Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 315
Хэргийн индекс 132/2017/0252/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Г
Зүйл заалт 091.2.2, 091.2.12, 100.1.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.Г-д оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаар магадлалтай, Д.Г-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Г овогт Д-ын Г нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгээр 1 жил хорих ял, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 20 жил хорих ял тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялыг нэмж, нийт 20 жил 9 сар хорих ял шийтгүүлсэн, одоо уг ялыг эдэлж байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн захирамжаар “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Д.Г-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялтай дүйцүүлэн 16 жил хорих ял болгон тогтоож, Д.Г-ийн биечлэн эдэлсэн 7 жил 1 сар 28 хоногийн ялыг хасаж, эдлэх ялыг 8 жил 10 сар 2 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаар магадлалаар “...шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “…нэмж нэгтгэсэн ялаас” гэсний дараа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан багтаасан ялаас тус тус...” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Д.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Д.Г гаргасан гомдолдоо “...Шүүх намайг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оноосон 1 жилийн ялыг нэгтгэж, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оноосон ялын үлдсэн 9 сарын хорих ялыг нэмж, нийт 20 жил 9 сар хорих ял шийтгүүлсэн гэж ташаа дурдаад энэ 20 жил 9 сарын ялаас 9 сарыг чөлөөлж 20 жилээс нь 4 жил хассан гэж тодорхойлжээ. Гэтэл намайг 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.17-д зааснаар 19 жил, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оноосон ялаас 9 сарын ялыг нэмж нэгтгэн 20 жил 9 сарын хорих ял шийтгэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.17-д заасан 19 жил хорих ялаас 3,8 жил бусад 3 жил 9 сар 18 хоног, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оноосон 1 жил, өмнөх ялаас үлдсэн 9 сар, нийт 5 жил 6 сар 18 хоногийн ял хасагдах ёстой байтал ингэж хасаагүй тул үүнийг зөвтгөж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна. Гомдлыг минь хүлээн авч надад өмнөх Эрүүгийн хуулиар оноосон 20 жил 9 сарын хорих ялаас дурдсан зүйлчлэлүүдээс нийт 5 жил 6 сар 18 хоногийн хорих ялыг хасаж, эдлэх ялыг 15 жил 2 сар 12 хоногоор тогтоож өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар ялтан Д.Г-ийг нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж түүнд 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялтай дүйцүүлэн, 16 жил хорих ял болгон тогтоосон нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, эсхүл дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжинэ.

Нийтлэг баримтлах зарчим нь шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хувь хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчилж шинээр ял оногдуулдаггүй болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэсэн шинж, түүнчлэн хөнгөн ялыг хүнд ялд багтаах, зарим хэсгийг нэмэх тухай ойлголт тус тус 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиас хасагдсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялтай дүйцүүлэн тогтоосон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлийг журамлаж багтаасан болон нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ нь арван таваас дээш, дээд хэмжээ нь хорин таван жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг арван хоёр жил, дээд хэмжээг хорин жилээр тогтоож, ялын доод, дээд хэмжээ багассан тул шүүх ялыг шинээр батлагдсан хуульд дүйцүүлэн хасч тогтоосон нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Ялтан Д.Г гомдолдоо анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-т зааснаар 19 жил хорих ял оногдуулсан, үүн дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлээр оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, 20 жил хорих ял оногдуулсан гэж ташаа бичсэн байх бөгөөд “Хүнийг санаатай алах” гэмт хэрэгт оногдуулсан 20 жил хорих ялыг шинэ хуульд нийцүүлэн багасгаж тогтоосныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах талаар гаргасан ялтны гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Д.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                  ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН