Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 310
Хэргийн индекс 132/2017/0099/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Га-
Зүйл заалт 126.3., 145.2.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Га-ад оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 214 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалтай ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Б.Га-ын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, эрэгтэй, 1991 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял, 1996 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 1999 онд 1 жил 2 хоног хорих ялыг тэнсэж, суллагдсан Боржигон овогт Баяраагийн Ганбат нь Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 33А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан 23 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 4 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 23 жил хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Б.Га-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 18 жил 04 сар 26 хоног хорих ял болгож, Б.Га-ын биечлэн эдэлсэн 10 жил 11 сар 23 хоногийг хасаж, эдлэх ялыг 7 жил 5 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...Б.Га-ыг” гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан багтаасан ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Га-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан Б.Га- гаргасан гомдолдоо: “Миний бие Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 33А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 23 жил хорих ял шийтгүүлсэн. Булган аймгийн шүүх миний эдлэх ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэхдээ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн атлаа үлдэж байгаа 19 жилээс 7 сар 4 хоногийг хассан. Энэ нь Эрүүгийн хуульд заасан ашигтай байдал болон эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэнтэй нийцээгүй тул дахин шалгаж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...ялтан Б.Га-ад оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан хорих ялтай дүйцүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж ял оногдуулах нөхцөлийг тус тус тодорхойлон заажээ.

Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээнээс их байвал шүүх ялыг шинэ хуулийн ялын агуулга, хэмжээнд дүйцүүлэн хасаж тооцох тухай ойлголт юм.

Анхан шатны шүүх Б.Га-ад оногдуулсан 23 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлж 18 жил 4 сар 26 хоног болгон дүйцүүлэн тогтоож, түүний биечлэн эдэлсэн 10 жил 11 сар 23 хоногийг хасаж, үлдэх 7 жил 5 сар 3 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Б.Га-ад 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 23 жил, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 23 жил хорих ял шийтгэжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөн ялыг хүндэд нь багтаах тухай ойлголт хасагдсан бөгөөд хорих ялыг нэмж нэгтгэх нь хөнгөн ялыг хүндэд нь багтаахаас өөр ойлголт тул давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх Эрүүгийн хуулийн дагуу эдэлж байсан ялыг дүйцүүлэн хасаж, ялыг хөнгөрүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул ялтан Б.Га-ын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 214 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Б.Га-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН