Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-06
Тогтоолын дугаар 296
Хэргийн индекс 120/2017/0012/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Т.П
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Т.П-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, Т.П-т холбогдох эрүүгийн 201505000362 дугаартай хэргийг шүүгдэгч Т.П-ын гомдлоор хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Захирагч овогт Тогоогийн Пунцагбалжир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.П-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 99 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтыг устгаж, хохирогч Х.Батбаярын толгойн томографын 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар Т.П-ын эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.П-аас 149.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Батбаярт олгож, хохирогч нь учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “… анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.П-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.П- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулж өгнө үү. Хэрэгт авагдсан хохирлыг бүрэн төлсөн, гэм хор гээд байгаа 50 сая төгрөгийг ямар ч баримтгүйгээр нэхээд байгаад эргэлзэж байгаа юм. Зайлшгүй эмчлүүлэх шаардлага байгаа бол энэ 2015 оноос хойш хугацаанд зохих журмаар эмчлүүлээд эрүүл мэндээ бодоод л явах байсан. Гэтэл нүд муудаад байна гээд аймаг, сумын хооронд фургон машин унаад хүн тээвэрлээд яваад байгаа. Би байцаагдан шалгагдаж байх хугацаанд хохирогчид өөрийн өмч болох 3 эр үхэр, 3 тугалтай үнээ, лизингээр авсан машинаа боломжийн үнээр аваач гэж олон удаа гуйсан боловч зөвхөн бэлнээр 50 сая төгрөг өгчих, тэгвэл гомдолгүй гэж хэлье гэсээр хэргийг шийдвэрлүүлсэн. Энэ талаар би шүүх хуралдаанд хэлсэн. Шүүх хуралд оролцсон прокурор Э.Гантулга шүүгдэгчийн хувьд нөхцөл байдлын хүрээнд бүх хохирлоо төлж барагдуулсан, гэм хороо төлж байгаа гэж хэлснийг дурдахыг хүсэж байна” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Т.П- нь хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 оны шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн шинжид хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэв.

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.П- нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө хохирогч Х.Батбаярын толгой руу гэрийн өрх даруулдаг төмрөөр цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх тухайн үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол /хүнд гэмтэл/ санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ялд торгох ялыг шинээр нэмж, хорих ялын доод хэмжээг өмнөх хуулиас багасгаж тогтоосон байна.

Энэхүү нөхцөл байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл мөн байтал давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй орхигдуулжээ.

Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа “хянавал” гэх хэсгийг 828 үг бүхий 1 өгүүлбэрээр бичсэн нь төрийн албан хэрэг хөтлөлтийн заавраар тогтоосон “баримт бичгийн санааг товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай, үг, үсгийн болон хэл найруулгын хувьд алдаа мадаггүй, бүрэн зөв илэрхийлсэн байх” журам, стандартыг зөрчжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасан журмаар хөнгөрүүлэх үндэслэлгүй тул шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолд “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-т 4 /дөрөв/ жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.П-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН 

           ШҮҮГЧИД                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                                Д.ГАНЗОРИГ                                          

                                                                                Б.ЦОГТ

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН