Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 313
Хэргийн индекс 132/2017/0250/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч С.Б
Зүйл заалт 091.2.2, 091.2.10
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Б-д оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 88 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 5 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт С-ийн Б нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-т зааснаар 25 жил хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар С.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-т зааснаар оногдуулсан 25 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 15 жил хорих ял болгон тогтоож, түүний биеэр эдэлсэн 5 жил 2 сар 8 хоногийг хасаж, биечлэн эдлэх ялыг 9 жил 9 сар 22 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 5 дугаар магадлалаар “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан С.Б-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан С.Б гаргасан гомдолдоо “...2013 онд Баянгол дүүргийн шүүхээс надад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-т зааснаар 25 жил хорих ял оногдуулсан бөгөөд шинэ Эрүүгийн хуулиар дээрх хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй болсон тул 8-аас 15 жилийн хорих ялтай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг рүү шилжүүлж 15 жил хорих ял болгосон. Шүүхээс надад 15 жилээс доогуур ял оноож болох байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж ял хөнгөрүүлж оноож болох 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй байгааг анхааран үзэж, ялыг 5 жил 4 сараас 10 жилийн хооронд тогтоож өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...ялтан С.Б-гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, ялыг дүйцүүлэн хассан нь үндэслэлтэй байна. Ялтан С.Б-д оногдуулсан ялыг 15 жил болгож хассан нь зөв тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжинэ.

Нийтлэг баримтлах зарчим нь шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хувь хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчилж ялыг шинээр оногдуулдаггүй болно.

Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагааны үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой ба энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт уг заалтыг журамлан ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх”, мөн “хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдэх” гэсэн шинжүүд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хасагдсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд ялтан С.Б-д оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан ялтны гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 88 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 5 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан С.Б-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН