Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-08
Тогтоолын дугаар 306
Хэргийн индекс 185/2017/0083/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ю.М
Зүйл заалт 148.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Ю.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 625 дугаар магадлалтай, Ю.М-т холбогдох эрүүгийн 201625021291 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их долоо овогт Юрагийн Мөнхбаяр нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ю.М-ыг бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ю.М-аас 14.828.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Уранчимэгт олгож, шүүгдэгч Ю.М-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ю.М-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Их Долоо овогт Юрагийн Мөнхбаярыг цагаатгаж, Ю.М- нь 49 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Ю.М- нь 2015 оны 10 дугаар сард “Дархан Бармат” ХХК-аас 17.328.000 төгрөгийн бараа материалыг авч, төлбөрийг нь энэ сард багтаан төлнө гэсэн байдаг. Авсан бараа материалаа Батдорж гэдэг хүнд өгч, төлбөрийг нь авсан бөгөөд тус мөнгөө цаасны үйлдвэр байгуулах, хувийнхаа зүйлд хэрэглэсэн. Тус үйлдлийг нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю. Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр зүйлчлэн ял оногдуулсан бол давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж, шүүгдэгчийг цагаатгасан. Шүүгдэгч Ю.М- нь бараа материал борлуулан, дундаас нь хувь авдаг “Силк Рөүт” ХХК-ийн ахлах менежерээр ажиллаж байхдаа 2-3 удаа компанийг төлөөлөн “Дархан Бармат” ХХК-иас бараа материал зээлээр авч, худалдан борлуулсны дараагаар төлбөрөө өгч байсан. 2015 оны 10 сард шүүгдэгч Ю.М- нь “Силк Рөүт” компанид ажилладаг хэвээрээ гэж хэлээд 17 сая төгрөгийн бараа материал зээлээр авсан. Тухайн бараа материалаа борлуулсан хэдий ч төлбөрийг “Дархан Бармат” ХХК-д өгөлгүйгээр хоол хүнс, хувийн компани байгуулах зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаар болон залилан мэхэлсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэж шүүгдэгч мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ю.М- нь “Силк Рөүт” ХХК-ийн ахлах менежерийн албан тушаалаас буурч тухайн компанийг төлөөлөн бараа материал зээлээр авч, худалдан борлуулах эрхгүй болсон байсан. Шүүгдэгч Ю.М-ын хуурах, бодит байдлыг нуун дарагдуулах үйлдэл нь залилан мэхлэх үйлдлийн шинжийг бүрэн агуулсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг үгүйсгэх таван нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг гомдолдоо тусгасан. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ю.М- нь ажиллаж байсан “Силк Рөүт” ХХК-ийн нэрийг ашиглаж, итгэл эвдэх замаар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ю.М- нь “Модерн обой” дэлгүүрээс 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 1.200 ширхэг, мөн 11 дүгээр сарын 6-ны өдөр 600 ширхэг обойн цавууг тус тус зээлээр худалдан авсан боловч үнийг нь төлөлгүй хохирогч Н.Уранчимэгийн итгэлийг нь эвдэн залилан мэхэлж 12.600.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль буюу тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн үйлдлийг “иргэд хоорондын гэрээний эрх зүйгээс үүдэлтэй маргаан” хэмээн дүгнэж, Ю.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Гэрээний харилцаанаас үүдэлтэй залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдсэн үйлдлийг ойлгодог билээ.

Шүүгдэгч Ю.М- нь зээлээр худалдан авсан зүйлээ бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй үйлдэл нь дээрх шинжийг агуулж байгаа тул бусдын итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг хөнгөрүүлсэн тул үүнтэй холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 625 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолд “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М-т 1 жил хорих ял оногдуулсугай”, “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Б.ЦОГТ

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН