Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-11
Тогтоолын дугаар 234
Хэргийн индекс 105/2016/0116/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Ч.Б, Д.Ц, Б.М, О.О
Зүйл заалт 145.3., 145.4.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ч.Б, Д.Ц, Б.М, О.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр магадлалтай, 2014250001306 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б, О.О нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 2007 оны 5 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дэндэв овогт Ч.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, машин механизм ашиглан орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн,

-1998 оны 10 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-2002 оны 2 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгүүлсэн,

-2005 оны 3 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 7 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Буурлууд овогт О.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, Бэсүд овгийн Б.М, 1973 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,

-1989 оны 11 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-1990 оны 8 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

-1991 оны 4 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

-1996 оны 1 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 267 дугаар зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгүүлсэн,

-1997 оны 4 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгүүлсэн,

-2003 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 cap 7 хоног хорих ял шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-2006 оны 10 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусч суллагдсан Бэсүд овогт Б.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьд дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,

-1997 оны 3 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

-1999 оны 9 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-2006 оны 2 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 5 дугаар сарын 3-ны хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Д.Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Урьд онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтай байхдаа бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Прокуророос шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч О.Очгэрэлийн урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаарзүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

-Прокуророос шүүгдэгч О.Очгэрэлд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон өөрчилж,

-шүүгдэгч Д.Цэрэн-Очирыг урьд онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, ялтай байх хугацаандаа дангаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч О.Очгэрэлийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, бусдын эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-шүүгдэгч Д.Цэрэн-Очирыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих,

-шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих,

-шүүгдэгч О.Очгэрэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Цэрэн-Очирт оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтыг “Прокуророос О.Очгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай aнгийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

- 4 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Цэрэн-Очир нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, ялтай байх хугацаандаа дангаараа болон бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч, бусдын эд хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч О.Очгэрэлийг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж тус тус өөрчилж,

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар О.Очгэрэлийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн заалт нэмж,

- Шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтуудын О.Очгэрэлд холбогдох хэсгийг болон түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,

- Шүүгдэгч О.Очгэрэл, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Д.Цэрэн-Очир, Ч.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Очгэрэлийг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “2014 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Намнандоржийн барааг хадгалдаг гражнаас 5 бүтэн хайрцаг болон 20-иод блок тамхи байсныг өөрийнхөө даахаар тохируулан аваад 50 метр орчим зөөж  22 дугаар байрны 1 дүгээр орцонд оруулж байгаад О.Очгэрэлийг дуудаж тэр шөнөдөө Эрдэнэт хот хүргүүлж борлуулж чадалгүй Булган аймаг орж танил Жамьянсүрэнгийнд очсон. Тэндээсээ Очгэрэл бид 2 салсан. Тухайн үед хэдэн хайрцаг тамхи ачсан, хэдэн хайрцгийг орхисныг нь Жамьянсүрэн болон түүний эхнэр Бямбасүрэн нар мөрдөн байцаалтын шатанд гэрчилдэг. Гэтэл хохирогч Намнандорж болон түүний эхнэр Отгон нар удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч хэргийг үнэн шударгаар шийдвэрлэхэд саад болж байна. Д.Цэрэн-Очир найзынхаа зурагтыг ломбарданд тавих гэж байгаа юм гэж намайг хуурч итгүүлэн, нисэх хүргээд өг гэж дагуулж явсан. Гэтэл эцэс сүүлд нь би зурагт хулгайлсан болж хувирсан.

Шүүх Очгэрэлийг хохирол төлөхөөс чөлөөлж шийдвэрлээгүй нь зөв болсон. Очгэрэл, Цэрэн-Очир нар урьд нь хорих ангид хамт хоригдож байсан бөгөөд Аливжаргалын автомашиныг тамхины хохиролд өгүүлэх далд бодолтой байснаа сүүлд Цэрэн-Очир надад хэлсэн. Давж заалдах шатны шүүх хуралд оролцсон прокурор Б.Байгалмаа нь хэргээ уншаагүй, шүүгчийн асуусан асуултанд хариулж чадахгүй байдалтай байсан нь шүүх хурлын бичлэгт байгаа.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Намнандорж нь хүнсний бараа зарахын хажуугаар цөөн тооны тамхи зардаг болохоос тамхины бөөний цэг ажиллуулдаг зүйл байхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.Очгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харахад Очгэрэл намайг хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зөв дүгнэсэн атлаа хохирол төлбөрөөс чөлөөлөөгүй нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2.3, 36.2.5 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд Очгэрэл намайг буруутгасан 2002 оны Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйл ангид заасан гэмт хэрэг нь гэмт хэрэгт хамаарахгүй болсон байх тул надаас гаргуулах 13.390.975 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир, Б.Мөнхбаяр, О.Очгэрэл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Очгэрэл урьд нь 1998 оны 10 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсний дараа 2002 оны 2 дугаар сарын 7-нд 8 удаагийн давтан үйлдлээр 12.3 сая төгрөгийн буюу онц их хэмжээний эд хөрөнгө дээрэмдэх, 2 удаагийн давтан үйлдлээр 6.9 сая төгрөгийн буюу онц их хэмжээний эд зүйл хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял шийтгүүлсэн, мөн 2005 оны 3 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 15-нд эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсанаас хойш буюу ялтай байхдаа шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэтэй бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан хохирогч Э.Намнандоржийн эд зүйлээ хадгалдаг гражаас 26.781.950 төгрөгийн тамхи хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч О.Очгэрэл нь урьд 1986 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ял шийтгүүлсэн бөгөөд дээр дурдсан гэмт хэргийн шинжийг агуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. юд

Гэтэл анхан шатны шүүх О.Очгэрэлийн ялтай байдлыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, улмаар  О.Очгэрэлд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хэт ерөнхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон харилцан зөрүүтэй нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, түүнчлэн давж заалдах шатны шүүх тамхи хулгайлсан хэргийг О.Очгэрэл хамтран үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй талаар дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир, Б.Мөнхбаяр, О.Очгэрэл нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанаас Ч.Бат-Эрдэнэ, Д.Цэрэн-Очир, Б.Мөнхбаяр, О.Очгэрэл нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, О.Очгэрэл нарын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ч.Б, Д.Ц, Б.М, О.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан шийдвэрлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН