Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-15
Тогтоолын дугаар 269
Хэргийн индекс 185/2017/0214/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Ц
Зүйл заалт 17.3.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар магадлалтай, 201525021795 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дагвасамбуу овогт Б.Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Ц-г бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн үнэ бүхий будаа агшаагчийг хурааж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Ц-гийн цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчийн хамтран өмчлөх 35.000.000 төгрөгийн үнэтэй газар, хувийн орон сууцны хувьд оногдох хэсгийг Шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан гаргуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-гаас 33.687.902 төгрөг гаргуулж хохирогч Б.Аюушсүрэнд 6.900.000 төгрөг, Д.Цэрэнхүүд 6.577.000 төгрөг, А.Насанжаргалд 3.911.000 төгрөг, Б.Баатарзоригт 2.750.000 төгрөг, Ц.Амаржаргалд 246.000 төгрөг, Ч.Амаржаргалд 2.196.000 төгрөг, О.Уранчимэгт 2.850.000 төгрөг, Б.Булгантамирт 910.000 төгрөг, Л.Даваанямд 2.434.092 төгрөг, Б.Урантулгад 200.000 төгрөг, Г.Сарантуяад 4.547.810 төгрөг, Ч.Амаржаргалд 166.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар магадлалаар:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авсан гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Ч.Амаржаргалд 2.196.000 төгрөг” гэснийг хасч, ялтан Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч ахмад Болор-Эрдэнэ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж намайг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Би тухайн үед Лхагвасүрэн гэх хүнээс мөнгө авах ёстой байсан учир миний Хаан банкны данс руу 4.650.000 төгрөг хийсэн байдаг. Энэ талаар гомдол гаргаж Лхагвасүрэн гэх хүний гэрийн хаяг, утасны дугаар, унаж явсан машин гээд бүх мэддэг мэдээллээ өгсөн боловч байцаагч Түвшин-Эрдэнэ миний гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаагч, прокурор нь надад холбогдох хэргийг анхнаас нь буруу шалгаж, мөрдөн байцаалтын шатанд байнга дарамталж, намайг хорьж цагдана гэж айлгаж надад огт хамааралгүй хэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийж байсан. Мөн прокурор Мөнх-Эрдэнэ хохирогчтой холбоотой хувийн харилцаагаа ашиглан хэтэрхий нэг талыг барьж хохирогчийн талд ажилласан. Энэ байдлын улмаас надад холбогдох хэргийг хүндрүүлэн буруу зүйлчилж, хохирлын хэмжээ маш их зөрүүтэй гарсан. Би хэрэгт холбогдсон үедээ нэг ч удаа хэргийн материалтай танилцаж байгаагүй. Хүчээр дарамталж гарын үсэг зуруулдаг байсан. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй. Давж заалдах шатны шүүх ч мөн адил шинэ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Миний бие хэрэгт холбогдох үедээ жирэмсэн байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хорих 407 дугаар ангид төрсөн. Одоо хүүтэйгээ цуг хорих ангид ял эдэлж байна. Хариуцлагагүй хөнгөн хийсвэр зангаасаа болж олон хүнийг хохироож итгэлийг нь алдсандаа гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Б.Ц нь ял эдэлж байх хугацаандаа хүүхэд төрүүлж, хүүхдийнхээ хамт ял эдлэж байна. Шүүгдэгч Б.Ц өмнө ял шийтгэгдэж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялгүй болсон. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан “...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах гэсэн заалтын 1 дүгээрт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх настай хүүхдийн эх, ганц бие ээжид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жил хүртэлх хугацаанд хойшлуулж болно” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой нөхцөл байдал шүүгдэгч Б.Ц-д байгаа тул тус хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ц нь 15 иргэнийг залилан мэхэлж, нийт 38.842.902 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Нийт хохирлоос 33 сая төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа нь шийтгэх тогтоолоос харагдаж байна. ...Шүүгдэгч Б.Ц-гийн хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Б.Ц-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдын 38.842.902 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-гийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Б.Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэн Б.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хууль буруу хэрэглээгүй байна.

Харин хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэргийн бүх ажиллагааг хянаж үзсэнээр, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Б.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн, 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 30-ны өдрүүдэд Баянзүрх эмнэлэгт хүүхдээ эмчлүүлсэн” зэрэг баримтуудыг болон одоо хүүхдийн хамт хорих ял эдэлж байгаа зэргийг харгалзан Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор түүний ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдэж баривчлах ялаар шийтгүүлсний дараа дахин энэ төрлийн гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр хийсэн ба бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул хорихоос төрлийн ял оногдуулах талаар шүүгдэгчийн гаргасан гомдол, мөн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай өмгөөлөгчийн гаргасан саналыг тус тус хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц-гийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Б.ЦОГТ

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН