Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-13
Тогтоолын дугаар 312
Хэргийн индекс 132/2017/0254/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Ц.А
Зүйл заалт 12.1.4.
Улсын яллагч Х.Батчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 

Ц.А-д оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 156 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалтай, Ц.А-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, Г овогт Ц-гийн А нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 23 жил хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 156 дугаар шүүгчийн захирамжаар “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жил 4 сар 26 хоног хорих ял болгон дүйцүүлэн хасч, ялтан Ц.А-гийн эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалаар “Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтын “Ялтан Ц.А-гийн 6 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хоригдол Ц.А-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, “Хоригдол Ц.А-гийн өмнө нь биечлэн эдэлсэн хорих ял, шагналын хоногийн тооцоог нэг бүрчлэн гаргаж, шинээр тогтоосон хорих ялаас нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хасч тооцох асуудлыг тухайн хорих байгууллагад мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, хоригдол Ц.А-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 429 дүгээр анги саналдаа “Ялтан Ц.А нь 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар биеэр 10 жил 4 сар 19 хоног, шагналын 1 жил 8 сар 26 хоног, нийт эдэлсэн 12 жил 1 сар 15 хоног, үлдсэн 6 жил 3 сар 11 хоног байна” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 156 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгон дүйцүүлэн хассугай гэжээ. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд давтан гэдэг шинж хасагдсан байхад шат шатны шүүхээс ялтан Ц.А-гийн нийт эдэлсэн ялын үлдсэн ялд нь дүйцүүлэн ялыг өөрчилж хөнгөрүүлсэн байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг тогтоож, ялтан Ц.А-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ялтан Ц.А-гийн үйлдсэн гэмт хэрэг болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дүйцүүлэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах жишиг аргачлалын хүрээнд ялыг 18 жил 4 сар 26 хоногоор тогтоосон нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

 

Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээгээр дүйцүүлэн хасахыг ойлгоно.

 

Нийтлэг баримтлах зарчим нь шүүх биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялыг шинэ хуулиар тогтоосон хэмжээтэй харьцуулж, уг багассан хувь хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчлөх, ийнхүү өөрчилснийг үндэслэн шинээр ял оногдуулах ажиллагаа хийгдэхгүй.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ арван таваас дээш, дээд хэмжээ нь хорин таван жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг арван хоёр жил, дээд хэмжээг хорин жилээр тогтоож, ялын доод болон дээд хэмжээ багассан байх бөгөөд шинээр батлагдсан хуулийн хорих ялын хэмжээнд дүйцүүлэн ялтан Ц.А-гийн ялыг багасгаж шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх ялтан Ц.А-д шүүхээс анх оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах хэмжээг тогтоож, уг хэмжээнээс түүний биеэр эдэлсэн хорих ял болон шагналын хоногийг хасаж тооцсоныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 156 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН