Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-12
Тогтоолын дугаар 15
Хэргийн индекс 129/2016/0093/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.Г, М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нар
Зүйл заалт 17.2.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Г.Г, М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат, шүүгдэгч П.Д-ын өмгөөлөгч В.Удвал, шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, А.Бүдханд, П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалтай, 201603000096 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.О, өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Адьяасүрэн, Н.Болд, Д.Ганбат, В.Удвал, Г.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Г-ийн Г.

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М-ийн Ч.

3.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Г-ын О.

4. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын Б.

5.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт П-ийн Д.

6. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ын Ж нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйийн 147.2-т заасан “Бүлэглэн, урьдчилан үгсэж тохиролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар прокуророос Б.Ж, П.Д, Д.Б, Г.Г, М.Ч, Г.О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, прокуророос Б.Ж, П.Д, Д.Б, Г.Г, М.Ч, Г.О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Б.Ж, П.Д, Д.Б, Г.Г, М.Ч, Г.О нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ж, П.Д, Д.Б, М.Ч, Г.О нарын тус бүрийг 1 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.3 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Г-ийг 100 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Б.Ж, П.Д, Д.Б, М.Ч, Г.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.    

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.Ж, П.Д, Д.Б, Г.Г, М.Ч, Г.О нар бүлэглэн “Сод монгол” шатахуун түгээх станцын түгээгч ажилтай Ц.Б-ийн амь биед нь аюултайгаар, архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн түүний “Жи мобайл”-ын гар утас 1 ширхэг, 50,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун, борлуулалтын 317,915 төгрөг зэргийг дээрэмдэж, нийт 428,415 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж зөв дүгнэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилсэн нь буруу гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О болон өмгөөлөгч Н.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс  зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэсэн дүгнэлтгүй байсан бөгөөд  Г.О нар хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Ч-ын өмгөөлөгч Н.Болд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх М.Ч нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар улсын яллагч, өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар хэлэлцэхэд улсын яллагчийн зүгээс ямар нэгэн санал дүгнэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх гэм бурууд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзсэн байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь эргэлзээтэй байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэл боломжийг ашиглалгүй шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Энхбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Г.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байхаас гадна архины шилийг зэвсгийн чанартай зүйл гэж буруу дүгнэжээ. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд зэвсгийн тухай ойлголтыг тодорхойлсон бөгөөд үүнээс үзэхэд архины шил зэвсэг болж чадахааргүй байна. Эрүүгийн хуулийг буруу тайлбарласнаас үүдэн шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Д.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогч А.Г, У.М нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсныг анхааралгүй буруу зүйлчилсэн гэжээ. Анхан шатны шүүх хохирогч нарт учирсан хөнгөн гэмтлийн эмчилгээнд зориулсан бүх хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж, төлүүлсний үндсэн дээр хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд албан ёсоор илэрхийлсэн, нөгөө талаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд орсон байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-д зааснаар хүндрүүлэхээр заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилснийг буруутгаж, тэдгээрийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн хүндрүүлсэн нь үндэслэлгүй. Учир нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхаас гадна түүнийг хэрэглэснээс үүссэн гэмтэл бас нотлогдоогүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч П.Д-ын өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан боловч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ж- нарын барьж байсан архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж дүгнэж байгаа нь буруу байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх өөрөө тайлбар хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь эргэлзээтэй байна. Үүнээс болж шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Н.Энхжаргал хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хавтгайруулан хүндрүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч А.Бүдханд хэлсэн саналдаа “Би өмгөөлөгч П.Адьяасүрэнтэй санал нэг байна. Шүүгдэгч нарын тухайд архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэснээр хохирогч Бямбасүрэнгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байхад давж заалдах шатны шүүх учирсан мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б, Г.Г, Д.Д, Б.Ж нар нь бүлэглэн хохирогч нарыг хүч хэрэглэн зодож амь биед нь аюултайгаар довтолж дээрэмдсэн, мөн шүүгдэгч нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэж “Сод Монгол” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай Б-ийн биед аюултайгаар халдаж гар утас, шатахуун, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн, мөн хохирогч Г, М нарын биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж хөнгөн зэргийн гэмтэл учруулж 17,500 төгрөгийг дээрэмдсэн, мөн ачааны машины салхины шил болон 2 талын хаалганы нугасыг эвдэж сүйтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцдаа оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон боловч шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг орхигдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгэнт 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буцаан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөх боломжгүй байсан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О, өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Адьяасүрэн, Н.Болд, Д.Ганбат, В.Удвал, Г.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Г, М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5а байрны гадна талд хохирогч Б.Ц, Г.Э нарт хүч хэрэглэн довтолж хохирогч Б.Ц-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хохирогч Г.Э-ийн “Самсунг” маркийн гар утас, түрийвч, биет 20,000 төгрөг дээрэмдсэн,

шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж Г.О, М.Ч нар бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жэй Эй Икс” ХХК-ийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын түгээгч Ц.Б-д хүч хэрэглэн довтолж, архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн түүний 60,000 төгрөгийн үнэ бүхий “Жи мобайл” гар утсыг дээрэмдэж шатахуун түгээх станцаас 50,500 төгрөгийн шатахуун, борлуулалтын орлого 317,915 төгрөг дээрэмдсэн,

шүүгдэгч Д.Б, П.Д, Г.Г, Б.Ж, Г.О, М.Ч нар бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сум, Дойт багийн нутаг дэвсгэр “Тэмээн цохио” гэх газрын орчим иргэн А.Г, У.М нарт хүч хэрэглэн довтолж тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж А.Г-ийн ширэн түрийвч, иргэний болон жолоочийн үнэмлэх, “Хас” банкны виза карт, биет 18,500 төгрөгийг, У.М-ын “Нокиа 16-50” маркийн гар утас, ширэн түрийвч, биет 17,500 төгрөгийг дээрэмдэхдээ “Бага Рашаант” ХХК-ийн өмчлөлийн 69-00 АРА улсын дугаартай “Х-Пронтер” загварын авто машины салхины шил, хоёр талын хаалганы нугас зэргийг санаатайгаар гэмтээж 307,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн  прокуророос М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан ял шийтгэлийг оногдуулахдаа мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болгон тусгайлан заагаагүй ч нэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, эд зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байхад хорих ялыг хуульд заасан доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлэн оногдуулах журмыг хэрэглэсэн нь “эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүргэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлахгүйгээр тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нар тус бүрт 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 1 сар, шийтгэх тогтоол гарах үед 19 нас 5 сар настай байсан шүүгдэгч Г.Г-ийг өсвөр насны хүн гэж тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй байна.  

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай журмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд хэдийгээр 18 насанд хүрсэн боловч бие физиологи, сэтгэл зүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу өөрийнх нь бие физиологийн хөгжлөөс оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцорч байгаа хүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байдаг.

Харин шүүгдэгч Г.Г-ийн хувьд дээрх нөхцөл байдал тогтоогдсон эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам болох 8.1, 8.3 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдаагүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах ял нь ерөнхий ангийн журамлах заалтад заасан ялтай зөрчилдөх ёсгүй тул шийтгэх тогтоолын Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэх нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хэрэглэхгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.О, өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Адьяасүрэн, Н.Болд, Д.Ганбат, В.Удвал, Г.Энхбаяр нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3, 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын “шүүгдэгч Г.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарт холбогдох хэргээс тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Ч, Г.О, Д.Б, П.Д, Б.Ж нарын тус бүрийг 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Адьяасүрэн, Н.Болд, Д.Ганбат, В.Удвал, Г.Энхбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН