Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 314
Хэргийн индекс 132/2017/0251/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч С.Б
Зүйл заалт 091.2.12
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С.Б-т оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар магадлалтай, С.Б-т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт С-ын Б нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 15 жил 1 сар хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамжаар “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар С.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар оногдуулсан 15 жил 1 сар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялтай дүйцүүлэн 12 жил 9 сар 22 хоног хорих ял болгон тогтоож, уг ялаас түүний биечлэн эдэлсэн 7 жил 5 сар 1 хоногийн ялыг хасаж, эдлэх ялыг 5 жил 4 сар 21 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Б-ийн эдлээгүй үлдсэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар магадлалаар “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан С.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан С.Б гаргасан гомдолдоо “...Хан-Уул дүүргийн шүүх надад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан доод хэмжээ болох 15 жил 1 сар хорих ял оноосон. Харин шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д ялын доод хэмжээ нь 12 жил болж багассан байна. Гэтэл шүүх ялыг дүйцүүлэн хасахдаа 12 жил 9 сар 22 хоног хорих ял болгон тогтоосон. Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан багассан хэмжээнд дүйцүүлэн шүүх хасна гэснийг гүйцэд хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь ялын доод хэмжээ 15 жил байхад надад 15 жил 1 сар хорих ял оноосон бөгөөд шинэ Эрүүгийн хуулийн доод хэмжээ 12 жил болоход 12 жил 26 хоног хорих ял оноох ёстой болж байна. Гэтэл шүүх 12 жил 9 сар 22 хоног гэж дутуу тогтоож, надад оногдуулсан ялаас 8 сар 26 хоног хорих ял хасаж эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд надад оногдуулсан ялыг 12 жил 26 хоног хорих ял болгон зөвтгөн тогтоож өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүхээс ялтан С.Б-т холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, хуулийг буцаан хэрэглэхдээ хорих ялыг 12 жил 9 сар 22 хоногоор тогтоосон нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, эсхүл дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээгээр дүйцүүлэн хасаж хууль хэрэглэнэ.

Нийтлэг баримтлах зарчим нь шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хувь хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчилж шинээр ял оногдуулдаггүй болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ нь арван таваас дээш, дээд хэмжээ нь хорин таван жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг арван хоёр жил, дээд хэмжээг хорин жилээр тогтоож, ялын доод болон дээд хэмжээ багассан тул анхан шатны шүүх шинээр батлагдсан хуульд ялын хэмжээ буурсан хувьтай дүйцүүлэн ялтан С.Б-ийн ялыг багасгаж шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй байна.

Иймд ялтан С.Б-т оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул ялтны гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 57 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан С.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    

                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                            ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН