Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 331
Хэргийн индекс 165/2017/0045/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч И.Ба- Б.Ар- нар
Зүйл заалт 215.2.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

И.Ба- Б.Ар- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Ар-ын өмгөөлөгч Э.Сайханаа, шүүгдэгч И.Ба-ы өмгөөлөгч С.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар магадлалтай 201708000022 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ар-ын өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй И.Ба-,

2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 152 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 9 хоног хорих ялыг тэнсэж суллагдсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 14-нд хугацаа дуусаж суллагдсан Б.Ар- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ар-, И.Ба- нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Ар-, И.Ба- нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 2 жил хасаж, 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ар-, И.Ба- нараас 1.838.143 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, 668.148 төгрөгийг хохирогч О.Зу-д, 562.790 төгрөгийг Д.Жа-д, 502.205  төгрөгийг Д.Ою-д, 105.000 төгрөгийг Б.Мя-д тус тус олгохоор, шүүгдэгч Б.Ар-аас 13.780.900 төгрөгийг гаргуулж И.Ба-д, шүүгдэгч И.Ба-аас 427.900 төгрөг гаргуулж Б.Ар-д олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзаж, шүүгдэгч нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг даалгаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ар-, И.Ба- нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...шүүгдэгч И.Ба-аас 427.900” гэсний араас “Hyundai porter маркийн 2691 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болох 1.760.000 төгрөг” гэж нэмж, 8 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил” гэж тус тус залруулсан байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ар-ын өмгөөлөгч Э.Сайханаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 16.15 дугаар зүйлийн 3, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй, хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтыг шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэг болгон заасан байхад давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналгүйгээр зөвхөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан байдалд дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй юм. Хэргийн газрын үзлэгээс “А” цэгийг байж болох цэг гэж үзсэнээс тухайн цэгт хэрэг учрал болсон цэг гэж тогтоогоогүй. Мөн хэрэг учрал болсон цэгийг тогтоогоогүй атлаа “А” цэгээр ослын схем зургийг зурж Б.Ар-ыг Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан нь бодит байдал болон хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон газрыг “А” гэж тэмдэглэж байгаа нь эргэлзээтэй, бусад нотлох баримтаар нөхцөлдөж батлагдахгүй байхад тухайн цэг нотлох баримтын эх сурвалж болох эсэхийг магадлах аргаар шалгаагүй. Мөн гэрч Ра-гийн мэдүүлэг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 008/026 дугаар шинжээчийн дүгнэлт харилцан зөрүүтэй зэрэг байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг болгосонд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн Хуулийн арвандөрөв дүгээр зүйлийн “...нотлох баримтыг шалгуулах...” гэсэн эрхийг үл хамгаалж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ар-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч И.Ба-ы өмгөөлөгч С.Ганбат хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, тоо зөрүүтэй, эргэлзээтэй байгаа тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулж өгнө үү гэж хэлж байсан. Шүүгдэгч И.Ба-ыг Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн боловч суурин газраас гадна 80 км/ц-аас илүүгүй хурдтай явна гэж заасныг зөрчөөгүй, мөн 5 шинжээчийн дүгнэлтээр 50 км/ц-ийн хурдтай явсан байна гэсэн. Суурин газар хурдыг 60 км/ц-аас хэтрүүлэхгүй гэснийг мөн зөрчөөгүй тул И.Ба-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ар-, И.Ба- нар нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж, улмаар тэнсэж хянан харгалзаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ар-ын өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ар-, И.Ба- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Б.Ар-, И.Ба- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн тэнсэж хянан харгалзахдаа Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт болон түүнийг хэрэглэх үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэхээр зохицуулсан байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж байгаа шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж буруу дүгнэн, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулахаар хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нотлох баримтын агуулгыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг зөрчжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийг буруу ойлгож шийтгэх тогтоолд агуулгын шинжтэй залруулга хийсэн бөгөөд уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Иймд шүүгдэгч Б.Ар-ын өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ар-ын өмгөөлөгч Э.Сайханаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР                                  

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН