Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-10
Тогтоолын дугаар 264
Хэргийн индекс 186/2017/0101/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Э.Б, Б.Т, С.Э, Г.Г
Зүйл заалт 153.1., 192.1., 192.3.4., 194.1., 230.2.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

            Э.Б, С.Э, Г.Г, Б.Т нарт

               холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлалтай, 201601000176 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Э.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2002 оны 11 дүгээр сарын 14-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2008 оны 7 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 5 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж суллагдсан, Боржигон овогт Э.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад заасан “Давтан үйлдлээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан, борлуулсан” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт С.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, 2002 оны Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх заалтад заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг завших аргаар хууль бусаар олж авсан” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Г.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Олхонууд овогт Б.Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан”, 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн” гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Э.Б-ыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсан, С.Э-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг завших аргаар олж авсан, мөн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, давтан үйлдлээр хадгалсан, Г.Б-ыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Б.Тамирыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Э.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх заалтад зааснаар 12 жил хорих, С.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, Г.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, Б.Тамирт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус оногдуулж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т-т Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялыг багтааж, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, уг ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Тамирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, С.Э, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-т оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

-1 дэх заалтыг “Боржигон овогт Э.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн;

Тайж овогт С.Э-д Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн;

Боржигон овогт Г.Г-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн;

Олхонууд овогт Б.Т-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэж,

-2 дахь заалтыг “Э.Б-ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, С.Э-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Б.Тамирыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Г.Б-ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 3 дахь заалтыг ““Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жилийн хорих ялаар тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч С.Э, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 6 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 114 хоногийг, шүүгдэгч С.Э-гийн цагдан хоригдсон 208 хоногийг, шүүгдэгч Б.Тамирын цагдан хоригдсон 99 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж,

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 7, 9 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, ялтан Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ч.Болдбаатар, Ц.Дэлгэрням нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хэрэгт бодит дүгнэлт хийлгүйгээр намайг гэм буруутайд тооцож, мөрдөн байцаагч нар зодож, миний зөвшөөрөлгүйгээр машин болон байранд нэгжлэг хийж, эд зүйлүүд, машиныг минь хураан авсанд гомдолтой байна. Намайг 5 жил хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хар тамхи, мансууруулах бодисыг байнга тогтвортой хэрэглэж байгаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтран үйлдээгүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал, хорих ялыг тэнсэж хянан харгалзах гэсэн ойлголт байхгүй болсон. Би учруулсан хохиролгүй, хор уршиггүй байхад миний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх болсон нь учир дутагдалтай байна. Ганболор нь миний хамтран амьдрагч бөгөөд тухайн үед цагдаа нараас цочрон давчидсаны улмаас 3 сартай жирэмсэн байхдаа хүүхдээ зулбуулж алдсан. Миний хувьд гэмт үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Э.Б-д тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, ...гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулна” гэх заалтуудад нийцээгүй, түүний урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсныг харгалзан, харьцангуй өндөр ял шийтгэлийг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэж байх тул түүнд оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй дэглэмд ял эдлэхээр өөрчилж өгнө үү. Э.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш ихээр гэмшиж байгаа бөгөөд ар гэрийн байдал, бага насны 2 хүүхэд, жирэмсэн эхнэртэй зэрэг байдлыг харгалзаж үзнэ үү” гэв.

Шүүгдэгч Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэ хэрэгт Б.Тамирт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол байхгүй бөгөөд Э.Б-д 2016.09.16-ны 03:00 цагт эрүүгийн хэрэг үүсгэсэн, 2016.09.21-ний өдөр эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоолуудад Б.Тамиртай холбоотой нэг ч үг, үсэг байхгүй. ...Хэрэгт Б.Тамирын биед гэмтэл учирсан баримт авагдсан байдаг. Энэ гэмтлийг гэмт хэргийг таслан зогсооход аргагүй буюу гарцаагүй байдалд эсэргүүцэлтэй тулгарсны улмаас учруулаагүй ба гэмт хэрэг таслан зогсоогдсоны дараа санаатайгаар учруулсан байдаг. Энэ талаар өмгөөлөгч миний бие мөрдөн байцаагчид гомдол гаргасан ба үүнийг тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн хэлтсээр шалгуулна гэсэн боловч энэ ажиллагаа хийгдээгүй өнгөрсөн. Учир нь Б.Тамирын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх илт зөрүүтэй хохирогч нарын мэдүүлгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн. Хохирогч Хишигбаяр “ухарч мөргөсөн” гэсэн байхад хохирогч С.Гансүх “машиныг эрчээрээ мөргөж зогсоод буцаж ухраад дахин зугтахад баривчилсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Б.Т ухарч мөргөсөн бол өөрийнх нь машины ар хэсэг эвдрэх нь тодорхой ба ийм баримт хэрэгт байхгүй. Хохирогч С.Гансүхийн чигчий хуруу гэмтэхэд гэмтлийн зэрэг тогтоосон атал хоолой боолгож, амьсгал боогдсон, биед илт гэмтэл шарх үүссэн байхад гэмтлийн зэрэг тогтоогддоггүй нь эргэлзээ бүхий байна. Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэж заасныг үл биелүүлэн анхан шатны шүүх Б.Тамирыг бусадтай бүлэглэн мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан гэж, давж заалдах шатны шүүхээс “тэдгээрийн түүхий эдийг хадгалсан” гэж ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны зарчмыг гажуудуулж байна. Монгол  хэлний үг зүй, хэл найруулгын хувьд ч Б.Т мансууруулах бодисыг хаана хадгалсан болж байгаа нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Б.Тамирыг хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэсэн гэдэгтэй маргахгүй бөгөөд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Б.Тамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв буцаан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Э.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Э.Б, С.Э, Г.Б, Б.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Б, Г.Б, Б.Т нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 4.7 грамм, делта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 3.2 грамм, МDМА-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Ардын эрх сонины байрны авто зогсоол дээр 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” загварын автомашинд болон биедээ хадгалж, мөн өдөр Г.Б, Б.Т болон С.Э нарт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан,

Шүүгдэгч Г.Б, Б.Т нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Б-аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд хадгалсан, улмаар шүүгдэгч Б.Т нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн жолоодон явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хишигбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа унаж явсан 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашиныг өөрийн жолоодож явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар санаатайгаар мөргөж гэмтээн 204.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчлэхдээ холбогдох хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Б урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, 2015 оны 5 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж суллагдсаны дараа дахин мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 4.7 грамм, делта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 3.2 грамм, МDМА-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг хууль бусаар олж авч, хадгалж байсан нь нэг хүний, нэг удаагийн  хэрэглээнээс давсан хэмжээ бөгөөд Э.Б нь өөрт байсан мансууруулах бодисыг С.Э болон хамтран амьдрагч Г.Б нарт давтан үйлдлээр өгсөн, Г.Б нь уг бодисыг Б.Тамиртай хамт хэрэглэсэн үйл баримтыг үндэслэн Э.Б-ыг мансууруулах бодисыг бусдад хэрэглүүлэх буюу борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад борлуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-ын “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б-ын “Бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Тамирын “Бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, мөн “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар, мөн “Бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Б-ын гаргасан “Хэрэгт бодит дүгнэлт хийлгүйгээр намайг гэм буруутайд тооцож, мөрдөн байцаагч нар зодож, миний зөвшөөрөлгүйгээр машин болон байранд нэгжлэг хийж, эд зүйлүүд, машиныг минь хураан авсанд гомдолтой байна. Намайг 5 жил хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд гэмт үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх, өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан “...Э.Б-д тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, ...гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулна” гэх заалтуудад нийцээгүй... байх тул түүнд оногдуулсан ялыг багасгаж, нээлттэй дэглэмд ял эдлэхээр өөрчилж өгнө үү.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

Түүнчлэн хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан “...Б.Тамирын биед учирсан гэмтлийг ... гэмт хэрэг таслан зогсоогдсоны дараа санаатайгаар учруулсан байдаг. Энэ талаар гомдол гаргасан боловч ажиллагаа хийгдээгүй, Б.Тамирын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх илт зөрүүтэй хохирогч нарын мэдүүлгийг үндэслэл болгон шийдвэрлэсэн... Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Б.Тамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч С.Э-д холбогдох хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 149 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай хяналтын шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаар тогтоолд /хх-37/ тусгагдсан заалт бүрэн биелэгдээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх С.Э-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэв.

Тухайлбал, шүүгдэгч С.Э-гийн гэрээс хураагдсан 19 гр мөс, 0.7 гр экстаз гэх мансууруулах бодисыг тэрээр хэрхэн олж авсан үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийхдээ С.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “уг мансууруулах бодисуудыг шатны хонгилоос санамсаргүй олж авсан, эсхүл Ким гэх солонгос хүний орхиж явсан цүнхнээс олж авсан...” гэх илтэд зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг “завших” аргаар олж авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлд зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Э-д холбогдох мансууруулах бодисыг “завших” аргаар олж авсан үйл баримт тогтоогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мансууруулах бодисыг хууль бусаар гэртээ “хадгалсан” үйлдэл, холбогдлыг хамтад нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Э-гийн хувьд олон удаагийн хэрэглээг хангах мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг гэртээ хадгалж, уг бодисноос хэрэглэж байсныг нотлох баримт болох Д.Мөнхцэцэг, Б.Сайнзаяа нарын энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн “С.Э-гийн байрыг нүүлгэлцэж өгөөд мөс гэх бодисноос 3-4, 4-5 удаа сорсон” гэх /хх-70, 76/, мөн Д.Мөнхсайханы яллагдагчаар өгсөн “…Дашчойлон хийдийн орчим машин дотор сэрэхэд Энхтуяа гадаа хүнтэй уулзаад зогсож байсан, машины голын хайрцаг дээр байсан соруултай хуванцар сав байхаар нь… соруулаар нь 2 удаа сорсон” /6хх-214/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Э-гийн мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар бусдад хэрэглүүлэх зорилгоор шилжүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж  авсан, хадгалсан, борлуулсан…”, эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан…” гэмт хэргийн шинжийг хангасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч С.Э, Э.Б нарын холбогдсон ижил төстэй үйлдэлд Эрүүгийн хуулийг өөр өөрөөр, буруу тайлбарлан хэрэглэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах бодисыг борлуулах” гэсэн хууль зүйн ойлголт нь мансууруулах бодисыг дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт болохыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолд албан ёсоор тайлбарласан бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцож, хууль хэрэглэх талаар урьд нь С.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 120 дугаар тогтоолд /хх-37/ дурьдсаныг анхаарах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч С.Э-д холбогдох хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсан үйлдлийг нотолсон баримтыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй атлаа шүүгдэгч Э.Б-ын “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” үйлдэлд “худалдаалах зорилго” байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Э.Б-ыг “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ын үйлдэлд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнээс гадна давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Э, Б.Т нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн буюу эрх зүйн байдлыг дордуулсан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, мөн шүүгдэгч Г.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчилж зүйлчлээгүй атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хэвээр үлдээх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй тул холбогдох давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн “... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн жолоодон явсан “Тоёота Приус-20” загварын автомашинаар мөргөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн өдөр хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа унаж явсан автомашиныг өөрийн жолоодож явсан “Тоёота Приус-20” загварын автомашинаар санаатай мөргөж гэмтээн 204.500 төгрөгийн хохирол учруулсан…” үйлдлүүд нь бүхэлдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан хэдий ч анхан шатны шүүхээс тухайн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг зааснаар оногдуулсан баривчлах ял нь 2015 оны Эрүүгийн хуулиар ялын төрлөөс хасагдсан тул Б.Т-ыг уг ялаас чөлөөлж, харин бусдын эд хөрөнгө санаатай гэмтээж 204.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн “бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг хангахгүй байх тул “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай шийдвэр гэж үзсэн болно.

Давж заалдах шатны шүүх “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ... “хорих ялыг тэнсэж, хянан харгалзах” гэх ойлголт байхгүй болсон ... тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-тоногдуулсан ял дээр өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэсэн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Б.Т-т оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэгтгэхгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-т 2 өөр тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1, 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3,  дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар магадлалын шүүгдэгч С.Э-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд буцаасугай.

2.Магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож,

Шүүгдэгч Боржигон овогт Э.Б-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг бүхэлд нь багтааж, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т-ыгЭрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж,  

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 6 сар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.”     

4.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Хэргийг шүүхэд очтол С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Б.ЦОГТ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН