Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-06
Тогтоолын дугаар 298
Хэргийн индекс 142/2016/0181/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Н.Д
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр магадлалтай, 201614000252 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарын гомдлыг үндэслэн шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г 8 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч Н.Д-гийн өмгөөлөгч Н.Баттунсаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “…Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит болсон үйл явдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Аливаа хэрэг учрал бүхэн өөрийн онцлог нөхцөл, учир шалтгаан байдаг. Миний зөрүүтэй дүгнэлт гээд байгаа нь хүнийг санаатай алсан гэж дүгнээд байгааг хэлж байгаа юм. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, эцсийн үр дүн буюу хүн нас барсан гэдэгт ач холбогдол өгч шийдвэр гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэхэд хүргэж байна. Ямар ч ухамсарт хүний үйлдэлд санаа зорилго гэж байдаг. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд алинд нь ч энэ санаа нь хүнийг алах санаа төрсөн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байдаг. Н.Д-гийн үйлдэл бол халдлагад өртөнгүүт өөрийгөө хамгаалах гэсэн хүний ухамсраас шалтгаалахгүй заяамал хөдөлгөөн буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан төрмөл эрх юм. Н.Д-гийн хувьд ардаа байгаа хүнийг гартаа аюул дагуулах зэвсэг барьсан эсэх, аюулын хэмжээ хир зэрэг болох, цохьвол унах уу үгүй юу, биеэ авч явах чадвар нь аль зэрэг байгаа, согтуу байна уу үгүй юу, өөрийг нь нэг удаа цохиод халдлага дуусах уу гэдгийг мэдэх, бодох цаг хугацааны боломж байгаагүй. Энэ бүгдийг Н.Д өөрөө, мөн гэрчүүд хангалттай мэдүүлдэг. Шууд бус санаа гэдэг бол эцсийн үр дүн юу болохыг мэдэж түүнийг хүсэж байдгаараа онцлог. Иймээс шууд бус санаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Н.Д-гийн үйлдэлд буюу сэтгэл зүйд хүн алах гэсэн шууд болон шууд бус ямар ч зорилго байхгүй. Амь хохирогч болон Н.Д нар бие биеэ танихгүй, өр авлага, өс хонзон байхгүй, тэдний хооронд тохиолдлын шинж чанартай үйл явдал болж өнгөрсөн. Шинэ хуульд хүнийг алах гэж заасан бөгөөд алах гэдэг нь хэл зүйн хувьд хүний санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байхыг илэрхийлэх тул хүнийг алах гэж томьёолсон гэж тайлбарласан байх бөгөөд алах гэдэг нь хүний амьд явах эрхийг нь шууд таслах санаа зорилготой байдгаараа бусад болгоомжгүй үйлдлээс ялгаатай гэж ойлгож байна. Алах зорилгогүй бол болгоомжгүйгээр хүний амь нас хохироох гэж томьёолон зүйлчилж хуульд тусгасан нь аливаа хэрэг учралыг ялгаж, салгаж хууль хэрэглэхэд илүү тодорхой тусгалаа олсон гэж үзэж байна. Хохирогч тал ч хэргийн нөхцөл байдалд эхнээсээ л шударгаар хандаж, өөрийн хүний буруу байгаа, хууль шүүхийн шийдвэрээр болно гэдгээ илэрхийлсээр ирсэн, өнөөдөр ч мөн түүнийгээ л хэлж байгаа. Хуулийн мэргэжлийн биш, анхан шатны шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч ч энэ бол санаатай хэрэг биш гэж өөрийн дүгнэлтээ хараат бусаар хэлж байгаа нь нэгийг бодогдуулахаар байна. Хяналтын шатны шүүх тогтоолдоо “анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна” гэж дурдсан байтал анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хэргийн материалыг нарийн үзвэл талийгаачид учирсан олон тооны шарх сорвийг хэн, яаж учруулав гэдгийг ч тогтоогоогүй. Шинжээч эмч мэдүүлэхдээ олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж хэлсэн байдаг. Н.Д-гийн ар гэрээс өөрсдийн боломжоор сайн дураараа хохирогч талд хохирол төлбөр цувуулж төлсөөр ирсэн. Одоо энэ шатанд бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт Р.Өлзийжаргал нь хамааралгүй атал иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн гол нөхцөл байдал буюу хүн алах санаа зорилго байна уу, үгүй юу гэдгийг анхаарч үзэлгүй анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдлаас зөрүүтэй шийдвэр гаргасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хууль хэрэглээг зөвтгөж болгоомжгүйгээр хүний амь нас хохироох гэсэн зүйлээр зүйлчлэн, ялтан гэм буруугаа хүлээж, үлдэгдэл хохирол төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.Ө-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэн зөв дүгнэлт хийлгүй, гэм хорын улмаас учирсан бодит хохирлын тооцоог хууль зүйн хүрээнд бусад нотлох баримттай харьцуулан судалж дүгнэлт гаргаж чадаагүйгээс хохирогчийн хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Шүүх Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон, бусдын амь насыг санаатай хохироож, гэм хорын хохирол үүссэн шалтгаан нөхцөл, үүсэн бий болсон нөхцөл байдлыг бусад нотлох баримттай харьцуулан судалж дүгнэлт гаргалгүй, гэм хорын хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хохирогчийн эрх ашиг зөрчигдөн хохироход хүрч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх санаатай хүн амины гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг тогтоосон боловч гэмт хэргийн санаа зорилго, үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт үйлдэл гэм хорын 67 сая төгрөгийн хохиролтой хэрхэн холбогдож байгаад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Д нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил гүйцэтгэж байхад амь хохирогч Б.Н “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэн харж түүний зүүн хацар луу нь цохьсны улмаас хохирогч цементэн гадаргуутай газарт савж унан хүнд зэргийн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан боловч уг гэмтлийнхээ улмаас амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Д-г хохирогч Б.Н-д учирсан хүнд зэргийн гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, ухамсарт үйлдлээрээ учруулсан, хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, түүний санаатай цохьсон үйлдэл болон учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэн шүүгдэгч Н.Д-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Прокурор дээрх хууль бус үйлдлийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” буюу 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн нийтлэг зарчмыг зөрчөөгүй байна.

Харин энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй “шинэ хуулийг хуучин хуулийн үйлчилж байсан цаг хугацаанд буцаан хэрэглэх” зарчим дараах тохиолдолд буюу тухайлбал, урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн оногдуулах ялаас шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн ял хөнгөрсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг бөгөөд энэ зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хүнийг алсан бол” гэсэн гэмт хэргийн шинж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд шинэчлэн найруулсан хуулийн уг зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээ багассан нь ялыг хөнгөрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдах үед шүүгдэгч Н.Д анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан баримтыг ирүүлсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Б.Н амь хохирохоосоо өмнө гэрлэлтээ цуцлуулж, эд хөрөнгийн маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, уг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг нэхэмжилсэн Р.Ө-г энэхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож, улмаар уг асуудлыг дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Р.Ө-гийн нэхэмжлэл, эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хооронд ямар нэг шалтгаант холбоо, харилцан хамаарал тогтоогдоогүй тул 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 346 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн Р.Ө-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон заалт, шийтгэх тогтоол, магадлалын Р.Ө-гийн 67,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд иргэний нэхэмжлэгч Р.Ө-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалт, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр магадлалд “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-г 5 /тав/ жил 04 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй”, “Н.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 346 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалын иргэний нэхэмжлэгч Р.Ө-тэй холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                          ШҮҮГЧ                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Б.ЦОГТ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН