Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 309
Хэргийн индекс 137/2017/0135/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Л.Ба-
Зүйл заалт 099.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Л.Ба-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2017/ДШМ/66 дугаар магадлалтай 1720000390019 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзулын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй Л.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Л.Ба-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ба-ыг ялаас чөлөөлж, шүүгдэгч Л.Ба- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан  хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан байна. Мөн Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх гэсэн зохицуулалтад хорихоос өөр төрлийн санкцтай зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас чөлөөлж болох зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх уг заалтыг зөвхөн хорих ялтай зүйлд хэрэглэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Л.Ба-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзулын гаргасан гомдлыг үндэслэн Л.Ба-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Ба-ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ба-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн хүнийг  торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ял оногдуулахаар тогтоосон, харин хорих ял оногдуулахаар заагаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хамаарна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзулын гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2017/ДШМ/66 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН