Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-19
Тогтоолын дугаар 24
Хэргийн индекс 151/2017/0289/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Т
Зүйл заалт 17.1.2.1.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б.Т-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар магадлалтай, 1734000000036 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ. 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Т-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 01 хоног хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Б.Т-т оногдуулсан 1 жил 01 хоног хорих ялыг 2 жил хорих ял болгон өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж Б.Т-ын эрх ашгийг ноцтой хохироож ялыг хүндрүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, гэм буруугаа хүлээж хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан хуульд заасан үндэслэлээр ялын доод хэмжээг доошлуулж 1 жил 01 хоног ял шийтгэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялыг хөнгөрүүлсэн үндэслэлийг үгүйсгэж гэмт хэрэг хийгээгүй, нотлогдоогүй, гэм буруугүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Б.Т-т хорих ял оногдуулах нь зүйтэй гэжээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг хэрэглэхдээ өмгөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэж маргаснаар ялыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Иймд магадлалын шүүгдэгч Б.Т-т 2 жил хорих ял шийтгэсэн заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.Т нь Д.Туяагийн орон байранд хууль бусаар нэвтрэн 100,000 төгрөг, гар утас хулгайлж 180,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдсон. Мөрдөн байцаалт болон шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан, хассан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч Б.Т болон өмгөөлөгч Б.Баярмагнай нарын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд шүүгдэгч гарын үсэг зураагүй өөр хүн зурсан, гомдлыг шүүгдэгчид танилцуулаагүй байхад давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Б.Баярмагнайгийн гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн ялыг хүндрүүлсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Т-т холбогдох хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуулиар тогтоосноос  хөнгөрүүлэх, чөлөөлөх журмыг шүүх хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Т-ийн гэрт нэвтэрч эд зүйл авсан болохоо үгүйсгээгүй боловч өр авлагад тооцож авсан тул хулгайлаагүй гэж буйг гэм буруугаа сайн дураар хүлээсэн гэж үзсэн үндэслэлээ анхан шатны шүүх тайлбарлахгүйгээр хорих ялыг хөнгөрүүлэн хэрэглэсэн нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-т өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө шүүгдэгчид урьдчилан танилцуулсан байхаар хуульчилсан нь гомдол болон түүний үндэслэлийн талаар нэгдмэл байр суурьтай байх нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд шүүгдэгч бие даан гомдол гаргаагүй тохиолдолд өмгөөлөгч шүүгдэгчийн хэргийн талаарх саналыг илэрхийлэх учиртай.

Өмгөөлөгч Б.Баярмагнай нь давж заалдах журмаар гаргасан гомдлоо шүүгдэгч Б.Т-т танилцуулаагүй нь өмгөөлөгчийн гомдол шүүгдэгчийн байр суурь гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийг арилгуулах арга хэмжээ авалгүйгээр шүүгдэгчийг гэм буруугийн асуудлаар маргаж буй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Т-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН