Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 311
Хэргийн индекс 187/2017/0017/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Б, Н.Б, О.Л
Зүйл заалт 145.2., 147.2.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Б, Н.Б, О.Л нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Яринпил, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 658 дугаар магадлалтай, 201626030567 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ж.Яринпил, шүүгдэгч О.Л-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн, орон байранд нэвтрэн бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах”, 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Анчин шарнууд овогт О.Л нь 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Б.Булганбаатарыг давтан үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Булганбаатарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Булганбаатарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарын эдлэх ялыг тус бүр жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар магадлалаар:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын

-Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Боржигон овогт Баасансүрэнгийн Булганбаатар, Боржигон овогт Насандэлгэрийн Баатарсүрэн, Анчин шарнууд овогт Отгонпүрэвийн Лхагвабат нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн хэсгийг “...Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарыг тус бүр 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн хэсгийг “... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2, 3.3 дугаар зүйлийг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарыг тус бүр 3 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Булганбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлж,

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан Н.Баатарсүрэн, ялтан О.Лхагвабатын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч О.Лхагвабатын өмгөөлөгч Н.Цэрэндулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар О.Лхагвабат нь дээрмийн гэмт хэргийг шууд үйлдсэн  болох нь хангалттай тогтоогдоогүй. Тухайн хэрэг маргаан болох үед Лхагвабат дэргэд нь байгаагүй, сүүлд араас нь ирж байх үед газар гар утас хэвтэж байхаар нь аваад явсан. Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, санаа зорилго сэдэлтийг анхаарч үзэлгүй эрүүгийн хариуцлага оногдуулсан. Лхагвабатын хувьд дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Хохирогч Энхболдын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй байхад шүүх ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоож хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах цагаатгах ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно гэх заалтуудыг ноцтой зөрчсөн. Энэ асуудалд шүүх анхаарлаа хандуулаагүйд гомдолтой байгаа. О.Лхагвабат маргааны явцад газар унасан гар утсыг аваад явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан байхыг үгүйсгэхгүй. О.Лхагвабатад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.Баатарсүрэн нь Б.Булганбаатар, О.Лхагвабат нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа урдаас ирж явсан хохирогч Х.Өлзийсайхантай шүргэлцэн маргалдаж, харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан байдаг. Хохирогч Х.Өлзийсайхан биеэ хамгаалах гэж цүнхээ эргүүлж савчих үед гадуур хувцасны халаасанд байсан гар утас нь унасан. Х.Өлзийсайханы гар утас унахыг О.Лхагвабат хараад аваад зугтсан нь тогтоогддог. Унасан гар утсыг авч зугтаад Энхтайваны гүүрэн дээр очоод сууж байтал араас нь Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн хоёрыг очихоор нь О.Лхагвабат хохирогч Х.Өлзийсайханы газар унасан утсыг би авсан гэж үзүүлдэг. Харин Ж.Энхболд, Х.Өлзийсайхан хоёр цагдаад мэдэгдсэн учраас машинтай 3 хүн ирж О.Лхагвабатыг гүүрэн дээрээс барьж авсан. О.Лхагвабатын газраас авсан гар утсыг Булганбаатар авч зугтаад 30.000 төгрөгөөр зараад өөртөө мөнгийг нь хэрэглэсэн нь тогтоогддог. Хохирогч Х.Өлзийсайханы гар утас зодолдож байх явцад газар унасан, уг гар утсыг О.Лхагвабат авсныг Б.Баатарсүрэн тухайн үедээ мэдээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Б.Баатарсүрэнгийн хохирогч Х.Өлзийсайхантай харилцан зодолдсон үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Яринпил, шүүгдэгч О.Лхагвабатын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Булганбаатар, Н.Баатарсүрэн, О.Лхагвабат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Булганбаатар нь бусадтай бүлэглэн хулгайлах, шүүгдэгч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Булганбаатар нь бусадтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 3-15 тоотод оршин суух О.Мягмарсүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн телевизор хулгайлж, 210.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 3 дугаар сарын 23-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-15 тоотод оршин суух Н.Оюунтунгалагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн телевизор хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадаа хохирогч Ж.Энхболд, Х.Өлзийсайхан нарын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж Ж.Энхболдын биед хөнгөн гэмтэл учруулан, “Самсунг нөүт-1” загварын гар утас, “Ай-пад” зэрэг эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Б.Булганбаатарын бүлэглэн, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бага бус хэмжээний эд хөрөнгө хулгайлах, шүүгдэгч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарын бүлэглэн бусдын эд хөрөнгө дээрэмдэх үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарт хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Б.Булганбаатар, О.Лхагвабат, Н.Баатарсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, тус бүр 3 жил хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч О.Лхагвабатын өмгөөлөгч Н.Цэрэндуламын гаргасан “О.Лхагвабатад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлаж өгнө үү” гэх, шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Яринпилын гаргасан “Н.Баатарсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Яринпил, шүүгдэгч О.Лхагвабатын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 658 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ж.Яринпил, шүүгдэгч О.Л-ын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН