Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-22
Тогтоолын дугаар 342
Хэргийн индекс 105/2017/0351/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч З.Г, Д.А
Зүйл заалт 148.4.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

                     З.Г, Д.А нарт холбогдох

                      эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч З.Г-ийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, хохирогч Б.Баярцэцэг, Б.Баярмаа, Т.Үүрийнтуяа, Н.Сэрээнэнхорлоо нарын өмгөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлалтай, 201625013347 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

   1.Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Самбаа овогт З.Г,

   2.Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2010 оны 11 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, Өндөрийнхөн овогт Д.А нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч З.Г, Д.А нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч З.Г, Д.А нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Г-д 5 жил хорих, шүүгдэгч Д.А-д 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-гаас 71.000.000 төгрөг, шүүгдэгч Д.А-гаас 6.000.000 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-гаас 71.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.А-гаас 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ч.Өнөржаргалд 3.500.000 төгрөг, Б.Пүрэвсүрэнд 5.000.000 төгрөг, Ч.Өнөртунгалагт 3.500.000 төгрөг, Я.Солонгод 3.500.000 төгрөг, Г.Дүгэрсүрэнд 10.000.000 төгрөг, З.Бадамд 3.500.000 төгрөг, Б.Мөнхшүрд 3.500.000 төгрөг, Л.Болор-Эрдэнэд 3.500.000 төгрөг, О.Сумьяад 3.500.000 төгрөг, Э.Базарсадад 3.500.000 төгрөг, Ц.Доржхоролд 3.600.000 төгрөг, Ц.Юндэндоржид 3.500.000 төгрөг, Б.Баярцэцэгт 7.100.000 төгрөг, Н.Сэрээнэнхорлоод 3.100.000 төгрөг, Б.Баярмаад 7.500.000 төгрөг, Т.Үүрийнтуяад 9.300.000 төгрөг тус тус олгосугай” гэж өөрчлөн,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн хүүхдүүд болох Б.Ариунбуян, Б.Ариунгэрэл, Б.Ариунтунгалаг нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Д.А, хохирогч Б.Баярцэцэг, Н.Сэрээнэнхорлоо, Б.Баярмаа, Т.Үүрийнтуяа, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.А холбогдсон хэргийнхээ талаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл түүнд холбогдох хэргийг үндэслэлтэй, бүрэн гүйцэд шалгаагүй. Д.А нь анх 2015 оны 9 дүгээр сард хашаа түрээслэнэ гэсэн зарын дагуу очиж Гэрэлмаатай танилцсан. Тэрээр Гэрэлмаатай 2 удаа хамт явсан. Хохирогч нараас дансаар болон бэлнээр нэг ч төгрөг аваагүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.А нь “Гэрэлмааг дагаж яваад хүнээс мөнгө авахыг харсан, би мөнгө аваагүй, Гэрэлмааг худал ярьж бусдыг залилж мөнгө авч байсныг сүүлд мэдсэн” гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Гэрэлмаагийн “хохирлын мөнгийг би ганцаараа хэрэглэсэн. Хэрэв Д.А бусдыг залилсан бол бүх хохирогчтой уулзах байсан. Бас өөрөө мөнгийг авах байсан” гэх мэдүүлэг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд авагджээ. Дээрх байдлуудаас дүгнэхэд прокуророос тогтоож ирүүлсэн 16 хохирогчийн хэдээс нь, тухайлбал хэн хэнийг залилахад Д.А оролцож, хэдэн төгрөг авсныг нарийвчлан тогтоож чадаагүй байна. З.Г нь өөрийн банкны дансаар 70.000.000 төгрөг авсан. Харин Д.А нь дээрх мөнгөнөөс авсан зүйл харагддаггүй. Гэрэлмаа ч өөрөө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.А мөнгө аваагүй талаар мэдүүлдэг. Хэргийн зүйлчлэл тохирсон гэдэгт эргэлзээтэй байна. Хэрэв 6.000.000 төгрөг залилсан гэж үзвэл хохирлын ямар ангилалд хамаарах вэ. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар үлэмж хэмжээний хохиролд хүрэхгүй, бага хэмжээний хохиролд хамаарч байна. Гэтэл бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж яллаж байгаа нь буруу юм. Д.А-гийн хэрэгт оролцсон оролцоог хангалттай нотолж тогтоож чадаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэх Д.А-гийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр тогтоох, түүнд оногдуулах хорих ялын хэмжээ үйлдсэн хэргийнх нь хүнд хөнгөн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шаардлагыг хангаагүй. Энэ асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс онцгойлон анхаарч, үндэслэлтэй нягталсангүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчлөө. Түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тогтоогоогүй байна.

Д.А, З.Г нарын үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар “бүлэглэсэн” гэж зүйлчлээгүй орхигдуулсан. Д.А, З.Г нарын хохирогчдыг залилахад тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоог хангалттай гаргаж зааглаж өгөөгүй. Д.А нь хийсэн үйлдлээ ойлгодог, маш их гэмшдэг, урьд нь тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхөн төлнө. Дахин ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй гэдэг. Хамгийн гол нь Д.А-гийн 5-12 насны 3 хүүхэд ямар ч хараа хяналтгүй үлдлээ. Мөн магадлалд шийтгэх тогтоолын дугаарыг 308 гэж буруу бичсэн байгааг залруулна уу. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.Г-гийн өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан. З.Цэнгэнбаяр өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна” гэв.

Хохирогч Б.Баярцэцэг, Б.Баярмаа, Т.Үүрийнтуяа, Н.Сэрээнэнхорлоо нарын өмгөөлөгч Г.Намуун хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байсан бол шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн. Хохирогч нарын хохирол төлбөр барагдаагүй, гомдолтой байгаа” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ гэмт хэргийн гүйцэтгэгч нь З.Г, харин Д.А нь хамжигчаар хамтран оролцсон байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Иймд Д.А-гийн оролцсон үйлдлийн хохирлын хэмжээг харгалзан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх, харин шүүгдэгч З.Г-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.А, З.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч З.Г, Д.А нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Г нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа болон шүүгдэгч Д.А-тай бүлэглэн, удаа дараагийн давтан үйлдлээр “БНСУ руу виз гаргаж, явуулна” гэж хуурч мэхлэн нэр бүхий 16 хохирогчоос нийт 77.100.000 төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч З.Г-гийн үйлдсэн гэмт хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглээгүй, Д.А-д оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, гэм буруу, хохирлын хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Пүрэвсүрэнгээс 5.000.000 төгрөг, З.Бадамаас 3.500.000 төгрөг, Б.Мөнхшүрээс 3.500.000 төгрөг, О.Сумьяагаас 3.500.000 төгрөг, Ц.Доржхоролоос 3.600.000 төгрөг, Б.Баярцэцэгээс 7.100.000 төгрөг, Н.Сэрээнэнхорлоогоос 3.100.000 төгрөг, Б.Баярмаагаас 7.500.000 төгрөг, Т.Үүрийнтуяагаас 9.300.000 төгрөг, нийт 46.100.000 төгрөг залилан мэхлэж авсан хэргийг шүүгдэгч Д.А-тай бүлэглэн үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Д.А нь дээрх үйлдэлд хамжигч хэлбэрээр хамтран оролцсоныг дүгнээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар шүүгдэгч З.Г-гийн хохирогч Ч.Өнөржаргалаас 3.5 сая төгрөг, Ч.Өнөртунгалагаас 3.5 сая төгрөг, Я.Солонгоос 3.5 сая төгрөг, Г.Дүгэрсүрэнгээс 10 сая төгрөг, Л.Болор-Эрдэнээс 3.5 сая төгрөг, Э.Базарсадаас 3.5 сая төгрөг, Ц.Юндэндоржоос 3.5 сая төгрөг тус тус залилан авсан үйлдэлд шүүгдэгч Д.А нь хэрхэн хамтарч оролцсон талаар хохирогч, гэрч нар тодорхой мэдүүлээгүй, өөрөөр хэлбэл Д.А-г дээр дурьдсан хохирогч нарыг залилан мэхлэхэд хамтран оролцсон гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч… шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд… эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” зарчмыг баримтлан шүүгдэгч Д.А-д холбогдох бусадтай бүлэглэн хохирогч Ч.Өнөржаргал, Ч.Өнөртунгалаг, Я.Солонго, Г.Дүгэрсүрэн, Л.Болор-Эрдэнэ, Э.Базарсад, Ц.Юндэндорж нарын 7 хүнээс 31 сая төгрөг залилан мэхлэж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.А-г хохирогч Б.Пүрэвсүрэн, З.Бадам, Б.Мөнхшүр, О.Сумьяа, Ц.Доржхорол, Б.Баярцэцэг, Н.Сэрээнэнхорлоо, Б.Баярмаа, Т.Үүрийнтуяа нарын 7 хүнийг хуурч мэхлэн, нийт 46.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоол болон магадлалд зохих өөрчлөлт оруулж, өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлоос “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолын дугаар нь “398” гэж тэмдэглэгдсэн байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа шийтгэх тогтоолын дугаарыг “308” гэж буруу тэмдэглэн, техникийн шинжтэй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхийн тогтоолоор засч, энэ талаар магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлалын тогтоох хэсэгт

1.“Прокуророос шүүгдэгч Д.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс бусадтай бүлэглэн хохирогч Ч.Өнөржаргал, Ч.Өнөртунгалаг, Я.Солонго, Г.Дүгэрсүрэн, Л.Болор-Эрдэнэ, Э.Базарсад, Ц.Юндэндорж нарын 7 хүнээс 31 сая төгрөг залилан мэхлэж авсан гэх холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай”,

“шүүгдэгч Д.А-г хохирогч Б.Пүрэвсүрэн, З.Бадам, Б.Мөнхшүр, О.Сумьяа, Ц.Доржхорол, Б.Баярцэцэг, Н.Сэрээнэнхорлоо, Б.Баярмаа, Т.Үүрийнтуяа нарын 7 хүнийг хуурч мэхлэн, нийт 46.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээтэй хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.”,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 725 дугаар магадлалд шийтгэх тогтоолын дугаарыг “308” гэж тэмдэглэснийг “398” болгож өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                   

 

                               ДАРГАЛАГЧ,                                                           Б.ЦОГТ

                             ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН