Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-06
Тогтоолын дугаар 297
Хэргийн индекс 106/2016/0609/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ш.Н, Ц.Б
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

 

Ш.Н, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 586 дугаар магадлалтай, Ш.Н, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 201726030411 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Одонтуяагийн гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ш.Н нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Бөх Гарамбазар Бандгай овогт Ц.Б нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Ныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 1 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ш.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар баривчлах ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

4 дэх заалтын “... биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг “... эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Бод оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Одонтуяагийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Одонтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл нь хөнгөн гэм хэрэгт тооцогддог байсан. Ял шийтгэлийн хувьд шүүгдэгч Ц.Б тэнсэн харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс 6 сар өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг харгалзан үзэж, магадлалд өөрчлөлт оруулж, ял шийтгэлээс чөлөөлөх бүрэн боломжтой. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн шийдвэрлэхдээ тэнсэн харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулахгүй байх үндэслэлтэй. Хорих ял оногдуулахгүй гэсэн учир нь ял шийтгэлийн хувьд хорих ялыг биечлэн эдлүүлэх талаар хэлэлцэх үндэслэлгүй байсан. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулсныг зөвтгөж, шүүгдэгч Ц.Быг ялаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч Ц.Б нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь 2 хүүхдээ хараад гэртээ байдаг, “Петровис” шатахуун түгээх станцад түгээгч хийж гэр бүлээ тэжээдэг, мөн түүний төрсөн ах Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 14 хоногийн өмнө амь эрсэдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 6 сарын хугацаанд хоригдсон. Эрүүгийн хуульд зааснаар хугацаанаас нь өмнө тэнсэн суллах буюу магадлангаар суллах хугацаа нь болсон тул ялаас чөлөөлж шийдвэрлэнэ үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ц.Б ялтай байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ш.Нтай маргалдаж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн шүүгдэгч Ш.Н нь бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хангалттай шалгагдаж, нотлогдон тогтоогджээ. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Бод анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг сэргээж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж буй Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “шүүх ял өгөхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэнэ” гэж хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэв.

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ш.Н, Ц.Б нар нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11-38 тоотод архи ууж байхдаа маргалдаж, улмаар зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Ш.Нт холбогдох хэргийг “хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Бын шинээр үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэгт ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим буюу 1 жил хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг тогтоосон нь зөв болно.

Хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед шинээр мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “баривчлах” ялыг ялын төрлөөс хассан тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг баривчлах ял эдлэхээс чөлөөлж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйл, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг ижил агуулгаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Бын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг биечлэн эдлүүлэхээр шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Иймд “... ял оногдуулж тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шинэ, хуучин хуулийн хоёр өөр зохицуулалтыг давж заалдах шатны шүүх буруу ойлгож, хэд хэдэн тогтоолоор ял оногдуулах гэдэг ойлголтод хамаарахгүй байтал хэрэглэх ёсгүй хуулиар Болдод 1 жил хорих ял оногдуулсан” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилж хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгодог бөгөөд шинжээч нь гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцдаг болно.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.14-д зааснаар “... өөр байгууллага, этгээдээр гаргуулсан дүгнэлтийг шүүхийн шинжилгээний дүгнэлт гэж үзэхгүй” тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Имэйж” КТГ-ын оношлогооны “... хамрын яс зүүн талдаа бага зэрэг цөмөрсөн” гэх гэмтлийг ямар зэрэгт хамаарахыг тогтоогоогүй”, “чих сэтэрсэн гэмтэл мэс заслын аргаар оёулж эдгэрсэн ч сорви үлдэж тогтсон учир Болдын биед хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 586 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Одонтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧИД                                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                        Б.ЦОГТ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН