Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-03
Тогтоолын дугаар 250
Хэргийн индекс 226/2017/0022/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Л.Б, Т.Ц
Зүйл заалт 17.12.2.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

                                  Л.Б, Т.Ц нарт

                              холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

хохирогч С.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатар,

шүүгдэгч Т.Ц-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 37 дугаар магадлалтай, 201623010034 дугаар эрүүгийн хэргийг хохирогч С.Ганцэцэг, шүүгдэгч Т.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Л.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Зүүн цээжин овогт Т.Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Л.Б, Т.Ц нарыг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр олон тооны мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-өөс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-гаас 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Л.Б-өд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Т.Ц-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б, Т.Ц нараас тус бүр 8.647.500 /найман сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багт оршин суух хохирогч С.Ганцэцэгт олгохоор шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 37 дугаар магадлалаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 дэх заалтаас “үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, их хэмжээний” гэснийг хасч,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Л.Б-ийг 3 жил 02 сар 13 хоног, Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Ц-г 2 жил 7 сар 09 хоног хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Л.Б-өд оногдуулсан 3 жил 02 сар 13 хоногийн, Т.Ц-д оногдуулсан 2 жил 7 сар 09 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Л.Б, Т.Ц нарын өмчлөлийн 300000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн хязаалан насны морийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Т.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний нөхөр Баянмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 7 тооны үхэр хулгайлж, 2 үхрийг махлан зарж борлуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөр хулгай хийсэн зүйл байхгүй. Миний бие тухайн үед мах зарахад хамт явсан нь үнэн боловч хулгайн үйлдэлд оролцоогүй. Хэргийг шалгасан мөрдөн байцаагч Г.Шинэбат нь Л.Б бид хоёрыг хохирогчийн алдсан гэх бүх үхрийг авсан гэж хилсээр хэрэг тулгасан. Манайх мал махлаж зарж борлуулах зорилгоор Улаанбаатар хот руу удаа дараа явахдаа өөрийнхөө малнаас авч явж байсан. Тухай бүрт нь багийн засаг даргаас махны гарал үүслийн гэрчилгээ авч, хэсгийн төлөөлөгчөөр баталгаажуулдаг байсан. Гарал үүслийн гэрчилгээнүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Хохирогч анх гомдол гаргахдаа 2016.05.26-ны өдөр 7 тооны үхрийг дурдсан байдаг бөгөөд өмнө хэзээ хэдэн үхэр алдсан нь тодорхойгүй байсан.

...Гэрчүүд худал мэдүүлэг өгсөн, зарим гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, гэрч Д.Төмөрсүх, С.Цэцэгмаа нар анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө юу ч мэдэхгүй, хараагүй, сонсоогүй гэсэн байдаг. Гэтэл дахин мэдүүлэг өгөхдөө хохирогчийн алдсан үхрүүдийг манай гэрийн ойролцоо байсан, Л.Б сураад явж байсан гэх мэтээр мэдүүлсэн. Гэрч О.Эрдэнэбат Л.Б-тэй 2 удаа шөнө үхэр тууж явахад нь таарсан гэж мэдүүлдэг бөгөөд шөнө таарсан байж хохирогчийн алдсан үхрийн зүсийг нэг бүрчлэн хэлсэн зэрэг нь тухайн гэрчүүдийн мэдүүлэг үнэнд нийцэхгүй байгаа юм. Дээрх байдлаас харахад хохирогч нь гэрчүүдэд нөлөөлж үг зааж өгсөн байдал харагдаж байна.

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад бидний зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авахуулах талаар хүсэлт гаргасан боловч мөрдөгч, прокурор нар үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж хэт нэг талыг барьж ажилласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх ял оногдуулсанд гомдолтой байна. Л.Б бид хоёрыг бусдад 25.980.000 төгрөгийн хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шалгасан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны 2016.04.20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2017.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Дээр дурдсан хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар үлэмж хэмжээний хохиролд хамаарч, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэх боломжтой болсон.

2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх бидэнд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Т.Ц би нөхөр Баянмөнхийн бусдын үхрийг хулгайлсан үйлдэлд хамтран оролцоогүй, гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заасныг зөрчиж Т.Ц надад ял оногдуулсан гэж үзэж байна. Нөхөр бид хоёрт хоёуланд нь хорих ял оногдуулснаар бидний хүүхдүүдийн эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Бид 4 хүүхэдтэй. Том хүү 21 настай их сургуульд суралцдаг боловч бидний хэргээс болж сургуульдаа явж чадахгүйд хүрээд байна. 4, 10, 14 настай 3 хүүхэд маань хараа хяналтгүй үлдэж, эрх ашиг нь давхар зөрчигдөж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Т.Ц надад холбогдох хэргийг бүхэлд нь, Л.Бөд холбогдох хэргээс нотлогдоогүй үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Мөрдөн байцаалтын шатанд тодорхой ажиллагаа хийлгэхээр хүсэлтүүд гаргаж байсан боловч мөрдөн байцаагч, прокурор хэт нэг талыг барьж, зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан. Анх 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 оны 11 дүгээр сараас гэрчүүдийн худал мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг болгон өөрчилсөн. Энэ нь мөрдөн байцаагч Г.Шинэбатын хууль бусаар цуглуулсан нотлох баримттай шууд холбоотой. 2016 оны 11 дүгээр сар хүртэл О.Эрдэнэбатын мэдүүлэг хавтаст хэрэгт байгаагүй. 2016 оны 6 сараас 2016 оны 10 сар хүртэлх шүүгчийн захирамж, тогтоолуудад 2016.05.26-ны өдөр хохирогч Ганцэцэгийн 7 тооны үхэр хулгайлж 4.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дурьдсан, харин 28 тооны үхрийн талаар огт байхгүй байна.

 ...Л.Б-ийн холбогдсон хулгайн хэрэгт түүний эхнэр Т.Ц-г эд хөрөнгө зарж борлуулахад хамжигчаар оролцсон гэж үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан ял халдаасан. Давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасныг журамлан Т.Ц-д ял халдаасан нь үндэслэлгүй. Л.Б малын гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот явахад Т.Ц цуг явсан, малын мах борлуулахад үнэ ханш асуун, мессеж бичсэн нь хулгайн гэмт хэргийн хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Цэцэгмаагийн үйлдэлд хамжигчаар оролцсон гэх шинж байхгүй байхад шүүх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байх тул Т.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Ц-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Т.Ц-гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Т.Ц нь нөхөр болох шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн хулгайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Б-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хохирогч С.Ганцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг мөрдөн байцаагч, прокурор үндэслэлтэй шийдвэрлэж байсан. Гэвч өмгөөлөгч Ж.Батбаатар өөрийн үйлчлүүлэгч Т.Ц-г хэргээс мулталж, хийсэн хэргийг нь хийгээгүй болгох гэж өөрөө хууль зөрчин гэрчүүдийг дарамталж, биечлэн уулзаж байсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Т.Ц энэ хэрэгт буруугүй байх ямар ч нотлох баримт байхгүй байхад гэрчүүдийг худал мэдүүлсэн гэж гүтгэж байна. Дээрх хэрэгт байцаалт өгсөн гэрчүүд шүүх хуралд өөрсдийн хэлсэн зүйлийг батлан ярьсаар байхад тэднийг худал хэлсэн гэж гүтгэж байгаа нь хуульч хүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл юм... Шинэ Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэрэг шинээр хуульчлагдсан бөгөөд Л.Б, Т.Ц нарын үйлдсэн гэмт хэрэгт 2-8 жил хорих ял оногдуулахаар заажээ. Давж заалдах шатны шүүх дээрх хүмүүсийг хохирлоо нөхөн төлөөгүй, өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураар хүлээн зөвшөөрөхгүй байхад ялыг хөнгөрүүлж оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Улсын дээд шүүх хорих ялыг нэмэгдүүлж болохоор заалт тусгагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Л.Б, Т.Ц нарыг хамтран оролцож гэмт хэрэгт үйлдсэн гэж дүгнэн, гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч нар хохирол барагдуулаагүй, мөрдөн байцаалтын шатанд гэрчүүдэд дарамт шахалт учруулсан зэрэг хууль бус үйлдэл хийсээр байтал давж заалдах шатны шүүх хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хавтаст хэргийн материалаас үзэхэд Т.Ц-гийн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл нь хангалттай тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлчилсэн нь буруу байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ж.Батбаатар, Д.Оюунбаатар, Д.Нарангэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч С.Ганцэцэг, шүүгдэгч Т.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Т.Ц, Л.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Б, Т.Ц нар нь 2015 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Дархан сумын нутаг “Бор мааньт” гэх газраас С.Ганцэцэгийн бэлчээр дээр байсан үхрээс 11 тооны, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 10 тооны, 2015 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 9 тооны, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 9 тооны, 2016 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 7 тооны үхэр тус тус хулгайлж, нийт 5 удаагийн үйлдлээр хохирогч С.Ганцэцэгт 25.980.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн, Л.Б, Т.Ц нарт хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Шүүгдэгч Л.Б, Т.Ц нарын үйлдэл нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, давтан үйлдлээр, олон тооны мал хулгайлж, их хэмжээний хохирол учруулах” гэсэн хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Л.Б, Т.Ц нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг “Олон тооны мал хулгайлсан” шинжээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд хохирогч С.Ганцэцэгийн гаргасан “ял хөнгөдсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Т.Ц-гийн “Надад холбогдох хэргийг бүхэлд нь, Л.Б-өд холбогдох хэргээс нотлогдоогүй үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”, өмгөөлөгч Ж.Батбаатарын “шүүгдэгч Т.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглаж байсан Л.Б-ийн өмчлөлийн 45-07 ХЭҮ улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн автомашиныг хурааж шийдвэрлээгүй нь буруу байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар дээрх тээврийн хэрэгслийг хурааж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 37 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-ийн өмчлөлийн 45-07 ХЭҮ улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт нэмж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Ганцэцэг, шүүгдэгч Т.Ц, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                       С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                   

                                                                                                Д.ГАНЗОРИГ

 

                                                                                                Б.ЦОГТ