Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-08
Тогтоолын дугаар 302
Хэргийн индекс 106/2016/0609/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Д.Г
Зүйл заалт 145.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 34 дүгээр захирамж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, ялтан Д.Г-д шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Д.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн,  2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, Хотгойд овогт Долгорын Гантулга нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил хорих ял шийтгүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ялтан Д.Г-д шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар 8 хоног хорих ял болгон дүйцүүлэн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Д.Гантулгын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Д.Г- гаргасан гомдолдоо “... хамт хэрэг үйлдсэн Б.Адъяасүрэн, Р.Нямдорж суллагдан гарсан байгаа тул гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд миний бие гомдол гаргасан боловч ялаас хасагдаагүй. Б.Адъяасүрэн нь 10 жил 6 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн ч 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулийн хувь тэнцүүлэлтээр суллагдсан тул дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Д.Г-д оногдуулсан ялыг дүйцүүлэн хассан шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн 3 жил 6 сар 8 хоног болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Ялтан Д.Г- нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 158 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил хорих ял шийтгүүлжээ.

Анхан шатны шүүх ялтан Д.Г-д холбогдох ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож, урьд оногдуулсан ялыг 3 жил 6 сар 8 хоног болгон шинэ хуульд нийцүүлэн хасч, биечлэн эдлэх ялыг 10 сар 21 хоногоор тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд ялтан Д.Гантулгын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 34 дүгээр захирамж, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан Д.Гантулгын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                  Б.ЦОГТ 

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН