Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-08
Тогтоолын дугаар 301
Хэргийн индекс 105/2017/0240/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч С.До-, Д.Ня-, Ч.Мө-, Б.Ба- нар
Зүйл заалт 272.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.До- Д.Ня- Ч.Мө- Б.Ба-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогт,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүх,

Хохирогч И.Бя-,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 661 дүгээр магадлалтай 21031263 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогт, хохирогч И.Бя-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй С.До- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Ня- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ч.Мө- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.До-, Д.Ня-, Б.Ба-, Ч.Мө- нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийг хүнд хор уршиг учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас С.До-, Д.Ня-, Б.Ба-, Ч.Мө- нарыг тус тус чөлөөлж, С.До-, Д.Ня-, Б.Ба-, Ч.Мө- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч И.Бя- нь гэм хорын хохирлын талаарх баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.До-, Д.Ня-, Б.Ба-, Ч.Мө- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Р.Батцогт, Ц.Гансүх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1.Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгт “С.До-, Д.Ня-, Б.Ба- Ч.Мө- нарын хэн нь ямар ажил үүрэгтээ, хэрхэн яаж хайнга хандсан, хэн нь ямар хууль дүрэм зөрчсөн талаар нэг бүрчлэн дүгнэж, прокурор яллах дүгнэлт үйлдээгүй, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар ойлгомжгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэлэлцсэн байна” гэж дүгнэсэн хэрнээ хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

2.Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй хохирол бодитойгоор учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Миний үйлчлүүлэгч нарын үйлдлээс болж хохирогч Н.От- болон “АС” ХХК-д хохирол учраагүй гэдгийг давж заалдах шатны шүүх “Мөрдөн байцаалтын шатанд Н.От- болон “АС” ХХК-ийн хохирлыг газрын үнэлгээгээр тогтоосон байх бөгөөд “хүнд хор уршиг” гэж ямар хор уршиг, хэрхэн яаж учирсан талаар бодит үнэлгээг хийж, хор уршиг учирсан эсэхийг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй байна” гэж дүгнэж, хуульд нийцсэн дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг нотлохоор, эсвэл нотлуулахаар анхан шатны шүүхэд буцаах үүрэг хуулиар хүлээгээгүй байна. Иймд шийтгэх тоггоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.До-, Д.Ня-, Б.Ба-, Ч.Мө- нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч И.Бя- гаргасан гомдолдоо: “...С.До-, Д.Ня-, Б.Ба-, Ч.Мө- нар нь хууль зөрчсөн үйлдэлдээ гэмшихийн оронд 2013 онд дахин “АС” ХХК-ийн бохирын шугам дээр болгосон хуурамч кадастраа 4м-ээр хойшлуулан Нийслэлийн мэдээллийн санд оруулсан байдаг. Энэ нь байгууллага, хувь хүний кадастрыг өөрчлөлт хийх бүрдээ эзэнд нь заавал мэдэгдэж байх Газрын тухай хуулийг зөрчөөд зогсохгүй, Шүүхийн явцад хэн нэгэнд ямар нэгэн бичиг баримтыг гаргаж өгөхгүй, өөрчлөлт хийхгүй тухай Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх заалтыг зөрчсөн. Дуртай үедээ иргэдийг чирэгдүүлэн, албан тушаалаа санаатайгаар ашиглан кадастрыг нь дур мэдэн өөрчлөх нь тэдний хувьд хэвийн үзэгдэл байсан бололтой. Шүүгчийн 100 дугаар тогтоолоор иргэн Н.От-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал, албадан гүйцэтгэх хуудас бичиж ШШГА-нд явуулсан байдаг. ШШГА-ны дэд дарга Нандинтуул нь хүлээн авч Н.От-ыг огт кадастргүй байхад нь Н.От-ын кадастрыг Нийслэлийн мэдээллийн санд оруулах үүрэг өгсөн байдаг. Ш.Мя- нь Н.От-т 7 жилийн дараа хуурамчаар кадастр хийж өгөхдөө Газрын албаны дарга Ба-ийн гарын үсгийг хамтатган зурсан байдаг. 2013 онд хуурамчаар хийгдсэн уг кадастрыг Б.Ба-, Д.Ня- нар нь тосон авч Нийслэлийн мэдээллийн санд оруулсан нь бас л дураар авирласан хууль зөрчсөн үйлдэл юм. Тэгээд ч зогсохгүй Ч.Мө-, Б.Ба- нар нь шинжээчийн дүгнэлтээр Н.От- 2007 оны 405 тоот захирамж нь гэрээ хийгдээгүй, төлбөр төлөөгүй, Баянзүрх дүүргийн Газрын албанаас кадастр хийж өгөөгүй, Нийслэлийн мэдээллийн санд 2013 онд орсон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэснийг эсэргүүцэж 2013 онд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсгийг зөрчин Н.От-т гэрээ хийж байсан мэт төлбөр төлсөн, мөн кадастрийг нь хийж Нийслэлийн мэдээллийн санд оруулсан нь дахин давтан хуулиа зөрчөөд зогсохгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Давхцалгүй байх” заалтыг мөн зөрчсөн. Энэ мэт хууль зөрчсөн үйлдсэн, дураараа авирлах үйлдлээ хүлээн зөвшөөрөхийн оронд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Энхболдоор шинжээчийн дүгнэлтийн эсрэг дүгнэлт гаргуулах, мөн хэлтсийн цагдаагийн хошууч Батдэлгэрээр хэргийн материалаас монтажилж хасуулах үйлдэл хийлгүүлсэн. Олон жилийн хугацаанд мөрдөн байцаагч нараас өнөөдрийг хүртэл шударга, өргөсөн тангартаа үнэнч байсан мөрдөн байцаагч нартай тааралдсангүй.

Уг хэргийг 10 гаруй прокурор шалгасан боловч хэргийн нотлох баримт хавтаст хэрэгт байсаар байтал хэргийг бүдэгрүүлэн, хэт удаашруулан, жил болгон хэрэгсэхгүй болгож байснаас гадна хамгийн сүүлд прокурор Батхишиг нь Н.От-ын 2007 оны 405 тоот 385м2 газартай нь асуудал яригдаж байхад 2001 оны 119м2 газартай нь давхцалгүй байна гэж хэрэгсэхгүй болгож байсан. Прокурор Л.Амарзаяа, Н.Оюунцэцэг нар нь нэг прокурорын гаргасан шийдвэр мэт канондсон юм шиг үг, үсгийн зөрүүгүй тогтоолуудаас үзэхэд хэргийг сайтар шалгаагүй нь өнөөдрийн ийм байдалд хүрч нөхдүүдэд ял завшуулж байгаад гомдолтой байна. Мөн өмгөөлөгч Р.Батцогт нь Нийслэлийн захирамжаа хамгаалан надад өмгөөлөл хийж байсан мөртлөө одоо шүүгдэгч нарыг өмгөөлөн миний эсрэг байгаа нь мөн хууль зөрчсөн үйлдэл болов уу гэж үзэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч И.Бя-гийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...1.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөн яллах дүгнэлтээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогддог. Б.Ба-, Ч.Мө- нар нь Баянзүрх дүүргийн Газрын албанд ажиллаж байхдаа иргэн Н.От-ын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, кадастрын бүртгэлд оруулахгүй байх, солбилцол, хилийн зааг, давхардал байгаа эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй. С.До-, Д.Ня- нар нь “АС” ХХК-ийн гаргасан удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, кадастрын бүртгэлд оруулахгүй байх, гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэхдээ хээрийн болон суурин судалгаа хийж шалгах үүргээ биелүүлэлгүй албан үүрэгтээ хайнга хандсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 23 дугаар зүйлийн 23.4.3, Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.13, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6, 16 дугаар зүйлийн 16.10, 16.11 дэх хэсэг, заалтуудыг зөрчсөн байдаг.

2.Маргаж буй газрын маргаан 2007 оноос эхэлсэн, өнөөдрийг хүртэл 10 жил үргэлжилж байгаа. Энэ хугацаанд хохирогч нар газраа зориулалтаар нь ашиглаж, эзэмших боломжгүй нөхцөл байдалтай байсан. “АС” ХХК-ийн хувьд архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан, барилгын зургаа хийлгэсэн боловч шүүх, цагдаагаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдохгүй барилгаа барьж чадахгүй 10 жил болсон байдаг. Үүнийг үндэслэн анхан шатны шүүх хохирлыг газрын үнэлгээгээр тогтоосон. Энэ нь хууль ёсны, үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...2002 оны Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан байхыг шаарддаг. С.До- нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт “...эдгээр албан хаагчдын гэм буруутай үйл ажиллагаанаас болж материаллаг хохирол бий болоогүй...” гэж дүгнэсэн хэдий ч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Хохирогч нар газар эзэмшигч, газрын өмчлөгч нь төр юм. Гэтэл эзэмшигч нарын хүсэлтээр газрыг үнэлсэн үнэлгээг гэмт хэргийн хохирол болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч нарыг буруутгаж байгаа Газрын тухай болон Кадастрын тухай хуулиудад ойлголтын шинжтэй тодорхойлолтууд бичигдсэн байдаг. Иймд магадлалыг хэвээр үлдээх зүйтэй” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогт, хохирогч И.Бя-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн С.До-, Д.Ня-, Ч.Мө-, Б.Ба- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.До-, Ч.Мө-, Б.Ба-, Д.Ня- нар нь хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, иргэн Н.От-ын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хойшлуулах, эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, “АС” ХХК /И.Бя-/-ийн эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа дур мэдэн давхацлыг арилгаж алдаатай оруулах, Н.От-ын гомдол, “АС” ХХК-ийн эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ биеэр хээрийн судалгаа хийж солбилцол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийлгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас иргэн Н.От-, “АС” ХХК /И.Бя-/-ийн газар эзэмших эрхийг зөрчин, хүнд хор уршиг учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх С.До-, Ч.Мө-, Б.Ба-, Д.Ня- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн С.До-,  Ч.Мө-, Б.Ба-, Д.Ня- нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш хэргийг хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч нар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн хохирогч нарын хооронд газар эзэмшлийн талбай, хэмжээтэй холбоотой маргаан удаан хугацаатай үргэлжлэхэд хүрч, улмаар иргэн болон аж ахуйн нэгжийн хувиар зүй ёсоор эзэмшвэл зохих газраа зориулалтын дагуу ашиглан, үйл ажиллагаагаа хэвийн байдалд үргэлжлүүлэх боломжгүйд хүрсэн байдал зэрэг нь хүнд хор уршигт тооцогдоно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Батцогтын “шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 661 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогтын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТЦЭРЭН

                                 ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР       

                                                                                                    Д.ГАНЗОРИГ          

                                                                                                    Б.ЦОГТ         

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН