Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-22
Тогтоолын дугаар 275
Хэргийн индекс 187/2017/0067/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Б
Зүйл заалт 11.4.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 662 дугаар магадлалтай, 201626021111 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мөнхболдын гомдлыг үндэслэн шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 5,482,064 төгрөг гаргуулж, хохирогч Н.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мөнхболдын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч О.Мөнхболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “…Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинэ Эрүүгийн хууль нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнэсэн мөртлөө шүүгдэгчид 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн албадан ажил хийлгэх ялын дундаж хугацаагаар ял шийтгэсэн нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй болгож байна. Учир нь шүүгдэгч нь хохирогчид учруулсан бодит хохирол 550,000 төгрөгийг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байгаа бөгөөд үүнийг шүүх ч хүлээн зөвшөөрч шийтгэх тогтоолдоо дурдсан байдаг. Энэ нь шүүх ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн зүйлчлэлээс хуульд заасан ялын аль нэг төрлийг сонгон авч хэрэглэхдээ тухайн ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулах боломжтойг харуулж байна. Анхан шатны шүүх хүчингүй баримт бичгийг үндэслэн хохирогчид учирсан хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны №А/30 дугаар тушаалаар батлагдсан “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.13-д “Эмнэлгийн хуудсыг буруу бичсэн, засварласан, үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцох бөгөөд уг эмнэлгийн хуудасны дагуу тэтгэмж олгоогүй тухай ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн анх хуудас бичсэн эмнэлгийн байгууллага 14 хоногийн дотор дахин олгоно” гэж заажээ. Хохирогчид олгосон №0771878, №0771869 тоот эмнэлгийн хуудсууд нь штрихдэж засварласан баримтууд болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон. Мөн анхан шатны шүүх хохирогчийн хохирол, төлбөрийн тооцоо гаргахдаа сарын дундаж цалинг буруу тооцож гаргасан байна. Учир нь хохирогч цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа бөгөөд үүнийг гарт олгох цалин болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүүнээс тооцож үзэх ёстой. “Шивээ овоо” ХК-ийн гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтоос гар дээр олгох цалингийн хэмжээг тодорхойлбол, хөдөлмөрийн хөлс 23,646,541 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл 2,364,654 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 2,044,180 төгрөгийг тус тус хасаж 12 сард хувааж гаргана. 23,646,541-2,364,654-2,044,180=19,237,707 төгрөг /гарт олгосон/. 19,237,707:12=1,603,142 /1 сард гарт олгосон/ төгрөг болж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу бодвол, 2015 оны 11 дүгээр сарын хөдөлмөрийн хөлс 2,076,353 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын хөдөлмөрийн хөлс 1,891,846 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын хөдөлмөрийн хөлс 1,465,876 төгрөг, нийт 5,434,075 төгрөг /НДШ, ХХОАТ орсон дүнгээр/. Үүнээс сарын дундаж нь 1,811,358 төгрөг /НДШ, ХХОАТ орсон дүнгээр/. Гарт олгосон цалингийн дундаж нь 5,434,075 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын НДШ 207,635 төгрөг, ХХОАТ 179,872 төгрөг, 12 дугаар сарын НДШ 189,185 төгрөг, ХХОАТ 163,266 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын НДШ 146,588 төгрөг, ХХОАТ 124,929 төгрөгийг тус тус хасвал 5,434,075-207,635-179,872-189,185-163,266-146,588-124,929=4,422,600 төгрөг /гарт олгосон/. Үүнээс 4,422,600:3=1,474,200 /гар дээр ирэх/ төгрөг болж байна. Шүүх шийтгэх тогтоолдоо 2016 оны 03 дугаар сард олгосон №0799383 тоот эмнэлгийн хуудасны арын нүүрэнд олгосон 1,431,433 төгрөгийг 1,131,433 төгрөг гэж буруу бичиж хохирогчийн хохирол, төлбөрийг буруу тооцож гаргасан байна. Миний бие шүүгдэгчийн гэм буруугийн талаар огт маргаагүй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн, хүчингүй баримтыг үндэслэж хохирлыг тооцож гаргасан, хохирлын тооцоог буруу гаргасан гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдийг хянаж, дүгнэлт хийж шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээтэй, магадлалд зөвхөн шүүгдэгчийн гэм буруугийн талаар л дурдаж дүгнэлт хийсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хангалттай тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар заасан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Х УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Оросын холбооны улсын нутаг, Хиагтын хилийн боомт дээр иргэн Н.М-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримтыг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн тогтоосон байна.

Прокурор дээрх гэмт үйлдлийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан 251-ээс 450 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл, хэсгээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн нийтлэг зарчмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Харин энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй “Шинэ хуулийг хуучин хуулийн үйлчилж байсан цаг хугацаанд буцаан хэрэглэх” зарчим дараах тохиолдолд үүсдэг.

Тухайлбал, урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн оногдуулах ялаас шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн ял хөнгөрсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг бөгөөд энэ зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, Үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг уламжлан авч үлдсэн байх бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд шинэчлэн найруулсан хуулийн уг зүйл, хэсэгт хорих ял хасагдсанаас гадна, торгох ял буюу хөнгөн төрлийн ялыг шинээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 240 цагаас 720 цаг хүртэл байхаар хуульчилсан нь ял хөнгөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хугацаагаар ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо үндэслэсэн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, хэлэлцүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

2016 оны 03 дугаар сард олгосон №0799383 тоот эмнэлгийн хуудасны арын нүүрэнд олгосон 1,431,433 төгрөгийг 1,131,433 төгрөг гэж буруу бичиж хохирогчийн хохирол, төлбөрийг буруу тооцож гаргасан талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэл 1 дүгээр хавтаст хэргийн 211 дүгээр хуудасны ар талд авагдсан тэтгэмж олголт гэсэн бичвэрт тусгагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөрөөс дээрх зөрүү 300,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна. Бусад төлбөрийг гаргуулах шийдвэр гаргахдаа шүүх үйл баримт, гэмтэл, ажил эрхлэлт, цалин хөлс, тэтгэмж тэдгээрийн харилцан хамааралд үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоос дээрх хоёр үндэслэлийг ханган, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтүүдийг оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж, 5 дахь заалтын “...5,482,064 төгрөг...” гэснийг “...5,182,064 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоос дээрх 1 дэх хэсэгт заасан өөрчлөлттэй холбоотой хэсгийг хангасан болохыг тэмдэглэж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                 ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                       Б.ЦОГТ

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН