Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 335
Хэргийн индекс 106/2015/0120/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Л.Ө
Зүйл заалт 091.2.9, 091.2.10, 091.2.11, 091.2.16
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Л.Өлзийбадралд оногдуулсан хорих ялыг

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд

нийцүүлэн хасах тухай

            Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар магадлалтай, Л.Өлзийбадралд холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Л.Өлзийбадралын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 21-нд төрсөн, эрэгтэй, Иөншөөбү овогт Лхагвадашийн Өлзийбадрал нь

1. 2000 оны 8 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны хуулиар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2. 2004 оны 6 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 25 хоног хорих ялын зарим болох 3 жил 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 5 дугаар сарын 5-нд эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

 3. 2010 оны 6 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар 24 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялаас 6 сарыг нэмж, нийт 24 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

 4. 2011 оны 4 дүгээр сарын 6-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.9, 91.2.10, 91.2.11, 91.2.16-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 19 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацагаар тогтоосон, одоо хорих ял эдэлж байгаа.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Л.Өлзийбадралд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 91.2.2, 91.2.7, 91.2.11, 91.2.12-д зааснаар оногдуулсан 24 жил 6 сарын хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 19 жил 8 сар 8 хоног хорих ял болгон өөрчилж, Л.Өлзийбадралд оногдуулсан 19 жил 8 сар 8 хоног хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 9 жил 4 сар 14 хоногийг хасаж, эдлэх ялыг 10 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож,  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн 223 дугаар захирамжийг хэвээр үлдээж, ялтан Л.Өлзийбадралын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ялтан Л.Өлзийбадрал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Л.Өлзийбадрал миний бие Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 76А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар 24 жил хорих ял, үүн дээр Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн зарим ял болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 24 жил 6 сар хорих ялаар шийтгэгдсэн. Энэхүү ялаа эдэлж байх хугацаандаа Булган аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор хүнийг санаатай алахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.9, 91.2.10, 91.2.11, 91.2.16-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 19 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 25 жил хорих ял шийтгүүлсэн. Миний бие 76А тогтоолоор тулгаж тасалсан гэмт хэргийг үйлдээгүй. Уг гэмт хэргийг үйлдсэн Энхбаяр гэгч нь өс хонзонгийн улмаас намайг энэ гэмт хэрэгт гүтгэсэн. Би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд миний гомдол дээр бичсэн зүйлийн тухай огт хэлэлцээгүй байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хурал болсноос хойш 18 хоногийн дараа надад гардуулж хүлээн авсныхаа маргааш нь Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан боловч тухайн үеийн хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлийн албаныхан “гомдол хүлээн авах хугацаа хэтэрсэн” гээд гомдлыг хүлээн аваагүй. Би тэр үед гомдол гаргах эрхээ сэргээлгэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан ч надад ямар ч хариу ирээгүй. Ингээд сэтгэл санаа цочрол орсон үедээ би шоронд удаан суусан хоригдлуудад дээрэлхүүлэхгүй гэсэндээ тэдэнтэй муудалцан зодолдож улмаар мэс хэрэглэж бусдад хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед надад хохирогч А.Мөнхтүлхүүр, Г.Мөнх-Эрдэнэ нарын амь насыг хохирооё гэсэн бодол үнэхээр байгаагүй. Үнэндээ А.Мөнхтүлхүүр болон Г.Мөнх-Эрдэнэ нарын амь насыг хохироох бодол надад байсан бол гэмт хэргийг туйлд нь хүргэх боломжтой байсныг гэрч, хохирогч нар мэдүүлдэг. Тухайн үед би өөрт холбогдуулсан хоёр гэмт хэргийн талаар дээд шатны шүүхэд шударгаар хянуулж чадаагүй юм. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд “зарим болох” гэсэн ойлголт хасагдсан бөгөөд миний хорих ялд 2 удаа нэмж нэгтгэсэн ял орсон байдаг. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж миний хорих ялд нэмж нэгтгэсэн ял болох 6 жил хорих ял, 6 сар хорих ял зэргүүдийг хэрэгсэхгүй болгож хоригдол намайг “зарим болох” нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүх Л.Өлзийбадралд оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д заасан ялд дүйцүүлэн хасахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон.

            2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч тооцно.

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Л.Өлзийбадралд Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91.2.9, 91.2.10, 91.2.11, 91.2.16-д зааснаар 6 жил хорих оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 24 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 22 жил 5 сар 15 хоног хорих ялын зарим болох 19 жилийг нэмж, биечлэн эдлэх ялыг 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон хорих ялын дээд хэмжээ болох 25 жил хорих ялаар тогтоожээ.

Гэтэл анхан шатны шүүх ялтан Л.Өлзийбадралд сүүлчийн тогтоолоор буюу Булган аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жил хорих ялыг хэрхэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр түүнд өмнөх буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 76А дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 24 жил хорих ял дээр, өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлүүлэхээр тогтоосон 24 жил 6 сар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасч хууль буцаан хэрэглэх журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Л.Өлзийбадралд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 25 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хорих ялын дээд хэмжээ болох 20 жилд нийцүүлж өөрчлөх үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамж, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Харин ялтан Л.Өлзийбадралын хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэгтгэгдсэн ялуудыг хасуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгохоор нь хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Ялтанд шүүхээс оногдуулсан ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах асуудлыг шүүх хянан шийдвэрлэхдээ урьд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг ялтны гомдлоор дахин хянан хэлэлцэх, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг өөрчлөн тогтоох, улмаар өөрчлөн тогтоосон хэргийн үйл баримтыг үндэслэн зүйлчлэл болон ялд өөрчлөлт оруулах эрхгүй тул ялтан Л.Өлзийбадралын урьд нь ял шийтгүүлсэн хэргүүдийг дахин хянуулах агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар магадлалд

“Ялтан Л.Өлзийбадралд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 28 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.9, 91.2.10, 91.2.11, 91.2.16-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 76А дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 24 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 22 жил 5 сар 15 хоног хорих ялын зарим болох 19 жилийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 25 жил хорих ялаар тогтоосныг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнд дүйцүүлэн 20 /хорь/ жил хорих ял болгон тогтоосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, ялтан Л.Өлзийбадралын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ,                                                           Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН