Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-15
Тогтоолын дугаар 327
Хэргийн индекс 120/2017/0012/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ц.М
Зүйл заалт 125.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ц.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, ялтны өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 524 дүгээр захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ХМ/01 дүгээр магадлалтай, ялтан Ц.М-т шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 1-22 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж,

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоног ялыг тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Марал овогт Цэдэвийн Мөнх-Очир нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ял шийтгүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх ялтан Ц.М-т шүүхээс оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.М-ын нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 8 сар 4 хоногоор тогтоож, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ХМ/01 дүгээр магадлалаар “… анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...: гурван шатны шүүхээс бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж дүгнэсэн. 2015 оны шинэ хуультай холбоотойгоор ял дүйцүүлэн хасах шүүгчийн захирамжаар “хүчиндэх гэмт хэргийн шинжтэй” гэж дүгнээд ялыг тэгшитгэсэн нь үндэслэлгүй байна. Холбогдох зүйлийг адилтган тэгшитгэх ёстой. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар “хүчиндэх гэмт хэрэг” гэсэн зүйл, заалт байсаар байтал 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгээр зүйлчилж байгаа нь буруу юм. Үерхдэг хоёр залуу шулуун гэдсээр бэлгийн харьцаанд орсон. Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гэсэн үйлдэл байхгүй, хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамааруулж байгаа нь Улсын Дээд шүүхээс бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хэргийн зүйлчлэл зөв, хууль буруу хэрэглээгүй байна гэж дүгнэсэн байхад өөр зүйл заалтаар ял шийтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Хуулийг сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал алдагдаж байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг байхгүй болсон байхад шүүгдэгч хоригдож байгаа нь Монгол Улсын олон улсын гэрээ, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 3, 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Хүн бүр хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөх ёсгүй, гэмт хэрэг гарсан үеэс хойш оногдуулж болох ялыг хүндрүүлэн оногдуулж болохгүй гэж заасан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй дүйцүүлэн ялыг тэгшитгэж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял шийтгэлийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуультай дүйцүүлэн хасахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлээс хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Ялтан Ц.М- нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар 10 хоног хорих ял шийтгүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинээр дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд заасан “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаас өөрөөр тодорхойлохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгож, хорих ялын доод хэмжээг 12 жил, дээд хэмжээг 20 жил, эсхүл бүх насаар хорих ял болгож шинээр хуульчилсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан болно.

Энэхүү шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэл тул анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ялыг дүйцүүлэн хассан гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэггүй тул ялтны өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан Ц.М-ын өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

          ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН