Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-10
Тогтоолын дугаар 262
Хэргийн индекс 106/2016/0049/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Б
Зүйл заалт 093.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д,

хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Булган,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дүгээр цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 480 дугаар магадлалтай, 201526022112 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б-г цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Г.Батбаяр, Т.Булган нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.П нь Д.Б-г нүүр, ар нуруунаас нь цохих мэт хөдөлгөөн хийж хутгалж эхэлсэн цаг мөчөөс Д.Б-н амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн хэмээн тодорхойлж байгаа. Д.Б-н мэдүүлэгт байх “...П-гийн хутгыг булааж аваад” гэсэн нь хохирогч хутгагүй, гар мухар болж довтолгоон хийх үйлдэл зогсож аюул арилсан байгааг харуулж байна. Гэвч үүнийг нотлох хатгагдсан шарх дүгнэлтэд байхгүй, алуурчны өмсөж явсан хувцсан дээр араас хатгасан, зүсэлтэнд урагдсан ул мөр байхгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Д.Б нь хутгыг булаан авах тэр мөчид миний хүүгийн довтолсон гээд байгаа үйлдэл нь дууссан учир үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэхдээ миний хүү хэзээ ч хутга хэрэглэж байгаагүй бөгөөд довтолгоон хийхээр хүн биш. Шүүх алуурчны үгээр хэргийг үнэлж дүгнэн буруу үйл явдлыг бий болгосон. Хэрэгт авагдсан нотлох баримт гээд байгаа гэрч Э.Т-гийн мэдүүлэг, “Заяа” нэртэй мухлагийн камерын бичлэг, “Эмийн сан”-гийн камерын бичлэг, “Ариун төв” халуун усны газрын бичлэг зэргийг нотлох баримтад тооцож буй хирнээ Т.Д-гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч З.Б, Э.М, замын цагдаагийн ажилтан гэрч Х.М-ийн мэдүүлэг, гэрч Э.Б, Т.С, Д.Ө, С.Д, Э.Т, Д.Б, Б.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шууд хөдөлбөргүй нотлох баримт биш гэж үзэж байгаа нь шүүгч хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь харагдаж байна. Шүүх хянах хэсэг дээрээ Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг хэрэглэсэн. Энэ заалтууд нь огт хамааралгүй заалт учир шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Д.Б мэдүүлэхдээ “...хохирогч П намайг хутгалмагц би …хутгыг булааж аваад зөрүүлж хутгалсан. Нүд рүү хутгалсан байсан болохоор юу ч харж чадаагүй. Цээжинд минь хутгалсан байсан” гэсэн. Шинжээч эмч шүүх хуралд “...Б-ийн цээжний хөндийг хатгасан гэмтэл нь П-г амь насаа алдсаны дараа авсан гэмтэл бөгөөд энэхүү гэмтлийг авсан хүний цээжний хөндийд хоромхон зуур агаар дүүрч ямар ч хөдөлгөөн хийх чадваргүй болдог” гэж мэдүүлсэн нь Д.Б хэргийн газраас оргон зайлах явцдаа хаашаа ч зугтах боломжгүй нөхцөлд цагдаад баригдах үедээ өөрийгөө хутгалж гэмтээсэн болохыг нотолж байна. Мөн цагдаад баригдах үед машины жолооны дор шалан дээр түүний цусны бүлгийг агуулсан хутга хэвтэж байсан, М.П-д нүд рүүгээ хутгалуулаад юу ч харах чадваргүй болсон мөртлөө өмнөө байгаа хүнийг олон удаагийн үйлдлээр оновчтой хутгалж алчихаад, хараагүй болсон нүдээрээ орчныг харан утсаар ярьж, машинаа бариад явж байсан гэх этгээдийн мэдүүлгийг шүүх анхааралтай нягтлан үзэж үнэлэн дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь заалтыг зөрчиж байгааг харуулж байна. Д.Б нь өөрийгөө хамгаалсан нь үнэн юм бол хутган дээрх сүүлчийн цус М.П-гийн цусны бүлэгтэй тохирох байсан. Үүнийг анхаарч үзээгүй. Д.Б-ийн цээжин дэх шарх нь М.П-г нас барсны дараа олсон шарх мөн гэсэн шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй. Цээжний хөндийд агаар орсноор хоромхон зуур хөдлөх тэнхэлгүй болдог гэсэн шинжээч эмч О-ийн мэдүүлэгт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс болж хөдөлгөөн хийх чадваргүй гэмтэл авсан Д.Б хохирогч М.П-тэй удаан хугацаанд амь өрссөн тэмцэл хийж Д.Б М.П-гийн баруун гарын 4 хурууг тасдаж, нэвт сүвлэсэн нь нэг удаагийн үйлдлээр үү, хэд хэдэн удаагийн үйлдлээр хурууг нь тасдсан гэдгийг тогтоогоогүй байгаа нь хэргийн бодит үнэн алдагдсан, шүүх хэргийг харсан мэтээр дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн юм. Д.Б-ийн гэмтлийн зэргийг тогтооход хатгагдсан гэсэн дүгнэлт гараагүй, зүсэгдсэн гэсэн дүгнэлт гарсан нь энэ гэмтлийг өөрөө өөртөө учруулсан гэдгийг нотолж байна. Ар нуруунаасаа авсан гэх гэмтлийг хувцастай үедээ авсан эсхүл нүцгэн үедээ авсан гэдгийг тогтоогоогүй. Мөн Д.Б-ийн сэтгэцийн талаарх анхны дүгнэлт, сүүлчийн дүгнэлт зөрүүтэй байгаа, түүнийг нэгтгээгүй. Сэтгэл санаа цочрон давчидах гэдэг нь хурдан хугацаанд гэрэл цахилгаан мэт болж өнгөрөхийг шаардсан байдаг. Гэтэл дээрх гэмт хэрэг нэг цаг орчмын хугацаанд үйлдэгдсэн гэдгийг шүүх анхаарч үзэх үүрэгтэй байсан. Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байхад шүүх Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл гэж буруу дүгнэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Б-ийн сэтгэцэд заавал шинжээч томилж бусдыг хүчирхийлэх зан авир байгаа эсэх, бэлгийн чиг хандлага тогтоох шаардлагатай, үнэн ярьж байгаа эсэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийж полиграфийн шинжилгээнд хамруулах шаардлагатай байхад шүүх үүргээ биелүүлээгүй. Хүний амьд явах эрх бол хүн болгоны заяамал эрх. Үндсэн хуулийн 16.1 дэх хэсэгт амьд явах, халдашгүй чөлөөтэй байх гэсэн эрхэнд нийцүүлэн Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд байх аргагүй хамгаалалт гэсэн ойлголт, зүйлчлэлийг хууль тогтоогч бий болгосон. Гэхдээ энэ нь хязгаарлагдмал хүрээнд үйлчлэх болохоос гэмт этгээдийн өөрт ашигтайгаар тайлбарлаж ярьснаар үйлдэл, үр дагавар болон шалтгаант холбоо болгонд хэрэглэгдэхгүй. Улсын дээд шүүхийн тайлбараар хамгаалалт нь цаг үеэ олсон, өөрөөр хэлбэл нэгэнт эхэлсэн үргэлжилж байгаа хараахан төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн байх ёстой. Нийгэмд аюултай халдлага нэгэнт төгссөн, тулгарсан аюул арилсан нь тодорхой байхад халдлагыг үргэлжлүүлэх замаар халдагчид гэм хор учруулах нь аргагүй хамгаалалтын агуулгыг алдагдуулна. Д.Б-ийн үйлдэл нь хуульд байхгүй онц харгис хэрцгий аргаар хамгаалалт гэгчийг хэрэгжүүлж, зэвсэггүй гар мухар хүний өөрийгөө хамгаалахаар амь тэмцэн тэмцэлдэж буй нь амьд үлдэх хүсэл зоригийн эсрэг хийгдэж буй хүн алах санаатай таашааллын илэрхийлэл юм. Энэ нь шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж буйг харуулж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 174 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 480 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “…Хэрэгт Д.Б-г аргагүй хамгаалалт хийсэн гэдгийг шууд нотлох баримт байхгүй, харин хэргийн нөхцөл байдлыг зохиомлоор дүрслэн харуулсан шууд бус дамжмал нотлох баримтуудыг Д.Б-ийн мэдүүлэгт нийцүүлэн түүнд ашигтайгаар шүүх тайлбарласан. Шүүх Д.Б-г Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн хэмээн дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэж, шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг харуулж байна. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасаар байхад шүүх амь хохирогчийг довтолсоор байсан гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1.1, 16.2.1.2 дахь заалтад заасныг ноцтойгоор зөрчсөнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл шүүх хохирогчийг эхэлж хутга барин довтолсон гэж дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэж байгаа бол уг хутгыг шүүгдэгч булаан авснаар довтолгоон төгссөн байх бодит нөхцөл үүссэн байгааг анхаарч үзээгүй нь хууль буруу тайлбарлах гол нөхцөлийг бүрдүүлсэн. Гэхдээ хохирогчийг эхэлж хутга барин довтолсон гэж шүүх хянах хэсэгтээ дурдсан боловч Улсын дээд шүүхийн тогтоолд заасан “...хутга хэнийх болохыг тогтоо” гэсэн заалт хэрэгжээгүй байгааг анхаарч үзээгүй. Учир нь хутга Д.Б-ийнх байсан бол хохирогч эхэлж довтлох ямар ч боломжгүйг шүүх анхаараагүй. Улсын дээд шүүхийн тогтоолын энэхүү заалт чухал байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8.1.5, 16.3.8.3, 39.8.1.10 дахь хэсгүүдийг зөрчсөн байгаа нь хэрэг буцах үндэслэлтэйг харуулж байна. Аргагүй хамгаалалт нь нэг талаасаа довтолгоонд хамаарах, нөгөө талаас хамгаалах ажиллагаанд хамаарах хоёр талын нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангасан эсэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл хамгаалалт хийгч талд Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл тайлбарлагдана. Гэтэл шүүх хутга барьсан Д.Б ганцаараа довтлох үйлдэл хийж М.П-г олон удаа хутгалан онц харгис хэрцгий аргаар хөнөөж байгаа үйл явдлыг аргагүй хамгаалалт хийх үйлдэл буюу хамгаалах ажиллагаа гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7.1.2 дахь хэсэг зөрчигдсөн байгааг харуулж байна. Д.Б-ийн хамгаалах ажиллагаа гэж шүүхийн нэрлээд байгаа хутгатай ажиллагаа амь хохирогчийн “хутгатай довтолгоо” хоёр нэг зэрэг нэг цаг хугацаанд явагдана. Гэтэл хэргийн газарт нэг л хутга байсан бөгөөд энэхүү хутга зөвхөн Д.Б-ийн гарт байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй. Шүүх хянах хэсэгтээ “...Б-ийн араас хутгалан дайрсан” гэж довтолгоон эхэлсэн байдлыг тодорхойлсон боловч Д.Б-ийн ар нуруунд хутгаар хатгагдсан шарх байхгүй байгаа нь энэхүү үндэслэх хэсгийг няцааж байгаа. Өөрөөр хэлбэл Д.Б-ийн өмсөж явсан хувцасны арын хэсэгт иртэй зүйлийн үйлчлэлээр хатгагдсан, урагдсан, зүсэгдсэн зүйл байхгүй байгаа нь шүүгдэгч худлаа ярьсан болохыг нотолж байна. Шүүх халдлагыг бодитой болсон гэж үзсэн бол аргагүйдсэн буюу хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон үед л хамгаалалтын эрх үүснэ гэдгийг шүүх анхаараагүй. Шүүх хууль хэрэглэхдээ хожимдож хийсэн хамгаалалт түрүүлж хийгдсэн хамгаалалттай хууль зүйн үүднээс нэгэн адил үнэлэгдэж эрүүгийн хариуцлага хүлээх учиртай гэдгийг ойлгоогүй. Шүүхийн дүгнэж байгаагаар довтолгоон эхэлснээр Д.Б нь М.П-гийн хутгыг булаан авсны дараа Д.Б-ийн шууд бус санаатай халдлага эхэлсэн нь үнэн бол өөр хууль зүйн үр дагавар үүснэ. Энэхүү нөхцөлийг хожимдсон хамгаалалтын олонлогт тооцож болно. Гэхдээ хожимдсон хамгаалалт, өөрөөр хэлбэл довтолгоон дууссан нь тодорхой байхад аргагүй хамгаалалт хийх нь өш хонзонгийн шууд үр дагаварт хүргэдэг учир шүүгдэгч этгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой дурдсан. Хохирогчийн гарын дөрвөн хуруу тасарсан, биеийн бүх хэсэгт хатгагдсан шарх үүссэн зэрэг нь түүнийг бүх чадлаараа довтолгооноос эсэргүүцэн хамгаалсан болохыг нотолж байгааг шүүх анхаарч үзээгүй, Д.Б-ийн өөртөө учруулсан хутганы шархыг түүний мэдүүлгийг үндэслэн түүнд ашигтайгаар зохиомжлон ойлгосон нь хууль буруу хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих, ялтанд ял завших боломжийг олгосон. Хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8.1.1 дэх хэсгийг зөрчсөнийг харуулж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 480 дугаар магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8.1.3 дахь хэсгийг үндэслэн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Булган хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын шатны шүүх 2016 оны 269 дүгээр тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүний дагуу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шинжээчийн 1560 дугаар дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн биед учирсан цээжний зүүн талын 2-3 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч хий хурсан, уушиг авчийсан, цээжний хөндийд хурсан хийг гаргах, уушиг сэргээх ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно гэж заасан. Д.Б-д учирсан хүнд болон хөнгөн гэмтэл нь хурц иртэй зүйлээр зүсэгдэж, хатгагдсаны улмаас бий болсныг тогтоосон. Дүгнэлтийн 3 дахь хэсэгт цээжний хөндийн зүүн дээд хэсгийн шарх нь өмсөж байсан хувцастай хамааралгүй нэвтэрч, шарх үүссэн үеэс цээжний хөндийд хий хурч, гэмтлийн дараах тодорхой хугацаанд үйл хөдөлгөөн хийж болно гэж заасан. Шүүгдэгч Д.Б цээжний хөндийд үүссэн хүнд зэргийн гэмтлийг авсан ч гар утсаар ярих, машин жолоодох боломжтойг үгүйсгээгүй. Хохирогч М.П-гийн биед үүссэн шархнаас аль нь хүнд, хөнгөн зэргийн гэмтэл болохыг тодорхой дурдсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Баянгол дүүргийн Прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Х дүүргийн Х дугаар хороо, Х дугаар хорооллын Х дүгээр байрны хажуугийн гражийн мухарт Д.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.П нь Д.Б-г хутгалж довтолсны улмаас Д.Б-ийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидаж М.П-г хутгалж санаатай алсан гэмт хэрэгт, өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “Хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон, эсхүл түүний хууль бус бусад үйлдлээс өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх “...хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтуудаар Д.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэргийн гэм буруугийн шууд болон шууд бус санаа тогтоогдоогүй, харин Д.Б нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн амь насыг хохироосон түүний санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл” гэж дүгнээд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-г цагаатгажээ.

Давж заалдах шатны шүүх “...хэрэг маргааныг эхлүүлэн хутга барьж бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон М.П-гийн халдлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, тухайн үйлдлээс өөрийгөө хамгаалсан гэх үйлдлийн талаарх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Д.Б-г аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн” гэж үзэж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эх нялхсын эмнэлэг дотор эхнэр, хүүхдээ үлдээгээд 15 цаг 57 минутын үед улавч авах зорилгоор дэлгүүр орж үйлчлүүлэх явцдаа уг дэлгүүрт амь хохирогч М.П утсаар “ломбардаас утас чөлөөлүүлэх” талаар ярихыг хөндлөнгөөс сонсож, улмаар iPhone 6s загварын хоёр ширхэг гар утсыг авах зорилгоор тэд хамт явж Д.Б нь банкнаас мөнгө авч, улмаар Х дүүргийн Х дугаар хороо, Х дугаар хорооллын Х дүгээр байрны хажуугийн гражийн мухарт Д.Б нь өөрийн эзэмшлийн автомашины жолоочийн суудалд сууж байхад нь уг автомашины арын суудалд сууж байсан амь хохирогч М.П нь Д.Б-г хутгалж довтолсны улмаас Д.Б-ийн биед учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учирсан байх бөгөөд Д.Б нь М.П-гийн хутгыг булаан авч, түүнийг хутгалж амь насыг нь хохироосон нь нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шинжээчийн дүгнэлтээр талийгаач М.П А/II/ бүлгийн цустай, шүүгдэгч Д.Б О/I/ бүлгийн цустай болох нь тогтоогдсон, эд мөрийн баримтаар хураагдсан хутганд А/II/ бүлгийн цус илэрсэн байх бөгөөд М.П хамгийн сүүлд Д.Б-д хутгалуулж, амь насаа алдсан үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “хамгийн сүүлд Д.Б өөрийгөө хутгалж гэмтэл учруулсан” гэх таамаглалыг няцааж байна гэж дүгнэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар “Д.Б-ийн ар нуруунд хутгаар хатгагдсан шарх байхгүй байгаа нь М.П Д.Б-ийн араас довтолсон болохыг үгүйсгэж байна” гэх боловч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1560, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дүгээр дүгнэлтүүдэд Д.Б-ийн зүүн дал хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон, энэхүү нотлох баримтуудыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөв гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон үйл баримтдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Харин хяналтын шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн тул шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг шинэ хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 480 дугаар магадлалд “Прокуророос Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б-г цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                             С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН