Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-10
Тогтоолын дугаар 12
Хэргийн индекс 106/2017/0303/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Ч.С
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ч.С-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч С.Г, түүний өмгөөлөгч С.Нэргүй, цагаатгагдсан этгээд Ч.С, түүний өмгөөлөгч Ц.Итгэл, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 588 дугаар магадлалтай, 2014260004339 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч С.Г, түүний өмгөөлөгч С.Нэргүй нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ч-ын С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуурч мэхлэн аргаар залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.С-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Г болон өмгөөлөгч С.Нэргүй нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч С.Г болон өмгөөлөгч С.Нэргүй нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа  гэрч Д-ийн мэдүүлгийг гол нотлох баримт болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангахгүй гэрчийн мэдүүлгийг цагаатгах нотлох баримт болгон ашигласан. Гэрч Д-ийн мэдүүлэгт “нөхөр С.Г  нь Ч.С-оос орон сууц худалдаж авсан талаар ярихдаа өөр өөрөөр хэлсэн байдаг. Эхлээд “С.Ганболд Ч.С-т зээлсэн мөнгөнийхөө өрөнд байрыг авсан” гэж, дараа нь “худалдаж авсан” гэж мэдүүлсэн. Мөн дахин мэдүүлэг авахад “байр худалдаж авсан талаар нарийн асуудлыг тодорхой сайн мэдэхгүй” тухайгаа хэлсэн. Орон сууцны гэрчилгээг хэдийд харсан, хэдийд зээлийн барьцаанд байгааг нь мэдсэн, энэ талаар хэнээс яаж мэдсэн, төлбөр тооцоог хэрхэн хийсэн талаар тодорхой мэдүүлээгүй байдаг. Гэрчийн мэдүүлгийн эх сурвалж, цаг хугацаа зэрэг тодорхой зүйлийг асууж тодруулаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо гэрч Д-ийн мэдүүлгээс гурван удаа иш татаж дурдсан нь үндэслэлгүй байна. Шүүх хуулийг буруу хэрэглэж Ч.С-ыг цагаатгасан үзэж байна. Ч.С нь С.Г-д зарсан орон сууц банкны барьцаанд байгааг хэлээгүй, төлбөр тооцоогоо авсан байтал банкинд тавьсан 2 орон сууцныхаа С.Г-д зарсан байрыг барьцаанд үлдээж, өөрийнхөө байрны гэрчилгээг барьцаанаас чөлөөлүүлж улмаар зээл, төлбөрийн асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө бусдад зарж нүүсэн. Энэхүү үйлдлийг ч шалгаж тогтоогоогүй, зөвхөн түүний үгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой судалж, үнэн зөв дүгнээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч С.Нэргүй хэлсэн саналдаа “...Хохирогч С.Г иргэн Ч.С-оос 2 өрөө байр худалдаж авсан бөгөөд худалдах авах үед Ч.С- уг байр нь банкны барьцаанд байгааг хэлэлгүй урьдын таатай харьцааг ашиглан С.Г байраа зарж, төлбөрийг цувуулан авсан. Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг С.Г-ын нэр рүү шилжүүлэхгүй удсан тул цагдаад мэдэгдэн шалгуулахад уг байр нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсныг мэдээд залилан мэхлүүлсэн талаар удаа дараа гомдол гаргасны үндсэн дээр анхан шатны шүүх хэргийг хэлэлцсэн боловч үндэслэлгүйгээр Ч.С-ыг цагаатгасан. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа эх сурвалж нь тодорхойгүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч Г.Д-ийн мэдүүлгийг гол нотлох баримт болгосон нь хууль зөрчсөн. Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн судлан, дүгнэлгүй цагаатгах тогтоол гаргасан тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Итгэл хэлсэн саналдаа “Миний бие энэ хэргийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон. Хэргийн хувьд залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн субъектив санаа байхгүй. Байр зарсан асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.С-т холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Орон сууцыг худалдах, худалдан авах асуудал нь иргэд хооронд үүссэн гэрээний харилцаа юм. Тийм учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж шүүгдэгч Ч.С-ыг цагаатгасан нь үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.Г, түүний өмгөөлөгч С.Нэргүй нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.С-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ч.С-ыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Бэгдү” хотхоны 54А байрны 6 тоот 45 м2 хоёр өрөө орон сууцыг 47,500 ам.доллараар худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан 2012 оны 05 дугаар сарын 01-нээс 24-ний хооронд С.Г-оос нийт 47,500 ам.доллар буюу 62,598,535 төгрөгийг хуурч мэхлэн авч өмчлөх эрхийг шилжүүлэхгүй залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Ч.С-ын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иргэний эрх зүйн харилцааны гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцлийн дагуу мэт харагдавч дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл юм.

Харин Ч.С нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 54А байрны 6 тоот 45 м2 хоёр өрөө орон сууцыг  С.Г-д 47,500 ам.доллараар худалдаж, бэлнээр 26,500 ам.долларыг авсан ба 4,500 ам.долларыг 2012 оны 05 дугаар сарын 09-ний дотор төлөх, 7,500 ам.долларыг байрны гэрчилгээ шилжүүлэх үед төлөхөөс гадна С.Г Санзай зуслан дахь гэр байшинг газрын хамтаар Ч.С-ын нэр дээр шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний эрх зүйн харилцаа үүсч, улмаар худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой гарсан маргааныг залилангийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Ч.С нь уг байрыг Худалдаа хөгжлийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсныг С.Г мэдэж байсан, түүнээс орон сууцны үлдэх мөнгийг авч байрыг банкны барьцаанаас суллаж өгөх талаар тохиролцсон болохыг С.Г-ын эхнэр Г.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн зэргээс үзвэл Ч.С-ын зүгээс байрны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх зорилгоор төөрөгдүүлэх замаар хуурч мэхэлсэн, итгэл эвдсэн гэх хууль бус үйлдэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч С.Г, түүний өмгөөлөгч С.Нэргүй нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 588 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч С.Г, түүний өмгөөлөгч С.Нэргүй нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН