Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-08
Тогтоолын дугаар 303
Хэргийн индекс 106/2017/0055/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Д.С
Зүйл заалт 096.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 644 дүгээр магадлалтай, Д.С-д холбогдох эрүүгийн 201626021089 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гомдлыг үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28 дугаар гудамжны 1333б тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоног хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоног хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Их Шавь овогт Д.С.

Д.С- нь 2016 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадна хохирогч Ш.Ганзоригтой хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өшиглөн биед нь баруун төмсөгний задрал, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал бүхий амь биед нь аюултай, баруун төмсөг мэс заслаар авагдсан буюу эрхтнээс хагацуулсан хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 292 дугаар тогтоолоор “... шүүгдэгч Д.С-г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж,

шүүгдэгч Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болох, хохирогч Ш.Ганзориг нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 644 дүгээр магадлалаар “… анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.С-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 2 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Ю.Сэвлэгмаа нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Д.С- урьд гэмт хэрэг үйлдэж байсан боловч ялтайд тооцогдох хугацаа дууссан бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.С-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Д.С- эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 80 настай аавыгаа асран хамгаалдаг ганц хүн зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Д.С- нь иргэн Ш.Ганзоригийн биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хангалттай шалгагдаж, нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл зөв тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Д.С- нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Өүшин” шөнийн цэнгээний газрын гадаа хамт архи уусан Ш.Ганзоригтой маргалдахдаа төмсөг рүү нь өшиглөж “баруун төмсөгний задрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль буюу тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг боловч оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоосон тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэрэглэвэл зохих хуулийг зөв буцаан хэрэглэжээ.

Иймд “... зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд “санамсар болгоомжгүйгээр өвдөглөж хохирогчийг гэмтээсэн” гэж, давж заалдах шатны шүүхэд “аргагүйдсэн нөхцөл байдлын улмаас хавсарч унагах үед хохирогч гэмтсэн” гэж тус тус харилцан зөрүүтэй мэдүүлж байсан этгээдийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 644 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

        ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

        ШҮҮГЧИД                                                 С.БАТДЭЛГЭР                                                                         

                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                          Б.ЦОГТ

                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН