Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-19
Тогтоолын дугаар 25
Хэргийн индекс 105/2017/0525/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.Б
Зүйл заалт 145.2.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.Б-од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 748 дугаар магадлалтай, 201725011263 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 436 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 589 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 201 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, нийт 7 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-од холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Г.Б-ыг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлаж дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлтээр хулгайд алдагдсан гэх “Тошиба” маркийн зурагт дээрээс бэхжүүлж авсан 3 ширхэг гарын мөрүүдтэй хохирогч болон миний гарын мөр тохироогүй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг мөрүүд хэний гарын хурууны хээ болохыг огт шалгаагүй. Мөн гутлын мөрийн шинжилгээ миний өмсөж явсан гутлын мөртэй зөвхөн ерөнхий шинж тэмдгээрээ адил боловч нарийвчилсан тэмдэг болон гутлын размерийг тодруулаагүй. Уг мөрийг хулгай орсон айлын хашааны хаалганаас 3 метрийн зайтай газраас илрүүлсэн болохыг шүүх анхаараагүй. Энэ талаарх хүсэлтийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бичгээр гаргасан боловч анхааралдаа аваагүйгээс гадна шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр миний эрхийг хязгаарлаж, хангалттай бус нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг бүрэн шалгаж тодруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Г.Б-од холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгч Г.Б хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдэл дээрээ баригдсан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгчийн гомдлын хувьд яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргах ёстой байтал энэ хугацаанд хүсэлт гаргаагүй. Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарч, шүүх хуралдаан товлогдсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золбаяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргасан өөрөө нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 14-нээс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоот Ж.Э-ийн гэрээс 9 инчийн “Тошиба” загварын зурагтыг хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусдын ... агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн гэсэн үндэслэлээр хууль буцаан хэрэглээгүй анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.  

Хулгайд алдагдсан гэх “Тошиба” маркийн зурагт дээрээс бэхжүүлж авсан 3 ширхэг гарын хээ болон гутлын мөртэй холбоотой асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан байхад шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр миний эрхийг хассан гэх шүүгдэгчийн гомдлыг үзвэл:

2015 оны Эрүүгийн хуульд яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахаар хуульчилсан байх бөгөөд ингэхдээ энэ ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэлх 15 хоногийн дотор явагдахаар зохицуулжээ. Хэрэв дээрх хугацаанд хэргийн оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсхүл хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан бөгөөд нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн бол шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан товлогдох учиртай.

Хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх Г.Б-од холбогдох хэргийг хүлээн авч яллагдагчийг шилжүүлэх захирамж гаргаж, улмаар гэм бурууг хэлэлцэхээр товлосон шүүх хуралдаан хойшлогдсоны дараа буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хуулийн хугацаа дууссан хойно өмгөөлөгч Б.Зулбаяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг нь хангах үндэслэлгүй тул шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч Г.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 504 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 748 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН