Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-08
Тогтоолын дугаар 305
Хэргийн индекс 106/2016/0609/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Р МД А
Зүйл заалт 125.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Рахман МД Атикурт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, ялтны өмгөөлөгч А.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 465 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр магадлалтай, ялтан Рахман МД Атикурт шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны өмгөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн,  2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бангладеш Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Рахман МД Атикур нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ялтан Рахман МД Атикурт шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг дүйцүүлэн хасах тухай прокурорын саналыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Рахман МД Атикур, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Рахман МД Атикурын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч А.Энхтүвшин гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... ялтан Бангладеш улсын иргэн Рахман МД Атикурын аав Рахман хүнд өвчтэй тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн ял хөнгөрүүлэх боломжтой тохиолдолд яаралтай аавтайгаа уулзмаар байна гэсэн хүсэлтийн дагуу гомдол гаргасан. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хохирогчийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтэн, өөр бусад эрхтэн, эд зүйл оруулсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тус үйлдлийг хөтөлбөргүй тогтоогоогүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ял шийтгэл хөнгөрүүлэхээр заасан тул шүүгдэгч Рахман МД Атикур суллагдах хүсэлтэй байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгчийн аав бурхан болсон. Ялтан Рахман МД Атикурын хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр өөрчилсөн нь эрх зүйн байдлыг дордуулж, хүндрүүлсэн хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн зарчимыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... ялтан Рахман МД Атикурын өмгөөлөгч Эрүүгийн хуулийг буруу ойлгож хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэж байна. Ялтан Рахман МД Атикурын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна. Тус хуулийн зүйл, заалтыг буцаан хэрэглэсэн тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох тул анхан болон давж заалдах шатны шүүх прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс ялтан Рахман МД Атикурт оногдуулсан ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ялтны хувийн байдалд тохирсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Ялтан Рахман МД Атикур нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинээр дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд заасан “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаас өөрөөр тодорхойлохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон тогтоож хорих ялын доод хэмжээг 12 жил, дээд хэмжээг 20 жил, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэхээр шинээр хуульчилсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан болно.

Энэхүү шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэхгүй байх үндэслэл тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэггүй тул ялтны өмгөөлөгчийн энэ талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх ялтан Рахман МД Атикурын ял эдлэх дэглэмийг шинээр тогтоохдоо хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж ялтны эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн байх тул ялтны өмгөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан гомдлын энэ хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 465 дугаар захирамжид нэмэлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 81 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Захирамж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан гомдлын “хууль буцаан хэрэглэж өгөх”-ийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                  Б.ЦОГТ 

                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН