.Батбаярын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, бодитой үнэлэлт өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хохирогчид хууль сануулан авсан мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчийг өшиглөсөн гэж мэдүүлснийг шүүгдэгч Ш.Д- өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Батсайханыг өшиглөсөн гэж мэдүүлсэн хэмээн ойлгож бичсэн нь буруу байна. Шүүгдэгч Ш.Д- хохирогчийг өшиглөсөн талаар мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй гэж дүгнэн анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй. Гэрч Х.Сарангэрэл өшиглөсөн, зодолдсон асуудал болоогүй талаар гэрчилдэг. Хохирогч Н.Батсайхан эхний мэдүүлгээр намайг шүүгдэгч Ш.Д- заамдаж хавсарсан гэсэн бол, дараа нь уруул руу өшиглөсөн, хамгийн сүүлд хуруу руу өшиглөсөн гэж мэдүүлсэн.  Хохирогч Н.Батсайхан ус зөөдөг бөгөөд “өдөржин машин барин ус зөөж явж байгаад орой нь миний хуруу өвдөөд эмнэлэгт үзүүлтэл шүүгдэгч Ш.Д- гэмтээсэн байсан” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг шийтгэсэн. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй буюу гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Шүүгдэгч Ш.Д- хохирогч Н.Батсайханы гаранд хүрээгүй, жирэмсэн эхнэрлүүгээ довтлоход нь салгаж, нүдний шилийг нь газарт унаган эвдэлсэн талаар тогтвортой мэдүүлдэг. Хэргийн нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй тул шүүгдэгч Ш.Д-д холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү”гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ш.Д-ий хувьд гэм буруугүй гэдгийг нотлох үүрэггүй боловч мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих бүхий л нотлох баримтыг шалган түүний гэм буруутайг тогтоосон. Хохирогч Н.Батсайхан эхнээсээ тогтвортой, эргэлзээгүй мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Батсайханы биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг хангалттай нотлон тогтоосон. Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд техникийн алдаа гарсан бөгөөд хяналтын шатны шүүхийн тогтоолоор засварлах боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Д- нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын байрны гадаа өөрийн хамтран амьдрагчийг түүний салсан нөхөр Н.Батсайханаас өмөөрч, хохирогчийн мэдүүлснээр зүүн гар руу нь өшиглөж 4 дүгээр хурууны шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон өөрчилж хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл мөн боловч оногдуулсан ялыг тэнсэж, биечлэн эдлүүлэхгүй байх нь шүүгдэгчид илүү ашигтай бөгөөд хууль буцаан хэрэглэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэн, хэзээ, хэрхэн гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтээр нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон байхад давж заалдах шатны шүүх “шүүгдэгч нь хохирогчийг өшиглөсөн гэж шүүх хуралдаанд мэдүүлээгүй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэв.

Иймд магадлалыг хүчингүй болгож, “... Ш.Д-ийг өшиглөсөн гэж ямар байдлаар, хэрхэн тогтоож байгаа нь тодорхойгүй, өшиглөж байхыг харсан гэрч байхгүй, харин ганц гэрч нь өшиглөөгүй гэж мэдүүлж байхад шүүх эргэлзээ бүхий хохирогчийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж нотолбол зохих асуудлыг нотлоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдоогүй учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 592 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Д-ий өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                             Б.ЦОГТ                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН