Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-22
Тогтоолын дугаар 279
Хэргийн индекс 185/2017/0165/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Т
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаар магадлалтай, 201525020496 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт М.Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Т-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

 “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан заалттай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн “шүүгдэгч М.Т-ийн үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв юм. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллах нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч М.Т-ийг өөрийн төрсөн дүүгээ санаатай алсан гэх үйл баримтад шууд холбогдолгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс хамгийн сүүлд хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй, тухайн үед зодоон болоогүй гэж удаа дараа тогтвортой мэдүүлдэг. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

            Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн М.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

            Анхан шатны шүүх М.Т-д холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16 Б тоотод согтуугаар төрсөн дүү М.Эрдэнэбатыг 2 удаа хутгалж санаатай алсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1-т заасан “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга; мөн зүйлийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг хангалттай дүгнэж чадаагүй ба цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Иймд М.Т-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн 603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

              ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Б.ЦОГТ