Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-17
Тогтоолын дугаар 272
Хэргийн индекс 186/2017/0095/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Т, А.Ж, Л.Э, Д.О, Б.Б, С.Ч, Д.Ц, Т.Г
Зүйл заалт 20.7.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Т, А.Ж, Л.Э 

Д.О,  Б.Б,  С.Ч

Д.Ц, Т.Г нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Тэнгис,

шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар магадлалтай, 201601000071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эмэгтэй, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан, Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан давтан үйлдлээр бусдад борлуулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 29 хоногийн ялыг тэнсэн сулласан, С.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт,

6. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2002 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 12 хоногийг Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор өршөөн хэлтрүүлсэн,

2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, борлуулах ” гэмт хэрэгт,

7. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хадгалсан” гэмт хэрэгт,

8. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 03 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Т-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, давтан үйлдлээр бусдад борлуулсан гэмт хэрэг үйлдсэн, А.Ж-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Д.О-г бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Б-г бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, С.Ч-г давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Д.Ц-г давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулсан гэмт хэрэг үйлдсэн, Т.Г-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, Л.Э-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Г.Т-г 10 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Ж-г 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.О, Б.Б нарт тус бүр 6 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Ч-г 1 жил хорих ял, Д.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-ын хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар хорих, Т.Г-ийн хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 10 жил 1 сарын хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Ж, Д.О, Б.Б нарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Ч, Л.Э, Д.Ц нарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Т, Т.Г нарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан Д.Ц-д 5 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч А.Ж, Д.О, Б.Б, С.Ч, Д.Ц, Т.Г нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “Г.Т-д Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял, Т.Г-д Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял ...” гэж,

“...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорихоор ...” гэж,

 “... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан Г.Т-гийн 7 жилийн хорих ял, Т.Г-ийн 6 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан С.Ч-ын 1 жилийн хорих ял, Л.Э-ын 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад ... эдлүүлсүгэй” гэж,

мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Ж, Д.О, Б.Б нарт оногдуулсан баривчлах ялыг Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж тус тус баривчлах ялаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд оруулж,

А.Ж, Б.Б, Д.О нарыг нэн даруй суллаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, Т.Г, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Тэнгис, Р.Оюунцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр найз н.А залгаж хоолонд оръё гэсний дагуу уулзаж хоолонд орсон. Тэгээд мөнгө нийлүүлж хар тамхи буюу мөс худалдан авч хэрэглэх талаар н.А-ын хэлсний дагуу би гар утсаа 100,000 төгрөгөөр зарсан. Н.А нь найз Д.О, А.Ж нарыг дуудаад, тэр хоёроос 200,000 төгрөг авч, нийтдээ 300,000 төгрөгөөр н.Э эгчээс 1.6 грамм хар тамхи худалдан авч, машин дотор хэрэглэж салцгаасан. Цагдаад баригдахад н.Э эгчид 13 грамм мөс, 1 сая гаран төгрөг байсан ба н.А бид хоёр худалдаж авсан мөсөө хэрэглээд дууссан байсан. Гэтэл н.Э эгч “чи надаас худалдаж авсан гэж хэлж болохгүй, хэрэгт орж баларна шүү, чи хэргээ ганцаараа даачих, бид нар чиний ар талын асуудлыг чинь зохицуулж, энэ хэргээс салгана” гэж хэлсэн. Харин н.А “би юу ч мэдэхгүй, чамаас 50,000 төгрөг зээлсэн гэж хэлсэн шүү” гэж хэлсэн. н.Э, н.А нар итгүүлсэн тул мөрдөн байцаалтын шатанд хэргээ өөрөө хүлээж, худал мэдүүлэг өгч, энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Анх надад хар тамхи хэрэглэх талаар санаачлага гаргасан н.А, хар тамхи худалдсан н.Э нар гэм зэмгүй явж байгаад гомдолтой байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд эцэг маань группт, эх маань тэтгэвэрт байдаг. Би хувиараа хөдөлмөр эрхэлж ажил хийдэг. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Т.Г намайг 2016 оы 4 дүгээр сарын 5-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 0,6 грамм мөс, 0,8 грамм шавар гэх нэршилтэй хоёр төрлийн бодисыг 1,100,000 төгрөгөөр давтан үйлдлээр зарж борлуулсан гэж шалгаж, уг бодисуудыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээнд дүгнэлт гаргуулахаар явуулахад “Шинжилгээнд ирүүлсэн хоёр төрлийн бодисоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисууд илрээгүй байна гэсэн хариу гарсан байдаг. Тэгээд надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн болохыг мөрдөн байцаагч болон прокурор хэлж байсан. Шинжээчийн дүгнэлт хуулийн дагуу гарсан байхад дээрх хоёр төрлийн бодисыг ямар зорилгоор дахин дүгнэлт гаргуулахаар явуулж, хар тамхи биш байсан зүйлийг мөн болгож, нэг талыг хэтэрхий барьж, 10 жил 1 сар хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Уг хоёр төрлийн бодисын талаар эргэлзээ төрүүлэхээр баримт, худал мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бусдыг дагаад мөс гэх зүйлийг татаж байсан нь үнэн. Гэхдээ мөс гэх зүйлийг бусдад зарж борлуулж байгаагүй, тухайн өдөр хэрэглэж үзсэн болно.

Шинжээчийн дүгнэлтээр хар тамхи биш гэж гарсан байхад яагаад дахин дүгнэлт гаргуулахаар явуулах болсон шалтгаан тодорхойгүй, мөн надаас 1,100,000 төгрөгөөр бодис худалдаж авсан талаар хэн худал мэдүүлэг өгсөн, надаас худалдаж авсан гэж мэдүүлсэн этгээд яагаад өөрөө олж авсан, хадгалсан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээхгүй ял завшиж байгаа нь эргэлзээтэй байхаас гадна худалдсан, худалдан авсан үнэ болоод хэмжээтэй харьцуулаад үзэхэд үнэнд нийцэхгүй байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уг хоёр төрлийн бодисыг миний биенээс гарч ирээгүй байхад хаанаас гаргаж ирсэн нь тодорхой бус байна.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж, тохирсон хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан шатны шүүхээс Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих болгож нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн билээ.

Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байтал давж заалдах шатны шүүхээс хуульд зааснаас дээгүүр 7 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан байтал давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхээр байна. Иймээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахаар гомдол гаргасан бөгөөд шүүхийн техникийн шинжтэй алдааг буцаахгүйгээр зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Харин шүүх хэргийг буцаахгүйгээр шийдвэрлэх тохиолдолд Г.Т-гийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Г.Сүхээ хяналтын шатны шүүх хуралдаанд: Б.Тэнгис өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Т.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан хэргийг давтан үйлдээгүй гэж гомдол гаргасан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгдэгч Т.Г-ийн зарж борлуулсан мансууруулах бодисын хэмжээ нь удаа дараа өөрчлөгдсөн нь эргэлзээ төрүүлж байна. Давтан үйлдлээр буюу хэдэн сарын хэдний өдөр, хаана хэнд мансууруулах бодис борлуулсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.Г-ийг 2015 онд 2 удаагийн үйлдлээр мансууруулах бодис борлуулсан хэмээн ял оногдуулсан бөгөөд зарж борлуулсан гэх бодисыг 2016 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээнд явуулахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэвч тухайн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх тал бүрээс бодитой дүгнэж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Т.Г үйлдсэн нь нотлогдохгүй байх тул тус заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдсон. Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Б.Тэнгис нь давж заалдах шатны шүүхийн магадлалд техникийн шинжтэй алдаа гарсан байх боломжтойг сануулсан бөгөөд хуулийн дагуу тус алдааг засах боломжтой. Шүүгдэгч Т.Г-ийн үйлдлийн хувьд гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан нотлох баримтаар тодорхой нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Т, А.Ж, Л.Э, Д.О, Б.Б, С.Ч, Д.Ц, Т.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.5 грамм бодисыг А.Ж-д 100.000 төгрөгөөр, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.4 грамм уг бодисыг Д.О-д 180.000 төгрөгөөр, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Ч, Т.Г нарт 0.6 грамм дээрх бодисыг тус тус хариу төлбөргүйгээр өгсөн буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан, давтан үйлдлээр бусдад борлуулсан,

А.Ж нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм бодис Г.Т-гаас 100.000 төгрөгөөр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Этүгэн” зочид буудлын 406 тоот өрөөнд хууль бусаар хадгалсан,

Д.О нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий 0.4 грамм бодисыг Г.Т-гаас 180.000 төгрөгөөр худалдан авч, борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс Молл” төвийн орчим Б.Б-тай бүлэглэн Х УБИ улсын дугаартай “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэлд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Б нь Д.О-той бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х УБИ улсын дугаартай “Ниссан Тида” загварын тээврийн хэрэгсэлд метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

С.Ч нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х УББ улсын дугаартай “Мерседес Бенз” загварын тээврийн хэрэгсэл дотор метамфетамины агууламжтай 0.4 грамм /уутны хамт/ бодисыг Д.Ц-оос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг Г.Т-гаас борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч Х УБЧ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд хадгалсан,

Д.Ц нь 2016 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын орчим метамфетамины агууламжтай 13.99 грамм бодисыг А гэгч иргэнээс 600.000 төгрөгийн өрийн төлбөр болгон хууль бусаар олж авч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн хэрэглээний асаагуурт тусгайлан наасан, “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай 1.5 см урттай бодис, мөнгөлөг цаасанд боосон 0.5 грамм дээрх бодисыг Э гэгч иргэнээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хууль бусаар биедээ хадгалсан,

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламжтай 0.4 грамм бодисыг С.Ч-т хариу төлбөргүйгээр өгсөн буюу хууль бусаар борлуулсан,

Т.Г нь 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисуудыг борлуулах зорилгоор давтан үйлдлээр олж авч, хадгалсан,

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын орчим Х УБҮ дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашин дотор метамфетамины агууламжтай 0.2 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

Л.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х УБТ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашин дотор метамфетамины агууламжтай, савалгааны хамт 1.1 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Т, А.Ж, Л.Э,  Д.О,  Б.Б, С.Ч, Д.Ц, Т.Г нарын үйлдсэн хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу шүүгдэгч А.Ж, Д.О, Б.Б нарыг баривчлах ялаас чөлөөлж, шүүгдэгч Л.Э, С.Ч, Г.Т, Т.Г нарт холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, харин шүүгдэгч Д.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөв зүйлчилж, энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зөвтгөж шийдвэрлэв.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь хэсэгт хяналтын худалдан авалттай холбоотой зохицуулалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмж, хуулиар зөвшөөрсөн байх тул уг хууль хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээс хойш хийгдсэн энэхүү ажиллагааг хууль ёсны гэж үзэх билээ.

Шүүгдэгч Т.Г-ийн хувьд, 2015 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бодисуудыг давтан үйлдлээр бусдад хууль бусаар борлуулсан үйлдлийг хяналтын худалдан авалтаар илрүүлсэн тухай “гүйцэтгэх ажлын танилцуулга” бүхий баримт хэрэгт авагдсан дээрх хуульд өөрчлөлт орохоос өмнө хийгдсэн, хууль бус ажиллагаа тул  “хууль бусаар давтан борлуулсан буюу худалдсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэснээр Т.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл болон ялд өөрчлөлт орохгүй гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

Хяналтын  шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Г.Т-гийн “н.А, н.Э нарыг шалгах”, шүүгдэгч Т.Г-ийн “шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг арилгах” тухай гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Т.Г-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, магадлалын тогтоох хэсгийн “...Г.Т-д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял...” гэснийг “...Г.Т-д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т, Т.Г, өмгөөлөгч Б.Тэнгис нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                    Б.БАТЦЭРЭН

                     ШҮҮГЧ                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                     Б.ЦОГТ

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН