Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-15
Тогтоолын дугаар 323
Хэргийн индекс 160/2017/0062/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Ш.С
Зүйл заалт 138.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 

 

Ш.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Ш.С-д холбогдох эрүүгийн 201703000009 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Хүйс гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шаравдоржийн Сосорбарам.

Ш.С- нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг дэвсгэр Чингэлтэйн дөрөлж гэх газарт хадлан хадах үйл ажиллагаа явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Төмөр-Очир өвс хадагч тармуурт баруун гараа гэмтээж улмаар гарын 1/3 хэсгээ тайруулж түүний биед хүнд гэмтэл буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор “... Архангай аймгийн прокуророос шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,шүүгдэгч Ш.С-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ш.С-д 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн трактор, хадагч тармуурыг Ш.С-д буцаан олгож,

шүүгдэгч Ш.С- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Төмөр-Очир нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар магадлалаар “… анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхээс 4 төрлийн шийдвэр гарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зөрчлийг тодорхой заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь учир дутагдалтай төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна. Давж заалдах шатны шүүх Ч.Мөнхбаярын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Б.Эрдэнэдаваагийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлт дугааргүй нь хууль зөрчсөн, хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анх прокуророос Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүгнэлтийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч гаргадаг. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцэхгүй байгаа тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаалтаар шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.С- нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сум, Цац багийн “Чингэлтэйн дөрөлж” гэх газар хувиараа хадлан хадах үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсний улмаас гэмт хэрэг гарах үед 14 нас 5 сартай байсан Д.Төмөр-Очир тармуурын голд гараа хавчуулж, баруун гарын бугалга, шуу ясны ил хугарал, зөөлөн эдийн үхжил бүхий гэмтэл учирч баруун гараа бугалганы доод гуравны нэг хэсгээр тайруулсан болох нь хөдөлбөргүй нотлогджээ.

Гэтэл анхан шатны шүүх тухайн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ хадлан хадуулж байсан Ш.С- нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд биш, насанд хүрээгүй хүүхдийн биед учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн хайхрамжгүй хандсан эс үйлдэхүйн үр дагавар гэж зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйл болгож үндэслэл муутай шийдвэрлэсэн байна.

Насанд хүрээгүй хохирогч өөрийн сайн дураар, цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхэлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүгдэгч Ш.С-ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангах үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төрийн мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагаас томилогдсон шинжээчид удаа дараагийн дүгнэлтдээ холбогдох хууль тогтоомж, заавар, журмыг иш татан дурджээ.

Иймд шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөх нь зүйтэй.

Учир нь тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд гэмтэл” гэдэг нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусад хүнд хор уршиг”-т хамаарахгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэргийн үндсэн ба хүндрүүлэх шинжид нэгэн зэрэг тооцогдох боломжгүй юм.

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг үйлдсэнээс хойш хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч Ш.С-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.С-ыг эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолд “Ш.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 138.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ш.Сособарамыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчиж, хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ш.С-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 138.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ш.С-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.С-ын өмгөөлөгч В.Удвалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                Б.ЦОГТ 

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН