Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-08
Тогтоолын дугаар 255
Хэргийн индекс 149/2015/0080/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ж.Б
Зүйл заалт 215.4.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогч Т.Д-ын өмгөөлөгч Д.Баттөмөр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Данзанноров,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалтай, 201518020129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж-гийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх прокуророос Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг болгон өөрчилж, Ж.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас 2 хүний амь нас хохирсон, 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд буцааж, хэргийг шүүхэд очтол Ж.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров, Р.Пүрэвлхам, Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Улаанбаатар хотоос осол болох хүртэл хугацаанд би 2 удаа, талийгаач Ч.Г 2 удаа тээврийн хэрэгслийг жолоодсон ба осол болох үед Ч.Г жолоодож явсан. Найз охиндоо жолоог шилжүүлснээс болж осол гарсанд би, миний аав, ээж маш их харамсаж, ах дүү, хамаатан садан бүгд банкнаас зээл аван хоёр талийгаачийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн бүх хохирол /36,000,000 гаруй төгрөг/-ыг сайн дураараа бүрэн барагдуулсан ч өөрийн хийсэн хэрэгтээ гүнээ харамсан гэмшиж, сэтгэл санааны хувьд гүн дарамттай явдаг. Давж заалдах шатны шүүх шинжээчийн 1842, 10/24, 178 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо илт зөрүүтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий байна. Учир нь хэн хэн гэдэг шинжээчийн ямар ямар дүгнэлтүүд нь юугаараа зөрүүтэй байгааг тодорхойлж өгөөгүй нь учир дутагдалтай, үндэслэл муутай байна. Мөн давж заалдах шатны шүүх гэрч Г, Д, Н, Ц, С, М, С, Ц, шинжээч эмч Ц нарын мэдүүлгүүд харилцан бие биенээ үгүйсгэсэн шинжтэй байна гэж тодорхойлсон боловч ямар асуудал дээр ямар гэрчийн мэдүүлгүүд нь нэг нэгнийгээ үгүйсгэж зөрүүтэй байна гэснийг тодорхойлж тогтоож чадаагүй нь ойлгомжгүй байна. Прокурор Э.Э, Ц.О нар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан ба хохирогч Э.Б “уг хэрэгт холбогдолтой хүмүүс хотод байгаа тул энэ асуудлыг хотод шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол гаргасны дагуу Тээврийн прокурорын газарт хэргийн харьяалал тогтоож, өмнөх прокуроруудын тогтоолыг дур мэдэн хүчингүй болгож, үндэслэлгүйгээр хэргийг сэргээж, шинжилгээний дүрэм, журмаа зөрчин 3 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулан, дахин мөрдөн байцаалт явуулж, хяналтын прокурор Н.А нь хэргийн зүйл ангийг хүндрүүлж, хэт нэг талыг барьж ялласан байсан ч анхан шатны шүүх үнэн бодит байдалд нийцүүлэн шийтгэх тогтоол гаргасан юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь ор үндэсгүйгээр үйл явдлыг зохиож гүтгэн, өөрийнхөөрөө аашилж байгаад анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтад хийгээгүй хэргийг хийсэн болгож буруутган яллаж, миний эрх зүйн байдлыг дордуулж ирсэн билээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ бодитойгоор, тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, харин анхан шатны шүүх уг хэрэгт тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх шинжээчийн 1842, 10/24, 178 дугаартай дүгнэлтүүд хоорондоо илт зөрүүтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дүгнэлтүүдээс харахад яг юу нь зөрүүтэй байгаа нь тодорхойгүй, магадлалын тодорхойлох хэсэгт энэ талаар дурдаагүй орхигдуулсан. Тухайлбал, 1842 дугаартай шинжээчийн дүгнэлтээр мөрдөн байцаагчийн тавьсан 2 асуултанд шинжээч өөрт тавигдсан асуултын хэмжээнд өөрийн тусгай мэдлэгээр дүгнэлтээ /Шинжээч Г.Ц ...зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл дээр үндэслэж дүгнэлт гаргасан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн ба ...жолоочийн суудал дээр сууж явсан хүн арын суудал руу шидэгдэх боломжтой эсэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй хариу өгч чадаагүй/ гаргасан ба 10/24 дугаартай ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, шинжээчээр дүгнэлт гаргах үед 4-37 жил ажиллаж байсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр ... мөрдөн байцаагчаас тавьсан 6 асуултанд өөрсдийн тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгч, 1842 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлгүй гэдгийг баталсан бол 178 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд ... мөрдөн байцаагчаас тавьсан 14 асуултанд ... шинжээч нарын тусгай мэдлэгээс хэтэрсэн эсхүл тогтоох боломжгүй байх тул хариулт өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасан эрх, үүргийнхээ хүрээнд тус тус дүгнэлт гаргасан, хууль зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна. Зам тээврийн ослоос амьд үлдсэн хохирогч Т.Д, гэрч Н.Г нар нь осол болох үед тухайн машин дотор талийгаач нартай хамт явж байсан, хэргийн талаар тодорхой харсан, үзсэн, мэдэх хүмүүс бөгөөд анхнаасаа мэдүүлгээ тогтвортой өгч эх сурвалжаа тодорхой заасан. Харин бусад гэрч нар нь яг зам тээврийн осол болох үед машин дотор хамт яваагүй, хараагүй, хажууд нь байгаагүй, осол болохоос өмнөх буюу осол болсны дараа очсон, харсан, бусдаас сонссон зүйлийн талаар мэдүүлдэг боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, цаг хугацааны хувьд өөр өөр бөгөөд харилцан бие биенээ үгүйсгэсэн мэдүүлгүүд байхгүй, үгүйсгэсэн гэдэг нь нотлогдоогүй, гэрчүүд хэн тээврийн хэрэгслийг жолоодож явсныг асуухад Ч.Г тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэдгийг тодорхой хэлсэн, Ж.Б ч эхнээсээ тогтвортой мэдүүлэг өгч, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан, тэр нь хохирогч, гэрчүүдийн болон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх яг хэний мэдүүлэг хэн гэдэг гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдээд байгааг тодорхой зааж дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэсэн ерөнхий, ойлгомжгүй, эргэлзээ бүхий нэг талыг барьсан хэргийн үйл баримт, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч Л.Данзанноровын ШШТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 2 дахь заалтуудыг мөрдөн байцаагч зөрчиж, шинжээч нараас мэдүүлэг аваагүй гэснийг давж заалдах шатны шүүх магадлалыг танилцуулахдаа ...мөн шинжээч нараас мэдүүлэг аваагүй, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр тээврийн хэрэгслийн урд талд сууж явсан хүн арын суудал руу шидэгдэх боломжгүйг нотолсон гэж тодотгон тайлбарласан атлаа түүнийгээ магадлалд тусгаагүй нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийснийг баталж байна. Мөн магадлалд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан журмын дагуу мөрдөн шалгах туршилт хийж гүйцэтгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхээр дахин хэрэг хэлэлцэх, мөрдөгч мөрдөн шалгах туршилтаар 120-140 км цагийн хурдтай явсан тээврийн хэрэгслийн газраас хөндийрч агаарын тодорхой орон зайд хийгдсэн хөдөлгөөн, үйлдэл, ямар хөдөлгөөн, үйлдлийн үед жолоочийн суудал дээр сууж явсан хүн тээврийн хэрэгслийн арын суудал руу шидэгдэх боломжтой эсэхийг шулуун замд буюу хөдөлгөөнгүй биет дээр, хөдөлгөөнгүй орон зайд, адил маркийн тээврийн хэрэгсэл дээр нөхөн сэргээн дүрслэн гүйцэлдүүлэх, тогтоох боломжгүй үндэслэлийг тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь хянаж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч Ц.Өлзийбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтын түвшинд үнэлж, хэргийн бодит байдалтай нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх шинжээч нарын дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй гэж дүгнэсэн ч, юу нь зөрүүтэй байгааг магадлалдаа тусгаагүй. Мөн гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй. Зам тээврийн ослоос амьд үлдсэн хохирогч Т.Д, гэрч Н.Г нар нь хэргийн үйл явдлыг харсан хүмүүс бөгөөд мэдүүлгээ тогтвортой өгч, эх сурвалжаа заасан. Бусад гэрчүүдийн хувьд зам тээврийн осол болох үед тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчоогүй, хэргийн үйл явдлыг хараагүй, зам тээврийн ослын өмнөх болон дараах үйл явдлуудыг харсан, бусдаас сонссон зүйлээ мэдүүлдэг ч эх сурвалжаа заагаагүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийг зөрчсөн. Хөдөлгөөнтэй тээврийн хэрэгсэл дээр гарсан зам тээврийн ослыг хөдөлгөөнгүй тээврийн хэрэгсэл дээр дахин нөхөн гүйцэлдүүлж, тогтоох боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч Д.Энхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлага хангасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-гийн өмгөөлөгч Л.Данзанноров хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоох шаардлагын үүднээс шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч Ж.Б-н өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын туршилт дахин хийлгэхээр давж заалдах шатны шүүхийн магадлалд заасныг шинжээчийн дүгнэлт дахин гаргахтай дүйцүүлж байна. Өмнөх туршилтыг шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч өөрөө туршилтад оролцсон тул хүчингүйд тооцсон. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э-гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Ж.Б болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч Т.Д-ын өмгөөлөгч Д.Баттөмөр хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал баримтлах үүрэггүй ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй бол үндэслэлээ заах ёстой. Хэргийг нотолж буй гэрч нарын мэдүүлгийг заавал шинжээчийн дүгнэлтээр нотлох шаардлагагүй. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг харсан гэрч нарын мэдүүлэг нь хэргийн өмнөх болон дараах байдлыг харсан гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн материалтай танилцахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яллах талын нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэл, түүний агуулга, нотлох баримт нь тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас Ж.Б-г 2015 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос 147 дахь километр замд хххулсын дугаартай Toyota Allion загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, зорчигч Ч.Г, Ч.Д нарын амь насыг хохироож, Н.Г-ийн биед хөнгөн гэмтэл, Т.Д-ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.Б-г осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан эсэхэд эргэлзээ үүссэн, харин Ж.Б нь осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ч.Г-д жолоогоо шилжүүлж, Ч.Г тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг ослыг гаргаж, Ч.Г өөрөө болон Ч.Д нар амь хохирч, Н.Г-ийн биед хөнгөн гэмтэл, Т.Д-ын биед хүнд гэмтэл учирсан гэж дүгнэн, Ж.Б-н хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Ж.Б-д оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийг хянаад “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан журмын дагуу мөрдөн шалгах туршилт хийж гүйцэтгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Энэ хэргийн шүүгдэгч Ж.Б, эсхүл Ч.Г нарын хэн нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь эргэлзээтэй бөгөөд осол болсны дараа Ч.Г тээврийн хэрэгслийн арын суудалд Н.Г, Ч.Д нарын дунд нас барсан байдалтай байсан нь тогтоогдсон байна.

Амь хохирогч Ч.Г уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол болох үед арын суудал руу шидэгдэж нас барсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлтүүд удаа дараа гаргуулсан бөгөөд үүнээс анхан шатны шүүх 10/24 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхдээ энэ нь тухайн үед хамт явсан болон араас нь дагаж явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан гэрч нарын мэдүүлэг, мөн зөрүүтэй болон асуултад хариулаагүй шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдал зэрэг бусад нотлох баримтуудтай хэрхэн холбогдож байгаа, эсхүл эдгээрийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл буюу “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”-т тавигдах хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг яг тийм хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, туршиж үзэх бололцоогүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дээр дурдсан заалтаас бусад заалтыг хэвээр үлдээж, гэм буруугийн асуудлаар маргаж буй талуудын гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Энхбаатар нарын гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                    ШҮҮГЧ                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН