Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-24
Тогтоолын дугаар 283
Хэргийн индекс 168/2017/0068/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч П.Б, З.С
Зүйл заалт 091.2.4, 091.2.15, 145.2., 16.1.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

П.Б, З.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч З.С-ийн өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн, Т.Энхболд,

шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, 201611000373 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн, Т.Энхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Б.Тэнгис нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, 2016 оны 01 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, П.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.11, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг захиалгаар, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах”, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З.С нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг өс хонзонгоор, захиалгаар, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах гэмт хэрэг үйлдэхийг бусдад захиалсан”, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.С, П.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.С-ийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч П.Б-ыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.С-ийг 20 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ялаар, шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15 дахь заалтад зааснаар 14 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх хэсэгт зааснаар П.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд өмнөх буюу 2016 оны 07 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 6 сарын хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар З.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15 дахь заалтад зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сар хорих ялаас заримыг буюу 3 жил хорих ялыг нэмж, нийт 23 жил хорих ялыг, П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15 дахь заалтад зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж, нийт 15 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар З.С-д оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, П.Б-д оногдуулсан 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “прокуророос шүүгдэгч З.С, П.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмж, тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч З.С, П.Б нарын хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтаар, шүүгдэгч З.С-ийн насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр тус тус шилжүүлэн зүйлчилж, П.Б-ын бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилснийг хэвээр үлдээсүгэй” гэсэн 11 дүгээр заалт нэмж, тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “өс хонзонгоор” гэснийг хасаж, тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.С-ийг 20 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар, шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15 дахь заалтад зааснаар 14 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгч З.С-д мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар 16 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар 28 хоног хорих ялаар, шүүгдэгч П.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар 12 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсугай” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаас “ялаас заримыг буюу 6 сарын хорих” гэснийг хасаж, тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч З.С-д шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 16 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар 28 хоног хорих ялаас заримыг буюу 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 17 жил 3 сар 10 хоногоор, шүүгдэгч П.Б-д мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жилээр тус тус тогтоосугай” гэж, тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан 17 жил 3 сар 10 хоног хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, шүүгдэгч П.Б-д оногдуулсан 13 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С, П.Б нарын энэ шийтгэх тогтоолын дагуу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн, Т.Энхболд, Ө.Батболд, Д.Урансувд, Б.Тэнгис нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.С хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг хэрэгт миний бие ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдож гүтгэгдсэндээ туйлын их гомдолтой байна. П.Б-ыг ийм хэрэг хийснийг нь мэдэхгүй. Надад хүний хүүхдийг алаад өг гэх сэтгэл байхгүй. П.Б-ыг ийм хэрэг хийсэн гэхэд одоо хүртэл итгэхгүй байна. Би П.Б-д хэлээгүй, хэлж байгаагүй. Би эрүүл саруул ухаантай, 5 настай охинтой эх хүн. Ц.Ц-тэй уулзаж байнгын цуг байхдаа өөр хүнтэй уулзаж байгаагүй. Миний тээж байсан хүүхэд Ц.Ц-ийн хүүхэд байсан. Ц.Ц, Л.М нарын зулбуулсан өөрийн ураг буюу хүүхэддээ шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Л.М-ийн миний хүүхдийг зулбуулах гэж байсныг, зорилго агуулж байсныг ихэр З.Со мэдүүлсээр байхад нотлох баримтаар авч шалгаагүй. Л.М, Ц.Ц нар хэвлийд минь байсан 6 сартай хүүхдийг онц хэрцгийгээр зулбуулчихаад уучлалт гуйх нь байтугай элдвээр доромжлон мессеж бичдэг, мөнгө төгрөг гээд гэрт гадаа ирдэг, 20 насаар ах, эгч эдгээр хүмүүс хэрцгий, балмад гэдгээ гүтгэсэн мэдүүлэг бүрээрээ батлан харуулж байна. Миний хэвлийд байсан 6 сартай хүүхдийг Л.М, Ц.Ц нар онц хэрцгийгээр зодож дайрч зулбуулсан үйлдлийг мөрдөн байцаагч, прокурорт гомдол гарган шалгуулах гэхэд шалгаагүй. Аймгийн прокурорт гомдол гаргахад мөрдөн байцаагчид шалгах даалгавар өгдөг. Гэвч мөрдөн байцаагч шалгаагүй. Энэ байдал нь Л.М, Ц.Ц нарыг хамгаалж энэ хоёр хүний хүүхдийг хүн гэж үзчихээд намайг буруутган миний тээж байсан хүүхдийг хүн биш байсан гэж үзэж байгаа нь илт байна. О болон П.Б-ыг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны 18 цагийн үед гэр бүлийн хүмүүст нь мэдэгдэлгүй 09 дүгээр сарын 09-нийг хүртэл хоёр хоног зодож, цохиж байцаалт авсан. Харин намайг болон ихрийг маань 2016 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэрээс маань юм асууя гэж хэлээд цагдаа дээр авч ирсэн. Тус тусад нь өрөөнд оруулж ус ч өгөлгүй байлгаж байгаад өмгөөлөгчгүй 09 дүгээр сарын 08-ны 18 цагийн үед байцаалт авсан. П.Б-ын ээж Г эгч миний нагац эгч бөгөөд бид хоёр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг байсан. Г, Л.М нар найзууд. Тэгэхээр Л.М болон Г нарын явуулгаар П.Б намайг гүтгэж мэдүүлэг өгсөн гэж таамаглаж байна. Хулгай хийхдээ асуугаагүй хүн, хүн алахдаа надаас асуухгүй. П.Б-ын өөрийнх нь бодол, үйлдэл юм. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь О, П.Б нараас хөтөлж асуулт асууж, хариулт авч байсныг өмгөөлөгч нар маань Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчлөө гэж 2-3 удаа таслан зогсоох арга хэмжээг авч байсан ч прокурор хөтөлсөн асуулт тавьсаар байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор хуулиа удаа дараа зөрчсөн бөгөөд зөрчөөгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Би 11 сар хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож ухаарлаа. Хүн гэдэг ямар их мөс чанараа алдсаныг, хүнд итгэж болохгүйг, тэр бүү хэл нэг гэрт өссөн эгчийн маань хүүхэд ч худал гүтгэж, ямар зорилго санаагаар ийм зүйл хийсэн, цаана нь ямар хүмүүс ятгаж, хийсэн гэм нүглээ далдлах гэж гүтгэж байгаад, мөн өөрсдийнхөө эрх ашиг, нэр хүндийг хамгаалахын тулд хүнийг гүжирдэн хамсаатан болгож харанхуй нүх рүү түлхэж байгаад нь туйлын их гомдолтой байна. Үр хүүхдийг минь хүртэл бодохгүй намайг гүтгэн зөвхөн өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж эдгээр хүмүүс болох Л.М, Ц.Ц, П.Б, бусад хүмүүс эвсэн нэгдэж гүтгэсэнд гомдолтой байна. Л.М, Ц.Ц нарыг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэж, намайг хилс гүтгэлгээс чөлөөлж, нэр төрийг минь сэргээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч З.С-ийн өмгөөлөгч Р.Ганчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. З.С-д холбогдох хэрэгт нэг талыг барьж мөрдөн байцаах ажиллагаа хийгдсэн. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хуульд заасан үндэслэлүүдийг хэрэгжүүлээгүй, зөвхөн яллах талыг барьсан. Мөрдөн байцаагч нь хохирогч Л.М-ийн найз болох Б.Х, түүний хүү Г.А нарыг гэрчээр байцааж, худал мэдүүлэг гаргуулан нотлох баримт болгосон бөгөөд энэ мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож заасан, шүүх хуралдаанд гэрч Ц.Ц-ийг хуульд заасан үндэслэлээр эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж үзэж байцаагаагүй билээ. Хэдийгээр Ц.Ц эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох ч хэргийн талаар болон З.С-тэй холбогдсон, түүний эсрэг хүч хэрэглэсэн, Л.М-тэй бүлэглэн машинаар дайрч гэмтэл учруулан 6 сартай хүүхдийг нь зулбуулсан талаар байцаалт авах шаардлагатай байсан. Ц.Ц, Л.М нар нь хуулиар олгогдсон нотолгооны эрхтэй, мэдүүлгүүд нь нотлох баримт болох ч худал мэдүүлэг гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар прокурорт хүсэлт гаргасан боловч аймгийн прокурор шалгах үүрэг өгөөд байхад огт шалгаагүй. Үүний цаана нярай хүүхдийн амь хохирсон, зулбасан асуудал байгаа юм. Энэ талаар гэрчилсэн З.Со-гийн мэдүүлгийг хэлэлцэлгүй шууд шийтгэх тогтоол гаргасан, зүй нь анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах ёстой байсан. З.С-ийн хувьд П.Б-д хүүхэд алах талаар яриагүй, захиалга өгөөгүй, хэлээгүй гэдгийг мөрдөн байцаалтаас эхлэн мэдүүлсэн, П.Б нь эрүүгийн төлөөлөгчийн дарамтанд орж худал мэдүүлсэн, түүний удаа дараа өгсөн мэдүүлгүүд хуулбарласан байдаг. Шүүх хуралдаан дээр ч мэдүүлгээ гаргаагүй, ер нь хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг, түүний хийсэн хэрэг, үйлдлүүдийг дарж барьцаалан мэдүүлэг гаргуулсан гэх ч асуудал яригддаг. Энэ хэргийн гэрч гэх Ц.О-ын мэдүүлэг, түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд мөн л хуулбарласан байдаг бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ гаргасан ч ярьж чадахгүй байсан тул асуултаар мэдүүлгээ өгсөн, мэдүүлэхдээ П.Б-ыг Ц.Ц-ийн хашааны урдуур зүүн тийш явж байсан гэж мэдүүлсэн. Гэтэл П.Б нь хашааны хойд талаар даваад зүүн тийш явсан гэж мэдүүлсэн ба хэргийн талаарх Ц.О-ын мэдүүлэг дамжсан, П.Б “ярьсан” гэдэг гэрчийн мэдүүлэг юм. Шүүгдэгч П.Б нь Ц.Ц эгчийг зоддог, хүүхдийг нь зулбуулсан учраас өс санасан гэж мэдүүлдэг. Камерын бичлэгийн тухайд бичлэгт хураагдсан хоёр дүрс нь З.С, П.Б нарын дүрс гэдгийг тогтоож чадаагүй, хажуугаар нь өнгөрсөн тээврийн хэрэгслийг Л.М жолоодож явсныг болон камерт дугаар нь ч бичигдээгүй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд П.Б-оор маршрут тогтоолгох ажиллагааг хийлгэсэн бөгөөд З.С хүлээн зөвшөөрөөгүй, цаг хугацаа, явсан газар нь зөрүүтэй байсан учраас прокурорт З.С маршрут тогтоолгох ажиллагааг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын шатанд прокурор З.С-ийг П.Б-д 200,000 төгрөг өгсөн, тохирсон гэж буруутгасан. Гэтэл мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт П.Б, З.С нар мөнгө амлаагүй, мөнгө өгөөгүй гэж мэдүүлсэн. Мессежны тухайд бол хэн алин нь бие биедээ муудалцсан мессеж бичиж байсан, гэхдээ “хүүхэд ална” гэсэн мессеж байдаггүй, энэ нь зөвхөн хоёр хүний хувийн сэдэлттэй асуудал юм. З.С-ийг захиалгаар хүнийг алсан гэж зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь захиалагч буюу З.С П.Б-д ямар нэгэн шан харамж өгөөгүй, ямар ч тодорхой болзол, амлалт өгөөгүй бөгөөд нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй байхад ял шийтгэл оногдуулсан. Ер нь П.Б Ц.Ц-ийнд хулгай хийх гэж ороод бантсандаа хүүг алсан, хүн алсан хүн сандрахдаа хулгай хийж чадалгүй гарсан, З.С, Ц.Ц хоёрын хоорондох асуудлыг мэдэж байсан учраас З.С-ийг ашигласан, эх нь ч нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Шийтгэх тогтоолд “утас авахуулах” тухай П.Б, гэрч Ц.О, Ч.Ч нарын мэдүүлгүүдийг “тодорхой болзол” гэж үндэслэн “захиалга өгсөн” гэдэг зүйлээр ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. З.С-д холбогдох хэрэгтэй хамт түүний ургийг тасалсан хэргийг хамтатган шалгах ёстой бөгөөд шалгаагүй тул үүнийг шалгуулах тухай хүсэлт гаргахад аймгийн прокурор хүлээн авч тогтоол гаргасан боловч ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзнэ. Гэмт хэрэгтнүүд ял завшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалтыг нэг талыг барьж явагдсан гэдгийн нотолгоо юм. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учраас шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.С-ийн өмгөөлөгч Т.Энхболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын удаа дараагийн гомдол, хүсэлтийг мөрдөгч, прокуророос шалгаж шийдвэрлэлгүй хууль бусаар хязгаарлаж тэдний эрхийг ноцтой зөрчсөнийг шүүх үнэлж дүгнэлгүй Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Ялангуяа З.С нь 6 сартай жирэмсэн байхад Л.М хэвлийд нь хоёр удаа өшиглөснөөс болж ураг зулбасан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх байтал орхигдуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч болон насанд хүрээгүй шүүгдэгч нарын мэдүүлэг, мөн З.С, П.Б нарын мэдүүлэг ч хоорондоо зөрүүтэй байхад анхаарч үнэлэлт өгөөгүй, эдгээрийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нотлох баримт түүний үндэслэлийг тогтоолд тодорхой зааж өгөөгүй байна. Тухайлбал, насанд хүрээгүй шүүгдэгч П.Б 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Ц-ийн гэрээр 2 удаа орсон гэдэг, гэтэл шүүгдэгч З.С нь П.Б надтай хамт явж байхдаа гар утасны цэнэглэгч авна, цэргийн бүртгэлд бүртгүүлнэ гэдгээ Б-д хэлээд ирнэ гээд нэг л салсан гэдэг ба үүнийг бусад гэрчийн мэдүүлгээр нарийвчлан шалгах ажиллагаа хийгдээгүй. Мөн хэрэг гардаг өдөр З.С гэрээсээ гарахдаа ээмэг зүүгээгүй гарч Бунханд байдаг өөрийн гэрээсээ ээмэг зүүж ирсэн гэдэг. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М гэрээсээ гадагш гарч явахдаа З.С, П.Б нар явж байсан тэр үед З.С шар өнгийн ээмэгтэй байсан гэж илт зөрүүтэй мэдүүлдэг. З.С-ийг гэрээс гарахдаа ээмэг зүүгээгүй гэдгийг З.Со нь нотолж мэдүүлдэг. Энэ талаар бусад гэрч болох Хэрлэн сумын 1 дүгээр багийн ажлын албаны ажилтан нараас тодруулж асуугаагүй, тухайн газрын камерын бичлэгийг ч шалгалгүй орхигдуулсныг үнэлж дүгнэж үзээгүй байдаг. Насанд хүрээгүй гэрч О болон шүүгдэгч П.Б нарын мэдүүлэг нэг адил хуулбарласан мэт байгаа нь хуурамч байх үндэслэлтэйг шүүх үнэлж дүгнээгүй. П.Б-д З.С ямар эд зүйл, мөнгө төгрөг өгнө гэсэн болох, түүнчлэн З.С-ээс П.Б-ын санал болгосон ямар агуулга бүхий асуудлыг бүтээж өгөхөөр амласан болох, энэ талаар хэрхэн хэлэлцэж тохиролцсон ямар зүйл байгааг мөрдөн байцаалтаар огт тогтоогоогүй. Ялангуяа П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ З.С эгч мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй, тэгж амлаагүй гэдэг мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэлгүй орхигдуулсан. З.С, Л.М нарын хоорондоо бичсэн хэрүүл, хардалтын шинжтэй мессежийг өс хонзон гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд зарим мессежийг хэний утаснаас хэн бичсэнийг тогтоож чадаагүй зөвхөн З.С-ийн утас учир түүнийг бичсэн мэт үзжээ. Гэтэл З.С-ийн 99хххххх дугаар минийх биш, би тийм мессеж бичээгүй, өс хонзон санаагүй, захиалга өгч хүүхэд алуулаагүй, тийм зүйл хийх сэтгэл надад байхгүй гэсэн мэдүүлэгт огт ач холбогдол өгөөгүй хэт нэг талыг барьсан нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар “ДБЭХС” ТӨХК-ийн ШНБ-ны камерын бичлэгт буй үл мэдэгдэх хүний дүрсийг ямар эх сурвалжийг үндэслэн П.Б, З.С нар мөн гэж тогтоож байгаа нь тодорхойгүй байхад яллах нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай болжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн өс хонзон, захиалга гэдгийг тайлбарласан тайлбарыг тогтоолд оруулан бичиж, улмаар захиалсан гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байхад шүүх уг тайлбарыг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг болгон захиалсан гэж урьдчилан дүгнэлт өгч хууль зөрчсөн. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч О мэдүүлгийн эх сурвалжийг гаргаж чадаагүй, З.С нь П.Б-д хүүхэд алах талаар захиалга өгснийг мэдэхгүй гэдэг ба харин блокон хашаа хийж өгнө биз дээ урьдчилгаа мөнгө өгнө гэж хэлж байсан гэдгийг сонссон гэж мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолд огт өөр үг, өгүүлбэр бичигдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчжээ. Зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдол хүсэлт, аймгийн прокурорын даалгавар, шүүгчийн захирамжийн заалтыг хангах ажиллагааг хийгээгүй нь оролцогч нарын эрхийг ноцтой зөрчиж хязгаарлажээ. Иймд З.С бусдыг алуулах захиалга өгсөн нь хангалттай тогтоогдоогүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Б-ын хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.С-ийн өмгөөлөгч З.Нямсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...З.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.4, 91.2.15 дахь заалтуудаар ял сонсгосон нь З.С-ийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, тулгасан зэрэг өнгө аяс харагдаж байгаа ба энэ зүйлчлэл анхнаасаа буруу байсан нь хоёр шатны шүүхийн зөрүүтэй дүгнэлтүүдээс харагдаж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14-т 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 99хххххх дугаараас “Тэгээд одоо төрөх хүүхдэд минь гай хийвэл өөрөө зовлонгоо амсана шүү гэж хэлье”, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 99хххххх дугаартай утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд 89хххххх дугаараас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагт “Нүд бас шүдгүй эмгэн болохоор санаа чинь явчихаж, даанч буруу өтөлж, үр хүүхэддээ гай болов оо” гэсэн баримтуудаас үзэхэд өс хонзонгийн сэдэлтээр талийгаач Т-г алсан гэдэг нь тогтоогдож байна гэж мөрдөн байцаалтаар сэдэлтийг тогтоогоогүй, энэ мессежийг хэн бичсэн, ямар зорилготой болохыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх өс хонзонгоор бага насны хүүхдийн амь насыг захиалгаар хороосон байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. П.Б мөрдөн байцаалтад анхнаасаа З.С эгч мөнгө төгрөг өгнө гэж яриагүй, амлаагүй, гар утас авахаар ярьсан гэж захиалагч биш болохыг анхнаасаа ярьдаг, мөн шүүх хурал дээр З.С эгчээс авсан 40,000 төгрөг энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж захиалагч биш болохыг баталдаг ба ямар нэгэн хөлс өгөх, шан харамж өгөх хүсэлт гаргаагүй болохыг шүүх бүрэлдэхүүний асуулт бүхэнд хариулдаг, түүний энэ байдлыг гэрч Ц.О шүүх хурал дээр нотолж өгч байгаа нь З.С-ийг цагаатгах талын нотлох баримт болж байгаа юм. Энэ хэргийн талаар шүүгдэгч З.С-ийн өмгөөлөгч нар хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх, камерын бичлэгийн эх сурвалжийг тогтоох талаар олон дахин хүсэлт гаргаж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хүсэлтүүдийг хүлээж аваагүй, энэ талаар аль ч шүүх дүгнэлт өгөөгүй, зөрүүтэй болон нотлох баримтын шаардлага хангахгүй бичлэгээр хэргийг шийдэж ял оноосон явдалд гомдолтой. Камерын бичлэг хууль бус, дүрс нь харагдахгүй байхад мөрдөн байцаагч машины дугаар, шүүгдэгч нарын нэрсүүдийг нэр цохож тэмдэглэлд нотлох баримт болгосон нь хуульд нийцэхгүй. Шүүгдэгч З.С-ийг захиалга өгсөн мэт ярьдаг боловч шүүхийн хэлэлцүүлэгт П.Б, гол гэрч Ц.О нар энэ талаар ярьдаггүй, нотлох баримт гаргаж өгдөггүй, ямар байдлаар захиалсан болохыг шүүх хурал дээр нотлоогүй, шүүх хуралд оролцсон улсын яллагч мөн л хөтөлсөн, сануулсан асуултаар мөрдөн байцаалтад хэлсэн чинь үнэн биз дээ гэж асуудаг, түүнд нэг болохоор мөрдөн байцаалтад хэлсэн үнэн, одоогийн надад захиалга өгөөгүй гэж ярьж байгаа нь үнэн гээд эх сурвалжаа ярьж чадахгүй байдаг. Энэ байдлыг ажигласан шүүгч нарын асуултад эргэлзээтэй хариулдаг. Ер нь З.С эгч энэ хэрэгт холбогдолгүй, захиалаагүй, мөнгө, эд зүйлс өгөөгүй, амлаагүй гэж эргэлзээтэй хариулдаг. П.Б, гэрч О нар шүүхийн хэлэлцүүлэгт З.С-ийг цагаатгах талын нотлох баримт гаргаж байхад шүүх түүнд дүгнэлт өгөхгүй, захиалгаар амь насыг нь хөнөөсөн гэж хийсвэр дүгнэлт өгч байгаад гомдолтой. З.С-ийн үйлдэл нь бусдыг захиалгаар алсан гэмт хэргийн шинж байхгүй тул бүлэглэсэн, өс хонзон гэж хүндрүүлж ял сонсгож айлгасантай адил, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж амь насыг нь хохироох гэж хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Харин З.С бусдыг захиалгаар алсан гэдэгт аль ч шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй тул хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүх талаас нь бодитой хянаж З.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдаанаар цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Миний насанд хүрээгүй дөнгөж 7 настай жаахан хүүг маань З.С, П.Б нар нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрт орж бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон, санаатайгаар, өс хонзонгоор, захиалгаар, онц хэрцгийгээр хороосон. 2017 оны 07 дугаар сарын 26-нд давж заалдах шатны шүүх алуурчин З.С гэгчид 17 жил 03 сар 10 хоног, П.Б-д 13 жил хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Яасан гэж ингэж бага ял өгнө вэ. Өнөөдөр Монгол Улсад хүний амь тэр тусмаа ямар ч гэм зэмгүй хүүхдийн амь үнэгүйдэх ёсгүй. Ямар ч хөнгөрүүлж үзэх шалтгаан байхгүй байхад давж заалдах шатны шүүх ийм бага ял шийтгэсэнд үнэхээр их гомдолтой байна. Миний нялх үрийг хороож, амьдын хагацал учруулж гал голомтыг минь сүйрүүлчихээд уучлалт гуйж харамсах нь байтугай улам өсөрхөн мөрдөн байцаалтын шатнаас эхлээд анхан болон давж заалдах шатны шүүхэд дандаа худал мэдүүлэг өгч намайг гүтгэн доромжилж, нэр төрд минь давхар халдаж байгаад үнэхээр жигшиж, гомдолтой байна. З.С гэгч алуурчинтай би нэг ч удаа уулзаж байгаагүй. Анх анхан шатны шүүх хурал дээр харж байсан, гэтэл надтай уулзсан гэж дандаа худлаа ярьдаг. Би алуурчин З.С-ийг хүүхдээ авахуул гэж хэлэх нь байтугай энэ тухай мессеж ч бичиж байгаагүй. Хүн өөрийгөө өмгөөлж, өмгөөлүүлэх эрхтэй ч гэсэн ямар ч үндэслэлгүйгээр хүний эрхэнд халдаж худал ярьж гутаан доромжлох нь хуульд нийцэхгүй болов уу. Энэ тал дээр шүүх бүрэлдэхүүнийг маш нухацтай авч хэлэлцэнэ гэдэгт би итгэж байгаа. Анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч алуурчин П.Б-оос “Чи 7 настай, жаахан хүүхэд өөдөөс чинь яриад гэр бүлийнхээ зургийг үзүүлээд байхад хайрлах сэтгэл төрсөнгүй юу гэхэд хээвнэг хайрлах сэтгэл төрөөгүй гээд хариулсанд маш их гомдсон. Ийм л өчүүхэн ч хайрлах энэрэх сэтгэлгүй учраас энэ 2 хүн хүний бяцхан үрийн амийг хохироосон. Алуурчин З.С нь миний хүүг 2017 оны 03 дугаар сараас эхлээд сиймхий гарахыг хүлээж, өөрийн дүү Б /Бөмбөөлэй/, Б-г удаа дараа гуйж, мөнгө амлаж, алах зорилго өвөрлөж байсан нь хавтаст хэргээс харагдана. Би З.С, П.Б гэх алуурчинд маш их гомдолтой. Шүүхээс гэмт хэрэгтнүүд үйлдсэн онц хүнд хэргээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй, байнга худал мэдүүлж байгаа, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйх нь бүү хэл гүтгэн доромжилж байгаа, хохирол төлбөр төлөөгүй, нийгэмд аюултай хэрцгий балмад хэрэг хийсэн байхад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж байгааг ойлгохгүй байна. Ялтан З.С-ийн өмгөөлөгч нар хэргийн байдлыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай сайн тогтоосон байхад шүүх хуралдаанд юуг тогтоолгох гээд байгаа, энэ нь ямар ач холбогдолтой болохыг тодорхой хэлж чадаагүй. Миний зүгээс мөрдөн байцаагч, прокурор маш сайн ажиллаж, нийгмийг цочроосон онц хүнд хэргийг хурдан шуурхай эзэн холбогдогчийг олж тогтоон, таслан сэргийлэх арга хэмжээ авч чадсанд баярлаж байдаг. Магадгүй дахин хэн нэгний амийг хороохоос сийхгүй этгээд байсан. Прокурорын даалгавраар З.С-ийг жирэмсэн байсан эсэх, жирэмслэлтийг хэзээ, хэрхэн ямар нөхцөлд тасалсан болохыг тогтоолгох талаар ажиллагаа хийсэн. Хууль бусаар өөрийн үрээ өөрөө устгаж, гэмт хэрэг үйлдсэн. Монгол Улсын дээд шүүх ялтан З.С, П.Б нарт ялын дээд хэмжээ өгнө гэдэгт би итгэлтэй байна. Мод бүхэн үндэстэй, хүн бүхэн үртэй байдаг. Би хэнд ч гэм хийгээгүй, нялх хүүгийнхээ амийг л нэхнэ. Иймд ялтан З.С, П.Б нарт оногдуулсан хорих ялын хэмжээг нэмж бүх насаар нь хорих ял оногдуулна уу. Шийтгэж болох хамгийн дээд хэмжээгээр нь ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ ял оногдуулах зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хөнгөрүүлэх үндэслэлийг магадлалдаа тодорхой зааж өгөөгүй байж ялыг хөнгөрүүлэн оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэхдээ хэргийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж оногдуулах журмыг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, хийсэн гэмт хэрэгт нь хөнгөдсөн ял оногдуулсан. Энэ талаар миний үйлчлүүлэгч маш их гомдолтой байдаг тул эдгээр нөхцөлийг харгалзан үзэж шийдвэрлэх нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангахад чухал байсан юм. Шүүгдэгч З.С уг хэргийг санаачлан, тус айлын хүүхдийг алаад өг хэмээн шүүгдэгч П.Б-д захиалсан байдаг. Шүүгдэгч З.С-ийн үйлдэлд урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн гэсэн заалтыг нэмэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэхдээ ... шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэхийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг дүйцүүлэн хасаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэх үндэслэл болжээ. Тухайлбал, магадлалын тодорхойлох хэсгийн 5-д ... насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан хэрэгт хорих ялын 59 хувийг нэмж, биечлэн эдлэх ялыг тогтоосон байх тул үүнийг шинэ Эрүүгийн хуулиар оногдуулсан ялын хэмжээнд дүйцүүлэн гэж тайлбарлан бичсэн байна. Энэ хэргийг хянан хэлэлцсэн аль ч шатны шүүх хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж тогтоогоогүй мөртлөө хариуцлагыг хөнгөрүүлэн хэрэглэсэн. Гэмт хэргийг үйлдэхдээ эдгээр 2 хүн нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн үйлдсэн болох нь ялтан П.Б-ын мэдүүлэг, гэрч О-ын мэдүүлэг, “ДБЭХС” ТӨХК-ийн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Хэргийн бодит байдлыг анхааралгүй хөнгөрүүлэн ял оногдуулсан. Иймд гэм буруутай этгээдүүд өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ ухамсарлан ойлгож, гэмшихгүй байгаа, хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хор уршгийг арилгаагүй, хохирогчийн ар гэрийнхний гомдолтой байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг анхааран үзэж нийгэмд жигшил төрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оногдуулах ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх З.С, П.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь П.Б мэдүүлэхдээ “2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С эгч намайг гуйсан. Тэгээд маргааш орой нь хоёулаа ороод алья гэж ярилцаад 09 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед С эгчтэй Б-ын дэлгүүрээс ...резинэн бээлий авсан. Тэр орой Со эгч, З нар унтахгүй байсан учраас гарч чадаагүй. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хоёулаа гараад Бунхан орохдоо Ц-гийн гэрт хэн байгааг харах гэж хажуугаар нь явсан. Тэр үед эхнэр нь гарахаар нь гэрт нь орж хүүхдийг нь алсан гэдэг. Үүнээс үзэхэд З.С нь 2, 3 хоногийн өмнөөс алахаар бэлдэж, П.Б-той үгсэн тохиролцож талийгаачийн гэрийн гадаа очиж ажиглаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг гэрээсээ гарангуут П.Б-ыг одоо боломж гарсан гээд гэр лүү нь оруулж бага насны талийгаачийг гэртээ ганцаараа үлдсэн байхад нь алуулж үгсэн тохиролцож бүлэглэсэн болох нь П.Б болон насанд хүрээгүй гэрч О, хохирогчийн төлөөлөгч Л.М нарын мэдүүлгээс харагдаж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилсан тохиролцсон бүлэгт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэсэнд хамаарахаар байтал анхан шатны шүүх үгсэн тохиролцож бүлэглэсэн болохыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт З.С-ийг хүнийг өс хонзонгоор, захиалгаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан, П.Б-ыг хүнийг захиалгаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэм буруутайд тооцсон бөгөөд тогтоох хэсгийн 3 дахь заалтад З.С-д Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг журамласан боловч П.Б-д Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлалгүй орхигдуулсан нь агуулгын хувьд ойлгомжгүй болсон байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Шүүх З.С, П.Б нарын хүндрүүлэх нөхцөлтэй хүнийг өс хонзонгоор, захиалгаар, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж алсан, насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэгт татан оролцуулсан байтал онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлж хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарын ялыг шинэ Эрүүгийн хуульд нийцүүлэн хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдлоосоо татгалзаж байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа тохиолдолд ерөнхий болон тусгай анги нэг мөр хэрэглэгдэнэ гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэлэлт өгөхдөө илүү ач холбогдолтой дүгнэлт хийсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл, дэглэм зөв бөгөөд зохих заалтад өөрчлөлт оруулж, хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч П.Б өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгчийн зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.С, П.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хуулийг зөв хэрэглэсэн. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар заасан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Прокуророос З.С нь Ц.Ц-тэй эр эмийн харьцаа тогтоосны улмаас түүний эхнэр Л.М-тэй маргалдаж, улмаар өс хонзон санаж П.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Х дүгээр баг, Х тоотод оршин суух 7 настай Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Б-д захиалсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.11, 91.2.15 дахь заалтад зааснаар, мөн насанд хүрээгүй П.Б-ыг “хүнийг санаатай алах” буюу онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар,

П.Б нь насанд хүрээгүй байхдаа З.С-ийн захиалгаар, түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Х дүгээр баг, Х тоотод оршин суух 7 настай Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж санаатай алсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.11, 91.2.15 дахь заалтад зааснаар, мөн 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын Х дугаар багт байрлах Алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж мөнгөн аяга, ээмэг, бөгж зэргийг нууцаар авч, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд З.С нь өс хонзонгийн сэдэлтээр, 7 настай хохирогч Ц.Т-г биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж санаатай алах захиалгыг П.Б-д өгсөн, насанд хүрээгүй П.Б-ыг онц хүнд гэмт хэрэгт татан оруулсан,

П.Б нь насанд хүрээгүй байхдаа З.С-ийн захиалгаар 7 настай хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж боомилж санаатай алсан, бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус бүрийн хэдийд, хаана, яаж үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоосон байна.

Шүүгдэгч З.С нь хохирогчийн амь насыг хохирооход биечлэн оролцоогүй хэдий ч тэрээр гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөсөн, захиалгын гүйцэтгэлийг хангахыг шаардсан, хянасан, шүүгдэгч П.Б нь уг гэмт хэргийг З.С-ийн захиалгаар гардан гүйцэтгэсэн нөхцөл байдлыг үндэслэн урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.С-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.4, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэрэгт, П.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэдэг боловч уг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд энэ зарчим 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.С-ийн хүнийг санаатай алуулах захиалгыг “өс хонзонгийн сэдэлт”-ээр өгсөн гэж үзсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид өмнөхөөсөө өөр байдлаар зохицуулагдсан байна.

Тухайлбал, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж” гэж ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг чиглэсэн шинжийг агуулан хуульчлагджээ. З.С-ийн гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн бодол санааг дээрх шинжтэй адилтгаж, төсөөтэйгөөр хүндрүүлэн хэрэглэх үндэслэлгүй тул түүнд ял оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь заалтыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмын хүрээнд оногдуулах ял хөнгөрч буй хуулийг З.С, П.Б нарын үйлдсэн “Хүнийг санаатай алах”, З.С-ийн үйлдсэн “Насанд хүрээгүй хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан” гэмт хэргийн тухайд буцаан хэрэглэхээс гадна “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог шинэ хуульд нийцүүлэн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн П.Б-ын одоо ял шийтгүүлж байгаа болон урьд ял шийтгүүлсэн хулгайн гэмт хэргүүдийн ялыг нэмж нэгтгэхэд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул уг ялуудыг 2002 оны Эрүүгийн хуулийн ял нэмж нэгтгэх аргачлалыг баримтлан хөнгөнийг хүндэд багтаасан заалтыг хэвээр үлдээж, уг нэгтгэсэн ялыг “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ шинэ, хуучин хоёр хуулийг хольж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байна.

Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэл, дүгнэлтүүдтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан, шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн, Т.Энхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Б.Тэнгис нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч З.С-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91, 114 дүгээр зүйлтэй холбогдох хэсгийг “Шүүгдэгч З.С-ийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг захиалсан, хүүхдийг найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, шүүгдэгч П.Б-ыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж захиалгаар алсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч З.С-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар 17 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, шүүгдэгч П.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.3, 2.7 дахь заалтад зааснаар 12 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан З.С-ийн нийт эдлэх хорих ялыг “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулсан 17 жил хорих ял дээр “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн 20 жил хорих ялаар, П.Б-ын нийт эдлэх хорих ялыг “Хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулсан 12 жил хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн 14 жил хорих ялаар тус тус тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С, П.Б нарт оногдуулсан хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, З.Нямсүрэн, Т.Энхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Б.Тэнгис нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                     ШҮҮГЧ                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                   Б.ЦОГТ

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН