Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 336
Хэргийн индекс 106/2015/0120/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.А
Зүйл заалт 091.1.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

     Б.Ариунболдод оногдуулсан хорих ялыг

шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд

нийцүүлэн хасах тухай

            Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Б.А-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Б.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 оны 6 дугаар сарын 17-нд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Б.А нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 17 жил хорих ял  шийтгүүлсэн, одоо хорих ял эдэлж байгаа.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Б.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар оногдуулсан 17 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 13 жил 7 сар 9 хоног болгон өөрчилж, Б.А-д оногдуулсан 13 жил 7 сар 9 хоног хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 5 жил 1 сар 12 хоногийг хасаж, эдлэх ялыг 8 жил 5 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 86 дугаар захирамжийг хэвээр үлдээж, ялтан Б.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ялтан Б.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Надад хуучин Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал гэж тогтоогдож байсан, шинэ Эрүүгийн хуулиар ингэж хүндрүүлэхийг хориглосон “ялтай байхдаа”, “архидан согтуурсан үедээ”, “дахин гэмт хэрэг үйлдсэн” гэсэн 3 нөхцлөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил 7 сар 9 хоногийн ялаас оногдох хугацаа хасагдах үндэлэлтэй. Мөн надаас 20 хүрэхгүй хувийн ял хассан. Энэ хэмжээг 30 хувь хүртэл болгож миний оногдох ялаас хасч өгнө үү.” гэжээ

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч тооцно.

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн ялтан Б.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар оногдуулсан 17 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хасаж, 13 жил 7 сар 9 хоног болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Б.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Б.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ,                                    Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН