Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 330
Хэргийн индекс 185/2017/0171/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч О.А
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

О.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 701 дүгээр магадлалтай, 201625023072 дугаартай О.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 06 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт О-ын А нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д заасан “Танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч О.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 болгон өөрчилж, О.А-г хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар О.А-т 12 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 182 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар О.А-гаас нийт 9,702,803 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 1,658,209 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос О.А-т холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй”, “Шүүгдэгч О.А-г хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-т 11 жил хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.А-т оногдуулсан 11 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-гийн цагдан хоригдсон 213 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж, О.А нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т 2,000,000 төгрөг өгсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...О.А-т бусдыг алах санаа зорилго байгаагүй, хохирогч ширээн дээр нь ирж эмэгтэй хүнтэй зүй бусаар харилцаж, маргаан үүсгэснийг таслан зогсоож, түүнийг ширээнээсээ холдуулж хөөж явуулах гэсэн санаа зорилгоор түүнийг явахыг шаардсан боловч биелүүлээгүй учир толгойн тус газар нь 2-3 удаа гараараа цохьсон, тэр үед нь хохирогч их хэмжээний согтолттой, хордлогын байдалд орсон байсны улмаас түүний тархины судас дүүрч, харвалт өгөх нөхцөл бүрдсэн байх үед О.А цохьсон. Түүний цохилтын хүч хэдийгээр сул байсан ч доргилт өгч харвалт үүсэж, үхэлд хүргэх гэмтэл үүсэхэд нөлөөлж, хохирогчийн амь хохирох шалтгаан болж, тохиолдлын чанартай үйлдэл болсон нь шинжээчийн дүгнэлт, шүүн таслах ажиллагааны болон анагаах ухааны онол, практикаас тодорхой харагдаж байгаа юм. О.А нь тухайн үед хохирогчийг алахыг хүсээгүй, хохирогчийг хэт их согтолттой байгааг мэдээгүйн улмаас ийм хор уршиг учирна гэж бодоогүй, өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай ч, хор уршигт болгоомжгүй хандсан нь хэргийн үйл явц, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заажээ. Үүнээс үзэхэд О.А-гийн үйлдэл нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд О.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг агуулж байхад анхан болон давж заалдах шатны шүүх О.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. О.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас хойш хохирлын үлдэгдлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлж хохиролгүй болгосон, өөрийн үйлдлийн улмаас талийгаачийн амь насыг хохироосноо хүлээн зөвшөөрдөг, уг хэргийг гарахад хохирогчийн их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдын ширээнд сууж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан О.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж ялыг хөнгөрүүлэх үндэслэл байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд хяналтын шатны шүүхээс О.А-гийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих хэсгийг журамлаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гаас нийт 9,702,803 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар, мөн хохирогч нь талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлын талаарх баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэснийг 701 дүгээр магадлалын тогтоох хэсэгт огт дурдаагүй орхигдуулсныг дахин хянах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тодорхой дурдах ёстой гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. О.А нь дээрх тогтоосон 9,702,803 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг бидэнд төлсөн. Үлдсэн 2,702,803 төгрөгийг түүний ар гэрийнхэн нь 2018 оны 05 сар гэхэд төлж дуусгана гэж биднээс гуйсан тул хугацаа тохирч, хэлцэл хийн нотариатаар батлуулсан. Тиймээс 2,702,803 төгрөгийн хохирол төлөхийг илэрхийлсэн хэлцлийн талаар болон талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлын нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд гаргах эрхийг минь нээлттэй хэвээр үлдээх асуудлуудыг шийдвэртээ тусгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч О.А бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлүүлэх талаар гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг байдал үгүйсгэгдэж байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн бодит байдлыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шийтгэх тогтоол, магадлал нь хуулийн шаардлагад нийцсэн, үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн Х дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” бааранд амь хохирогч С.М-ийг тэдний ширээнд андууран сууж, улмаар маргалдсан үйлдлийн улмаас толгой руу нь цохиж, бие махбодид нь их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэн, хүзүүний дээд баруун талын цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан, энэхүү гэмтлийн улмаас С.М-ийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

О.А нь хохирогч С.М-д учирсан хүнд зэргийн гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, ухамсарт үйлдлээрээ учруулсан, хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн бөгөөд энэхүү санаа, үйлдэл болон учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо байна гэж үзэн хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин прокуророос О.А-гийн дээрх гэмт үйлдлийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх шинээр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг баримтлан “хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээс хасагдсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алсан” гэм буруутайд тооцон ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаад, О.А-гийн гэмт үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж, мөн зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй боловч ийнхүү хэргийн зүйлчлэлийг өөрчлөх болсон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэрэг үйлдэгдэхээс өмнө болон хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч О.А, хохирогч С.М нарын хэн аль нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд О.А нь хохирогчийг цохих үедээ түүний биеэ хамгаалж чадахгүйг болон эсэргүүцэл үзүүлэх боломжгүйг урьдчилан мэдэж, түүний энэхүү байдлыг ашигласан гэх хүсэл зоригийн илэрхийлэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэх нь зүйтэй.

Мөн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль мөрдөгдөж эхэлсэн тохиолдолд “хууль буцаан хэрэглэх” зарчим үйлчилдэг бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хорих” ялтай, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “...арваас дээш арван таван жил хорих” ялтай болсон тул хөнгөн ялтай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөхөөр тогтоогдсон 9,702,803 төгрөгнөөс давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 2,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны дараа үлдэх 7,702,803 төгрөгийг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэлээ. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-гийн гомдолд дурдсан “талийгаачийн хүүхдүүдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүх уг заалтад өөрчлөлт оруулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол хангагдсан болохыг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 701 дүгээр магадлалд “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-г 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж,

Шүүгдэгч О.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөхөөр тогтоогдсон 9,702,803 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хангагдсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                           ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН