Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-08
Тогтоолын дугаар 300
Хэргийн индекс 179/2017/0181/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Д.До-
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.До-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоол,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалтай 201722000216 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.До-гийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.До- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.До-г бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Эн-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлтийг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.До- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүлжүүлэхийн тэмдэглэлд Эн-д хийсэн нүцгэн биеийн үзлэгээр түүнд баруун талын хацар дээр шалбарсан, баруун хөлийн хянганд шалбарсан, согтуурал 3.04 хувь, даралт 130/95 гэсэн байх ба энэ нь түүнийг даралттай гэж гаргах ямар ч шалтгаан байхгүйг, мөн согтуурал маш их хэмжээнд байсныг, өөр ямар ч гэмтэл, зулгарал, шалбархай зовиур байхгүйг харуулдаг. Анх үзсэн эмч Бо- энэ үзлэгийн дүнг нотолдог ба хавирганы хугарал гэсэн онош тавиагүй. Энэ үзлэгээр баруун талын хэсгээр 20x8 хэмжээтэй хүрэн өнгийн толбо байгаагүй байна. Энэ толбо хэрэг болсон гэх өдрөөс 5 хоногийн дараа үзүүлсэн эмнэлгийн үзлэг гэдгийг анхаараагүй.

Хөнгөн гэж гарахаар гэмтлийн зэрэг түүнд байхгүй ба Эн- нь ар өврийн хаалга, танил талаа ашиглан хуурамч худал дүгнэлтийг гаргуулсан. Миний биед хамар ясны хугарал байсаар байтал, мөн 14 хоногийн хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж одоо цус бүрэн төлжихгүй цусны архаг дутагдалтай болсон, гар хөл бүх бие хөлрөх, толгой эргэх зэрэг гэмтлийн хөнгөн байтугай хүндэвтэр гэмтэл байсаар байхад гэмтэлгүй гэж гаргасанд туйлын их гомдолтой байна. Миний бие Эн-д ганц ч гар хүрээгүй байхад гар хүргэсэн болгож аав, ээж хүүхдүүд нийлж хуйвалдсанд маш их гомдолтой байна.

Хэрэг бүртгэгч Алтанцог нь надад хэргийн материалыг танилцуулаагүй, санал хүсэлтийг хүлээж аваагүй, өмгөөлөгч авах хүсэлтийг ч хэрэгт хавсаргаагүй ба хэрэг прокурорт очсоныг ч мэдээгүй байхад дуудаж “чи хэрэгтэйгээ яагаад танилцаагүй юм, одоо наанаа танилц” гэж прокурор нь загнаж байсан. Эн- нь байнга архидан согтуурч явдаг, манай аймгийн Мөрөн суманд такси үйлчилгээнд явдаг олон жолооч нарын мөнгийг нь өгөхгүй хулхиддаг, авгай, хүүхэд нь гарч ирж таксины жолоочийг уурлуулж явуулдаг дадсан зантай байх ба үүнийг тодруулахаар хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Мөн прокурор Отгончимэг нь миний дахин шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Энэ хэрэг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болсон ба гэмт хэрэг болсон өдрөөс хойш 6 сар өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, Д.До-гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт гарсан даруйд хэргийн оролцогч нарт таниулах ажиллагаа хийгдсэн, хэргийн материалыг танилцуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Д.До-д холбогдох хэрэг 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул Д.До-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Д.До-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.До- нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1600 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44-28 тоот хашааны үүдэнд иргэн С.Эн-тэй маргалдаж, улмаар түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.До-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Д.До-гийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Д.До-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хууль буцаан хэрэглэх зохицуулалтын хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэж байснаас өөр нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дээрх хугацаа 1 жил болж нэмэгдсэн байх тул гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд Д.До-г гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.До-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.До-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, уг хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.До-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

                                ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Б.ЦОГТ

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН