Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 332
Хэргийн индекс 132/2017/0088/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Т.Мө-
Зүйл заалт 145.3.
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Т.Мө-ад оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 212 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дүгээр магадлалтай ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Т.Мө-ын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, 1990 оны 06 дугаар сарын 28-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1991 оны 07 дугаар сарын 08-нд Өршөөл үзүүлэх хуулиар суллагдсан,

1993 оны 05 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 117 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жил хорих ял,

1997 оны 03 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 5 жил 6 сар хорих ял,

2004 оны 04 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жил хорих ял шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг 2008 оны 07  дугаар сарын 02-нд 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял болгон өөрчилж, 2009 оны 02 дугаар сарын 12-нд хугацаа дуусаж суллагдсан,

2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан Т.Мө- нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан, орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт Сонгионохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор 8 жил 6 сар хорих ял шийтгүүлж, одоо уг ялыг эдэлж байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Т.Мө-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан ялтай дүйцүүлэн 6 жил 3 сар 26 хоног хорих ял болгон хасаж, Т.Мө-ад оногдуулсан 6 жил 3 сар 26 хоног хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 4 жил 9 сар 9 хоног хорих ялыг хасаж, эдлэх ялыг 1 жил 6 сар 17 хоног хорих ял тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...17.1 дүгээр зүйлийн 2.3” гэснийг “...17.1 дүгээр зүйлийн 2.1” гэж өөрчилж, захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Т.Мө-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Т.Мө- гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт надад шинэ Эрүүгийн хуулиар оноосон их хэмжээний эд хөрөнгийг гэдэг хэмжээ нь 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээнд хүрэхгүй байгааг тогтоосон хирнээ зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэж өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу, өөр утга агуулгаар ойлгож хэрэглэсэн байна гэж үзэж давж заалдах шатны шүүхийн алдааг засаж зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар тогтоож өгөхийг, эсхүл урьд нь надад 5 жилээс 10 жил хорих ялтай зүйлчлэлээр 8 жил 6 сар хорихоор оноосон ялыг 2 жилээс 8 жил хорих ялтай зүйлчлэл болгож шилжүүлсэн юм чинь 3 жил 4 сар 8 хоног хорих ялаар тогтоон зөвтгөж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Т.Мө-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай материалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах үндэслэлийг тус тус тодорхойлон заасан.

Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулах ялын хэмжээнээс их байвал шүүх ялыг шинэ хуулийн ялын агуулга, хэмжээнд дүйцүүлэн хасаж тооцох тухай ойлголт юм.

Анхан шатны шүүх Т.Мө-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй дүйцүүлэн ял хасах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэх шинжтэй дүйцүүлэн өөрчилсөн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх ял эдэлж байгаа хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхдээ Т.Мө-ын эдлэх ялыг 6 жил 3 сар 26 хоног хорих ял болгож, 43 хоногийг дутуу тооцож хассан байх тул ялтны эдлэх ялыг 6 жил 2 сар 13 хоног хорих ял болгон тогтоож зөвтгөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, ялтан Т.Мө-ын гаргасан гомдлоос ял дүйцүүлэн оногдуулахад гарсан алдааг зөвтгөх гэсэн хэсгийг хүлээн авч, харин хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг багасган тогтоох гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 214 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр магадлалд: “6 жил 3 сар 26 хоног хорих ял болгон хассугай” гэснийг “6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурав/ хоног хорих ял болгон хассугай” гэж өөрчилж, шүүгчийн захирамж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Т.Мө-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН